Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулиас хасагдсан сонгуулийн "холимог" тогтолцоог эргүүлэн авчрах нь

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нэр бүхий гишүүд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна. Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажиллаж буй. 

Хууль санаачлагчид 2020 оны УИХ-ын сонгуулийг одоогийн буюу жижиг мажоритар тогтолцоогоор явуулах хувилбарыг өргөн барихаар бэлдэж байгаа аж. Гэвч дээрх хувилбараар бус жижиг мажоритарыг жагсаалттай хамтатган "холимог" тогтолцоогоор явуулах дээр дийлэнх гишүүд тохиролцсон гэх мэдээлэл байна. 

"Холимог" хэмээн онцолсны учир нь мажоритар болон пропорцианаль тогтолцоог хамтатган холимог системээр сонгууль явуулдаг байх заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах саналыг АН-ын зүгээс гаргасан. Гэвч ҮХНӨ-д уг заалтыг оруулах боломжгүй гэж үзсэн юм. Учир нь процорцианаль буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгууль явуулахад сонгогчид улс төрийн намд санал өгдөг. Гэвч энэ нь Үндсэн хуульд заасан иргэд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн заалттай харшилдаж байсан учраас сонгуулийг холимог тогтолцоогоор явуулдаг болох АН-ын саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн юм. 

Харин гишүүдийн тохиролцсоноор 76 мандатны 50 нь жижиг тойрогт, 26 нь жагсаалт гэдэг хувилбар яригдаж байгаа юм байна. Гэхдээ сонгогчид жагсаалтаас намыг бус хувь нэр дэвшигчийг сонгоно. Ингэснээр жагсаалтад бичигдсэн нийт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 26 нь УИХ-ын гишүүнээр сонгогдох юм. Энэхүү хувилбарыг сөрөг хүчин нааштай хүлээж авах магадлал бий. Өөрсдийнх нь гаргасан саналыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаагүй ч сонгуулийн тухай бие даасан хуульд оруулахыг эсэргүүцэхгүй болов уу. Харин өнгөрсөн хугацаанд тойргоо "усалж", тордсоор ирсэн МАН-ын зарим гишүүдийн хувьд гонсгор үлдэх хувилбар байхыг үгүйсгэхгүй.    

Энэ талаар УИХ-ын зарим гишүүнээс тодрууллаа. 

"Ирэх Даваа гарагаас Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ"

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Сонгуулийн хуулийг арванхоёрдугаар сарын 25-наас өмнө батлах ёстой. Хугацааны хувьд нэлээн шахуу байгаа. Саяхан шинэ Үндсэн хууль батлагдсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн холимог тогтолцоог оруулсан боловч энэ тогтолцоог бус зөвхөн мажоритар тогтолцоог үлдээсэн. Мажоритар гэдэг нь ард түмэн өөрийн төлөөлөгчөө шууд сонгодог тогтолцоо юм. 

Гэрэл зургийг Mpa.mn

Мажоритар тогтолцоо нь гурван хувилбартай. Нэг нь Монгол Улс нэг тойрог. Энэ бол Сонгуулийн хуулийг өргөн барьсан гишүүдийн гаргасан хувилбар. Хоёрдугаарх нь мажоритар дотроо холимог. 50 нь жижиг мажоритар, 26 нь улс даяараа том мажоритар гэсэн үг. Гурав дахь нь одоогийн байгаа тогтолцоо.   

Сонгуулийн хууль улс төрийн намуудын зөвшилцлийн дүнд батлагдах ёстой. Тиймээс ирэх Даваа гарагт УИХ-д суудалтай улс төрийн намуудын бүлгээр Сонгуулийн тухай хуулийг хэлэлцүүлнэ. 

Энэ удаагийн Сонгуулийн хуулийн өөрчлөлтөд цахим орчинтой холбоотой тодорхой зохицуулалтууд орно. Гэхдээ хүний эрхийг хязгаарласан, хэвлэл мэдээллийн бүрэн эрх рүү халдсан ямар нэгэн заалт оруулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 

"Эрх баригчид намынхаа нэрээр дахин орж ирэх гэж байна"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр батлагдаагүй холимог тогтолцоог өнгийг нь засаад Сонгуулийн тухай хуульд оруулах гэж байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 26-гаа Монгол Улсын хэмжээнд өрсөлдүүлсэн гээд тухайн өрсөлдсөн 26 хүний авсан нийт оноогоор намынхаа квотын тогтоох гэж байна. Жишээ нь, нам тус бүр 26 хүнийг жагсаалтад оруулна гэж бодъё. Тэгвэл МАН-ын 26 нэр дэвшигчийн нийт авсан оноо нь 40 байлаа гэхэд 26-гын эхний 13-ыг нь УИХ-д оруулна гэдэг ч юм уу. Ийм тохироо хийсэн гэж би дуулсан. 

Гэрэл зургийг mpa.mn

Уг нь үүнийг Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр ярилцсан. Өөрсдөө үгүй гэж шийдсэн заалтаа одоо дахин хүчээр оруулж ирж байна. Яагаад гэвэл эрх баригчид тойргууд дээрээ олон зүйл амласан. Тойрогтоо буцаж очиж чадахгүй байгаа. Тийм болохоор намынхаа нэрээр дахин орж ирэх гэж байна. Энд бас Ерөнхийлөгчийн захиалга байгаа л даа.