УИХ-ын нэгдсэн чуулганаар Ж.Батзандан гишүүний санаачилсан хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэхээр боллоо.
Нэмэлт өөрчлөлтийн гол гурван санал:
1. Уг хуулийн төсөлд төрийн улс төрийн, захиргааны болон тусгай албаны удирдах албан тушаалтан нь албан тушаалаа гүйцэтгэж байх хугацаанд болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр /нөхөр/, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг, эхийн нэр дээр оффшор компани байгуулах, оффшор банк, банк бус санхүүгийн байгууллагад оффшор данс эзэмшихийг хориглох явдал юм.
2. Дээр дурдсан албан тушаалтан нь албан тушаалаа гүйцэтгэж байх хугацаанд болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр /нөхөр/, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг, эхийн нэр дээр гадаад улсын банк, банк бус санхүүгийн байгууллагад хадгаламжийн болон харилцах данс эзэмших, банкны зээл авах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон гадаад улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, компанийн үнэт цаас эзэмших тохиолдолд тухай бүр Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж байх тухай тусгасан.
3. Төрийн нууц, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлын үүднээс гадаад улсын харьяат эхнэр /нөхөр/-тэй Монгол Улсын иргэн дээр дурдсан албан тушаалд сонгогдох буюу томилогдох тохиолдолд түүнийг томилох эрх бүхий албан тушаалтан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэж байх, дээрх зохицуулалт нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтанд нэгэн адил хамаарахаар тусгажээ.
Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хурал дээр гишүүд асуулт асууж, үг хэлсэн гишүүд хуулийн төслийн оффшор гэсэн нэр томъёо нь оффшор бүс, оффшор банк, оффшор данс гэсэн ойлголттой уялдаа муутай байгаа, гэр бүлийн байдлаас болоод төрийн албан хаагчдад тодорхой хязгаарлалт тогтоох нь манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудтай зөрчилдөж болзошгүй байгаа учраас томъёоллоо нарийвчилж оновчтой болгох, хуулийн зохицуулалтад хамрагдах албан тушаалтнуудын хүрээг хумих хэрэгтэйг сануулж гишүүдийн олонх нь энэ хуулийг хэлэлцэхийг дэмжээгүй юм.
Харин өнөөдөр УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Хуулийн нэршил:
Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлыг дэмжсэн талаар төсөл санаачлагч Ж.Батзандан ингэж жиргэжээ.
Харин энэ хуулийн ялангуяа гадаадын иргэнтэй гэр бүл байх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэж байх тухай заалтыг УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэрбээр энэ талаар өөрийн албан ёсны твиттердээ ингэж жиргэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!