Мандал даатгал ХК-нь эрсдэлийн тайланг 2011 оноос хойш тасралтгүй гаргаж байгаа бөгөөд тус тайлангийн хүрээнд цуврал нийтлэлүүдийг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаа та бүхэндээ “ӨВДӨХ ЭРХГҮЙ МОНГОЛ ИРГЭН” хэмээх нийтлэлийг хүргэж байна.
ДУНДАЖ МОНГОЛ ИРГЭН гэж хэнийг хэлэх вэ? Бид энэхүү үзүүлэлтийг статистикийн тоон мэдээлэл дээр үндэслэн хялбархан гаргах боломжтой.
Юутай ч дундаж Монгол иргэн маань Бат-Эрдэнэ болж таарах нь. Бат-Эрдэнэ маань 28 настай, 1990 оны ардчилсан хувьсгалаар төрсөн. Шилжилтийн үеийн хүнд хэцүү амьдралыг хүүхэд насаараа туулсан нэгэн. Тиймээс ч өлсөж цангахын зовлон, мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг болсон. Улс төрийн хоёр сонгуулийн ард гарсан (санал өгсөн) болоод ч тэр үү аливаа мэдээ, мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг хичээдэг. Хэн нэгэн, ямар нэгэн зүйлийг учир утгагүй буруутгахаас илүүтэй асуудлын мөн чанарыг ойлгож, судалсны дараа дүгнэлт хийх нь чухал болохыг мэддэг нэгэн.
Одоо ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт хашаа байшинд амьдардаг. Тэрбээр үйлчилгээний байгууллагад ажилладаг бөгөөд сардаа 703 мянган төгрөгийн цалинтай буюу эхнэртэйгээ нийлээд өрхийн орлого 1.2 сая орчим болдог (Улсын дундаж үзүүлэлтүүд ашигласан).
Гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэдэг нэгэн. Нэг өдөр Бат-эрдэнэ маань бие нь өвдөж, өндөр халуурчээ. Түргэний эмч түүнийг үзээд илүү нарийн шинжилгээ хийлгүүлэх ёстой гэжээ. Бат-эрдэнэ маань өөртөө “надад өвдөх эрх байхгүй юмсан. Гэр бүлээ бодсон ч тэр, одоогийн нөхцөл байдлаа үнэлсэн ч тэр” хэмээн хэлнэ. Хэрвээ өвдвөл цалингийн зээлийг нь хэн төлөх вэ? Эхнэр хүүхдийг нь хэн тэжээх вэ? Ээждээ хэлмээр байсан ч үлдсэн хэдэн насаа барьцаалан авсан тэтгэврийн зээлтэй ээж нь юу хийж чадах билээ. Дэмий л санаа зовохын нэр. Өвчин тэгээд хэлж ирэх биш дээ. Яалтай билээ.
Тэрбээр сэтгэлээр унан, толгойд нь есөн жорын муу бодол эргэлдсээр: “Бид чинь ер нь ямар л улсад амьдраад байна даа. Энэ улсад ер нь хүн амьдрах наад захын нөхцөл хангагдсан уу? Гараад явахаар утаа, машинд суухаар түгжрээ, эмнэлэг нь ачаалал ихтэй, сургууль цэцэрлэг нь сугалаатай, цалин нь бага, ажил нь дундаршгүй болохоор ард түмэн нь гадагш гарахын мөрөөсөл болсон. Нэгэнт улсын эмнэлгийн дараалал барагдахгүй, хувийн эмнэлгийн төлбөрийг нь хүчрэхгүй учир таньдаг найз эмчдээ хандъя” гэж шийдэв.
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд “эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байх”-ыг хэлнэ гэж тодорхойлжээ.
Бат-эрдэнийн өөрөөсөө асуусан олон асуулт дээр суурилан бяцхан статистик сөхье. Манай улсын сүүлийн 10 жилд төсөвт эзлэх эрүүл мэндийн зардлын хувь нь дунджаар 8% буюу яг л нэг хивэндээ байдаг. Ямар ч өөрчлөлтгүй ийм байдлаар 10, 20 жил тус эрүүл мэндийн системийг чирч явах нь эцэстээ өвдөх эрхгүй нийгэмд амьдрахад биднийг хүргэжээ. Өөрөөр хэлбэл төсөв мөнгөндөө баригдаж эмч ажилчид, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүчин чадлаа нэмэгдүүлж чаддаггүй.
Нөгөө талаас нь харвал, Бат-Эрдэнэд ногдож буй эрүүл мэндийн зардал 234 мянган төгрөг(нэг хүнд ногдох дундаж эрүүл мэндийн зардал). Хэдийгээр энэхүү үзүүлэлт жил ирэх тусам өсч байгаа хэдий ч энэ мөнгө бол ганц үнэтэй эм эсвэл MRI-ны шинжилгээний л мөнгө төдий.
