Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оноос хэрэгжих татварын багц хуулиас мэдэх ёстой 10 ӨӨРЧЛӨЛТ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шинэчилсэн Татварын багц хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх билээ. 

Энэхүү шинэчилсэн багц хууль нь татвар төлөгчийн татвараа төлөх, тайлагнах үйл явцыг хялбаршуулснаас гадна төлөх татварын хэмжээний талаар өмнөх хуульд байсан зохицуулалтын хүрээг тэлсэн, зарим цөөн төрлийн хөнгөлөлтийг шинээр бий болгосон гэж харж байгаагаа Татварын мэргэшсэн зөвлөх, СЭЗИС-ийн ахлах багш Ч.Өнөржаргал онцолсон юм. 

Татварын багц хуулиас таны заавал мэдвэл зохих гол ӨӨРЧЛӨЛТүүдийг тоймлон хүргэе.  

Иргэн хүн хувиараа бизнес эрхэлж, хөрөнгөө түрээслүүлж, орлого олсон бол ашгаасаа татвараа төлөх боломжтой

НЭГ. Иргэн хүн хувиараа бизнес эрхэлж, хөрөнгөө түрээслүүлж, орлого олсон бол орлогоосоо зардлаа хасаад ашгаасаа татвараа төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрэхгүй байсан ч гэсэн та хүсвэл орлогоосоо зардлаа хасаж, зөрүү буюу цэвэр ашгаасаа 10 хувийн татвар төлж болно.  

Үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болохоор болсон

ХОЁР. Иргэн бүр, мөн жижиг ААН-үүд татварын тайлан гаргах хүндрэлтэй байдлыг харгалзаж, тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татварт ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болохоор болсон. 

Энэ тохиолдолд борлуулалтын орлогын 1%-аар татвар төлж болох зохицуулалт орсон байна. Харин НӨАТ-ын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж, НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй албан татвар төлөгч энэ зохицуулалтад хамрагдах боломжгүй аж. Өөрөөр хэлбэл, орлого, зардлаа тайлагнаж, татварын тайлан бэлтгэж тайлагнах үүрэгтэй. 

Орон сууцны албан татварын хөнгөлөлт 3 хүртэлх сая байсныг 6 сая хүртэлх болгов

ГУРАВ. Амьдран суух зориулалтаар байр, орон сууц анх удаа худалдан авсан, барьсан иргэд 6.0 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. 

Одоогийн хэрэгжиж буй хуулиар бол 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөх буюу гурав хүртэлх сая төгрөгийн албан татварыг буцаан авах боломжтой. /“Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 22, 23 дугаар зүйлд зааснаар/

Жич: Орон сууц худалдан авч, хөнгөлөлтөд хамрагдахаар баримт бүрдүүлж буй иргэдийн хувьд хувь хүмүүс хоорондоо өөрийн амьдран суудаг орон сууцаа худалдахаас бусад захиалгаар бариулах болон орон сууц худалддаг хуулийн этгээдээс орон сууц худалдан авсан бол и-баримтыг шаардана. Иймээс цахим төлбөрийн баримтыг авсан байх шаардлагатай.

Мөн Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэж зохицуулсан. Гэхдээ энэ хоёр төрлийн аль нэгийг л татвар төлөгч сонгож эдэлнэ. 

Сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлт эдлүүлэхэд субъектийн хүрээг өргөтгөсөн

ДӨРӨВ. Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ гэж зохицуулсан нь өмнөх хуулийн заалтын хамрагдах субъектийн хүрээг өргөтгөсөн зохицуулалт болжээ. 

Мөн өмнөх хуулиар мөрдөн дагуулдаг байсан орой, эчнээ хэлбэрээр суралцах, магистрантур, докторантурт суралцах хугацааны сургалтын төлбөр хамааралтай эсэхийг тодорхой болгож өгсөн байна.

Жич: Албан татварын хөнгөлөлтөд хамрагдахдаа сургалтын төлбөр төлсөн и-баримтыг хавсаргах тул сургуулиасаа авсан байх шаардлагатай. 

Дулаалгын материал зэргийг худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ 

ТАВ. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг дэмжих ажлын хүрээнд албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ гэх хуулийн зохицуулалт орсон. 

Энэ зохицуулалт нь хуучин хуульд байсан ч шинэ хуульд тухайн жилийн ногдох татварыг хөнгөлөхөөр болж өөрчлөгдсөн байна.

Гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, ААН, байгууллагад зарцуулсан хэмжээнийх орлогод ногдох албан татварыг хөнгөлнө

ЗУРГАА. Тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.

Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1,000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар татварын хөнгөлөлт олгоно

ДОЛОО. Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол, алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн, албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлого буюу компани байгуулахгүйгээр төрөл бүрийн бизнес эрхэлж олсон орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1,000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.

Ногдол ашгийн орлогод 5 хувиар албан татвар ногдуулна

НАЙМ. Татвар төлөгч хувь хүний олсон зарим орлогод тогтоосон дүнгээр татвар ногдуулж төлүүлэхээр зохицуулсан.

Тухайлбал, ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр...

Хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээгээр татвар төлүүлэхээр зохицуулжээ. 

Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн тухайн хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогод 5 хувиар албан татвар ногдуулахаар зохицуулсан нь үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийг үнэт цаасны зах зээлээс орлого олох боломжийг бий болгоход чиглэсэн зохицуулалт болсон байна. 

Чөлөөт уран бүтээлчид орлогоосоо зардлаа хасуулж, ашгаасаа татвар төлж болохоор зохицуулсан

ЕС. Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулахдаа татвар ногдуулах орлогын дүнгээс тооцно. 

Өөрөөр хэлбэл, өмнөх хуулиар урлагийн тоглолт зохион байгуулах, оролцох замаар нийт дүнгийнх нь таван хувиар татвар авдаг байсан. Тэгвэл тус орлогыг үйл ажиллагааны төрөлд хамааруулаад чөлөөт уран бүтээлчид орлогоосоо зардлаа хасуулж, ашгаасаа татвар төлж болохоор зохицуулсан.

Татварын хяналт шалгалтыг бүх татвар төлөгчдөд тавихгүй 

АРАВ. Татварын хяналт шалгалтыг бүх татвар төлөгчдөд бус, татвараа нуусан бууруулсан байж болох эрсдэлтэй гэж үнэлэгдсэн татвар төлөгчийг хамруулж хийнэ. Өөрөөр хэлбэл, эрсдэлгүй татвар төлөгчид хяналт шалгалт хийхгүй бөгөөд татварын хууль тогтоомжийг зөрчсөн байх магадлал өндөртэй татвар төлөгчийг хяналт шалгалтад хамруулна.