Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

П.Алтанхуяг: "Цөмөөхэй" балетаар нийгэмд яагаад урлаг хэрэгтэй гэдгийг ойлгуулна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг болон заллуу бүжигчид “Цөмөөхэй” балетийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

П. И.Чайковскийн “Щелкунчик” балетыг МУГЖ балетчин Д.Алтанхуяг 2014 онд “Цөмөөхэй” нэрээр тайзнаа амилуулснаар зургаа дахь жилтэйгээ золгожээ.

УДБЭТ-т энэ сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд тоглогдох “Цөмөөхэй”-гийн эхний өдрийн тоглолтод Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булганы хамт гол дүрд тоглох аж.

Цөмөөхэй балетийн нэг тоглолтод 200 гаруй хүүхэд тоглодог бөгөөд жил жилийн тоглолтод тоглох хүүхдүүд нь ч шинэчлэгдэн, шинэ дүр төрхтэйгээр хүрдэгээрээ онцлог байдаг юм.

"Бид 21 аймагт энэ урлагийг хүргэх хүсэлтэй байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Монголын балетын хөгжил сангийн тэргүүн МУГЖ П.Алтанхуяг хэлэхдээ “Урлаг бол хүүхдэд чадна гэсэн итгэл, төлөвшлийг бий болгодог. Ялангуяа сонгодог урлаг бол асар үнэ цэнтэй. Хүүхдүүд аль нэг дүрд тоглоод бүтэн хоёр цагийн балетыг бий болгосон гэцгээн баярладаг.

Бид жил бүх есдүгээр сарын сүүлээр бүх нийтээр сонгон шалгаруулалт явуулан хүүхүүдээ бэлтгэдэг. Тоглолтод оролцсон хүүхэд тухайн дүрд тоглосноор заавал балетчин болох албагүй. Оролцох 200 хүүхдээс ердөө ганц нь л балетчин болж ч магадгүй.

Хамгийн гол нь тэр хүүхэд бидэнтэй тоглосноор наад зах нь тайзны ард ямар амьдрал явж байгааг харах боломжтой" гэсэн юм.

Мөн тэрбээр, "Цөмөөхэй" зөвхөн тоглолт биш бөгөөд нийгэмд яагаад урлаг хэрэгтэй гэдгийг ойлгуулах зорилготой юм.Зарим хүмүүс сонгодог урлагийг мэдэхгүй, ойлгохгүй гэцгээдэг. Харин би яг хаяанд чинь байна гэж хэлмээр байна. 

Хэрвээ бид нийгэмдээ энэ урлагийг сайтар хөгжүүлж чадвал хэн ч Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзан дээр гарах боломжтой.

Тийм болохоор ч бид 21 аймагт энэ урлагийг хүргэх хүсэлтэй байна. Энэ тал дээр хамтарч ажиллахад Монголын балетын хөгжил сан нээлттэй" гэдгийг онцлов.

"Цөмөөхэй бол хүүхэд бүрийн хүлээдэг балет юм"

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Б.Саруул “Дуурь, бүжгийн эрдмийн театрын урын санд Цэнхэр нүдэн бүсгүй, Дэггүй лиз гэх балет нэмэгдсэн.

Мэдээж хүүхдийн балетыг улам нэмэх шаардлагатай. 

Харин Цөмөөхэйн хувьд хүүхэд болгон жил бүр хүлээдэг балет юм. Бид аль болох л хүүхдүүдтэйгээ ойр байж, хүүхдийг энэ урлагаар хичээллэх сонирхлыг төрүүлэхийг хичээдэг.

Сонгодог урлагийн бүтээл бол зөвхөн нэг удаа үзээд өнгөрдөг кино шиг биш дахин дахин үзэхэд ч шинэ, шинэ зүйл хүлээж байдаг" гэлээ.

Балетыг нэг үзээд тухайн үед утга санааг нь ойлгосон ч, давтаж үзэх тусам өөр өөр мэдрэмж авдаг"

Дуурь, бүжгийн эрдмийн театрын бүжигчин н.Мөнхнаран “Балет бол маш их баялаг урлаг. Би анх балетыг огт мэддэггүй, бүжгээр хичээллэдэг байсан. Дараа нь ОХУ-н тэтгэлэгтэй сургуульд суралцах хугацаандаа балет гэдэг ямар гайхалтай урлаг болохыг ойлгосон.

Нэг үзээд тухайн үед утга санааг нь ойлгосон ч, давтаж үзэх тусам бүх нарийн зүйлүүдийг мэдэж авч, түүнээсээ өөр өөр мэдрэмж авдаг” гэв.

Тасалбарыг www.ticket.mn болон www.shoppy.mn -ээс захиалан авах боломжтой юм байна.