Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Иргэдийн аюулгүй байдлыг хангахаар 100 гаруй сая төгрөгөөр төв талбай дээрх чулуунуудыг байрлуулсан

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хоёр хоногийн өмнө Д.Сүхбаатарын талбай дээр дөрвөлжин чулуунуудыг байрлуулсан. Тухайн чулуунуудыг ямар учраас байрлуулсан талаар тайлбар өгөх хүн олдоогүй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Төрийн тусгай хамгаалалтын албаныхныг дуудаж тайлбар авжээ.

"Чулууны том нь 320 килограмм, жижиг нь 220 килограммын жинтэй"

 

Төрийн тусгай хамгаалалтын газрын орчлогч дарга Б.Алтаншагай “Д.Сүхбаатарын талбайд Төрийн ёслолын хүндэтгэлийн болон олон нийтийн олон арга хэмжээ болдог. Зуны улиралд ч залуус, хүүхдүүд тоглож нааддаг.

Гэвч 2016, 2017, 2018 онд Д.Сүхбаатарын талбай руу согтуугаар тээврийн хэрэгсэлтэй нэвтэрч, автомашин хулгайлсан иргэн зугтаж яваад жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон зэрэг хэрэг гарч байсан.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн есдүгээр сард Төрийн ёслолын арга хэмжэний үеэр Цагдаагийн хамгаалалтын саадыг нэвтэрч орсон тохиолдол гарч байсан.

Иймд бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор эдгээр чулуунуудыг байрлуулсан. Энэ бол 2018 оны есдүгээр сараас хойш төлөвлөгдсөн асуудал.

Чулууны том нь 320 килограмм, жижиг нь 220 килограммын жинтэй.

Харин дөрвөлжин байгаагийн шалтгаан нь суурь сайн учраас жолоодлогоо алдсан эвсэл техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэл талбай руу орох гэсэн тохиолдолд саад учруулж бүрэн зогсоох зориулалттай.

АНУ, Япон, ОХУ зэрэг бусад оронд ч ялгаагүй дөрвөлжин хэлбэртэйгээр хийгдсэн байдаг.

Бид дөрвөлжин дизайны тухайд ярилцаж байгаад хийсэн. Гэхдээ дизайны хувьд архитекторын газраас дахиад шийдэл гаргаж өгвөл бид татгалзахгүй" гэсэн юм.

"Бид үүнийг ийм байдалтай шууд хүлээж авахад шаардлага хангахгүй"

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Төрийн тусгай хамгаалалтын газраас иргэдийн аюулгүй байдалтай холбоотойгоор ийм ажил хийж байгааг ойлгож байна. Гэхдээ хотын гудамж зам талбайн өнгө, дизайн нь хоорондоо уялдах ёстой.

Тиймээс бид үүнийг ийм байдалтай шууд хүлээж авахад шаардлага хангахгүй.

Зайлшгүй хийх ёстой ажил гэдгийг иргэд ч маш сайн ойлгож байгаа байх. Гэхдээ үүнийг хот байгуулалтын газартай хамтарч харагдах байдал зохицолдолгоог дахин анхаарах хэрэгтэй" гэдгийг онцлов.

Харин өртөгийн хувьд иргэдийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна гэж үзэн нийслэлийн төсвөөс 100 гаруй сая төгрөг гарсан гэдгийг Хотын захирагч С.Амарсайхан нэмж хэлсэн юм.