Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Жижиг хэлбэрийн авлигачдыг зарлаж эхлэв

Б.Уянга, IKON.MN
2019 оны 11 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын татвар төлөгчдийн Үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооноос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон авлигын асуудлаар "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгсөн юм.  

Монгол Улсад жижиг авлига буюу төрийн албан хаагчдын авлига, хээл хахуулийн асуудал хэрээс хэтэрч буй учир бүх нийтээрээ үүнтэй тэмцэхийг иргэд болон сэтгүүлчдэд хандан уриалав.  

 
Гэрэл зургийг MPA.mn

Тус хэвлэлийн бага хурлын үеэр Монголын татвар төлөгчлийн Үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Хүүхдийн төлөө амьдрах ухаан ТББ-ын захирал н.Эрдэнэцэцэг “Төрийн байгууллага аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хааж боогдуулж буй асуудлыг үнэн бодитоор нь дэлгэхээр ирсэн” гэсэн юм. 

Энэхүү мэдэгдлийн хүрээнд тэрээр нэр бүхий төрийн албан хаагч компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрөөс нь гутал худалдан авахыг шаардсан болохыг хэлэв.

Тодруулбал "Бид ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй болсоор байна. Жижиг хэлбэрийн авлигачид бидний үйл ажиллагааг хаан боогдуулж байна. Өнөөдөр авлигатай холбоотой зарим баримтуудыг зоригтойгоор дэлгэхээр шийдлээ. 

Эрүүл мэндийн даатгалын газартай манай байгууллага хамтран ажилладаг. Гэтэл сүүлийн үед ажил явуулахаа байсан. Ямар нэг төрлийн эм, эмийн төрлийн бүтээгдэхүүн, хувцас, гутлыг таарахгүй, авахыг хүсээгүй байхад ирж хүчээр худалдан авахыг шахдаг. Хэрвээ авахгүй бол ажил явуулахад ямар нэг байдлаар саад учруулдаг. 
Эрүүл мэндийн даатгалын газар ажлаа шударга явуулахаа байсан. Эрүүл мэндийн даатгалын газрын байцаагч Н.Гэрэлмаа гэдэг хүнээс 180 мянган төгрөгөөр албан хүчээр гутал авсан.

Мөн тэрбээр үнэгүй сувилуулах эрхийн бичиг, сүү, цагаан идээ авч шуудайтай хувцас ажлын цагаар шахсан нь төрийн албыг гутамшиг болгож буй жишээ юм.

Тус байгууллагын дарга байсан И.Энхбат 2017 онд хахууль авсан хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн ч одоо ЭМД-ын газрын Хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байна. Ийм авлигын нөхцөл байдалд ажилчид асар ихээр өртөж байгаа. Үүнийг нуулгүй ил тод гаргаж, эдгээр авлигачдаас салмаар байна. Ийм дарамттай нийгэмд амьдарч байгаа нь гутамшигтай" гэсэн юм. 

Харин дээрх асуудлын хүрээнд тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч н.Бямбатогтох “Төрийн албаны ёс зүйгүй байдал нь намын томилгоотой шууд хамааралтай байна. Хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл огт байхаа болилоо. Төрийн алба шат шатандаа авилга хээл хахуульд идэгдсэн байгаа нь улс орны хөгжлийг хойш татаж буй гол хүчин зүйл юм” гэдгийг онцоллоо. 

Тус хурлыг зохион байгуулж буй Монголын татвар төлөгчдийн Үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны ерөнхийлөгч н.Чулуунбаатар “Жижиг авлига хүний нүдэнд өртөөд байдаггүй мөртлөө хамгийн аюултай зүйл. Гэтэл манай иргэд жижиг хэмжээний авлигыг өгдөг, өгснөө илчилж хэлж чаддаггүй. Хэлсэн ч нийгэм нь тоохоо больсон байна. Тиймээс бид нийгмийн сэтгэл зүйг өөрчилж, жижиг авлигачидтай тууштай тэмцье гэж уриалга гаргаж байна” гэлээ.  

Үүнээс гадна жижиг авлигын талаар мэдээлж чадахгүй байгаа иргэдийг энэ асуудалд зоригтой хандахыг, өөрөө мэдээлж чадахгүй бол тус холбоонд мэдээлэл өгч асуудлыг хамтдаа шийдвэрлэх боломжтойг онцлоод “Бид авилгагүй эрүүл нийгэм, зөв ирээдүйн төлөө өөрсдийгөө золиосолъё” хэмээв. 

Мөн тэрбээр “Төрийн албанд асуудалд холбогдсон дээд шатны албан тушаалтнуудаа тухайн албан тушаалаас нь чөлөөлөөд өөр албан тушаалд шилжүүлдэг асуудал байсаар байна. Ийм хэлбэр төдий хариуцлагын тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй" гэлээ. 

Иймд авлигатай бүх нийтээрээ тэмцэх талаар арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн дотор Ерөнхий сайдтай уулзах хүсэлтэй байгаагаа тэд илэрхийлсэн юм.