Хэдийгээр дэлхийд анагаахын шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаа ч манай улс тэрхүү үр өгөөжийг нь хүртэхгүй байгааг хүн амын дунд өвчлөл нэмэгдсэнээс гадагшаа эмчлүүлэх гэсэн иргэдийн тасралтгүй цуваанаас харах боломжтой. Тухайлбал:
Зураг-1. Хүн амын дунд тэргүүлэх өвчлөлүүд /10,000 хүн амд/
Эх сурвалж: ҮСХ
Зураг -2. Хорт хавдраар өвчлөгчдийн тоо/10,000 хүн амд/
Эх сурвалж: ҮСХ
БАТ-ЭРДЭНИЙН СОНССОН САЙХАН МЭДЭЭ
Бат-эрдэнэд шинжилгээний хариугаа хүлээх тэр хугацаа хамгийн урт санагдав. Удалгүй эмч найз нь түүн рүү залган шинжилгээ нь хэвийн гарсныг хэлжээ. Ойрд сонсоогүй хамгийн баяртай мэдээ. Өөрт нь амьдрах боломж дахин олгосон мэт санагдана. Энэ явдал дундаж монгол иргэн Бат-эрдэнэд дараах зүйлсийг ойлгуулсан юм. Эрүүл амьдралын зөв хэвшилтэй болох, эрүүл мэнддээ эзэн болох хэрэгтэй. Нэгэнт хүний л амьдрал хойно жаргал, зовлон заавал ээлжилнэ. Хэрвээ нэг өдөр өөрөө эсвэл гэр бүлийн хэн нэгэн нь хүндээр өвдвөл зайлшгүй бэлэн байх ёстой. Тэрээр эдийн засагч найзруугаа залган зөвлөгөө авахаар утас цохив. Харин эдийн засагч найз нь түүнд дараах зөвлөгөөг өгчээ.
ИРЭЭДҮЙН ӨӨРТЭЙГӨӨ ГЭРЭЭ БАЙГУУЛААРАЙ
Дээрх шиг нөхцөл байдал амьдралд үүсэхгүй гэх баталгаа байхгүй учраас бид эрсдэлийг харж, түүнийг хаах чадвартай байх хэрэгтэй. Бидний ирээдүйд ямар байх эсэх нь ирээдүйн өөртөө юу бэлдэж байгаагаас шууд хамаарна. Хуримтлал бол ирээдүйн өөртэйгөө гэрээ байгуулж байгаа хэрэг юм. Ядаж өрхийн орлогынхоо 10 хувийг эрүүл мэндийнхээ төлөө хадгалж байх хэрэгтэй.
НАЙЗТАЙГАА ГЭРЭЭ БАЙГУУЛААРАЙ.
Италид худалдааны хөлгүүд далайд гарахдаа маш ихээр эрсддэг байв. Худалдааны завь сүйдсэнээр худалдаачин дахин сэхэхээргүй нөхцөл байдалд ордог байв. Тиймээс хэсэг худалдаачин найзууд дундаасаа мөнгө гарган цуглуулж, хэрвээ хэн нэгнийх нь завь сүйдвэл тус мөнгөнөөс нөхөн олговор өгөх байдлаар эрсдэлээ хаадаг. Энэ бол даатгал үүссэн түүх юм.
Хэдийгээр бид улсын эрүүл мэндийн даатгалд зориулан мөнгө төлдөг ч энэхүү даатгалаа ашиглан эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг. Тиймээс хувийн эрүүл мэндийн даатгалтай байснаар хэлж ирдэггүй, хийсэж ирдэг өвчнийг санхүүгийн хүндрэлгүй давах боломжтой.
Түүнчлэн, сүүлийн жилүүдэд олон улсын жишгийг даган аж ахуйн нэгжүүдэд ажилтны цалин урамшууллын багцад хувийн эрүүл мэндийн даатгалыг оруулах туршлага дэлгэрч байна. Энэ нь компанийн хувьд сайн ажилтнаа тогтоон барих, ажилтнуудын сэтгэл ханамж, эрүүл мэндийг дэмжих томоохон хэрэгсэл болж байгаа бол ажилтнуудын хувьд эрүүл мэнддээ анхаарах санхүүгийн хөшүүргийг бий болгож байна.
Мандал Даатгал ХК нь 2011 оноос эхлэн Монгол Улсын Эрсдэлийн тоймыг бэлтгэж ирсэн бөгөөд жил бүр улсын хэмжээнд Үндэсний Эрсдэлийн Индексийг танилцуулж “Монгол Улсын Эрсдэлийн Форум” арга хэмжээг зохион байгуулж нийтээрээ тулгамдаж буй эрсдэлээ хэлэлцдэг билээ. Энэ жилийн форумын дүгнэлт болох “Монгол Улсын Эрсдэлийн удирдлагын форумаас онцлох 5 эрсдэл” нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Эх сурвалж https://www.mandal.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!