Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Хууль батлагдвал II сард тэтгэвэр олгохдоо нэгдүгээр сарын тэтгэвэр болон хүүнд суутгасан мөнгийг буцааж өгнө"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Хуулийн төсөл энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх байх. 

Нийт 229 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй бол 180 мянган ахмад тэтгэврийн зээл аваагүй байна.

Нийт тэтгэврийн зээлтэй байгаа иргэдийн 90 хувь нь буюу 207 мянган ахмад нь 6.0 саяас доош төгрөгийн зээлтэй. Өөрөөр хэлбэл, 10 саяас дээш зээлтэй нийт 5,000 хүн байна.
 
Иймд зургаан саяас доош төгрөгийн зээлтэй иргэдийн зээлийг 100 хувь чөлөөлөөд түүнээс дээш тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг хувилж бууруулан, иргэдэд тэгш хандах ёстой гэсэн санал ​Засгийн газрын хуралдаанаар гарсан.

Иргэдэд тэгш хандах ёстой гэсэн үүднээс энэ асуудал УИХ-д хэлэлцэгдэх байх.

Цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох нь зүйтэй гэсэн саналтай байна.

Хууль батлагдвал ХНХЯМонголбанктай санамж бичиг байгуулах замаар тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг зогсоож, 3 хүртэл сарын, хүүгүй, тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүнийг гаргах чиглэлээр Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран ажиллана.

Бонд гаргаж, тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх арга хэмжээ авахад нэмж цаасан мөнгө хэвлэхгүй. Өөрөөр хэлбэл, иргэдийн нэгэнт авсан зээлийг бичилт хийх замаар хаах учраас зэх зээлд нийлүүлэх бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэхгүй. Тиймээс инфляц болон валютын ханшид сөргөөр нөлөөлөхгүй.

Мөн Цагаан сарын өмнө тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх ажлыг бүрэн дууссан байхаар хуулийн төслийг боловсруулж, тооцоо судалгаа хийсэн.

Энэ хуулийн боловсруулалт нь нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр тооцсон учраас хэрвээ хууль батлагдвал хоёрдугаар сард тэтгэвэр олгохдоо нэгдүгээр сарын зээл болон зээлийн хүүнд суутгасан мөнгийг тэтгэвэр дээр нь нэмж буцаан олгох чиглэлээр бид Монголбанктай ажиллаж байна.

Түүнчлэн бид ирэх долоо хоногт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газоын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн.

Одоогоор бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310,000 төгрөг. НДС-аас тэтгэвэр авч буй иргэдийн дийлэнх нь бага тэтгэвэр авч байгаа учраас бүрэн тэтгэврийн хэмжээг нэмэх нь зүйтэй гэдэгт би санал нэг байдаг.

Гэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг огцом нэмэх нь тэтгэвэр боддог аргачлал, зарчимтайгаа зөрчилдөх сөрөг талтай.

Бүрэн тэтгэврийн хэмжээг 500 мянгад хүргэхээр болбол 600 тэрбум орчим төгрөгийн нэмэлт эх үүсвэр хэрэгтэй гэсэн тооцоо байна.

Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр, бусад тэтгэврийн хэмжээг 30 мянган төгрөг нэмэгдүүлэхээр урьдчилсан тооцоог хийж байгаа" гэлээ.

Өндөр настны тэтгэврийн даатгалын төрлийг ЭНД дарж харна уу.