Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийтийн орон сууцны нэг давхарт стандарт, аюулгүй байдлаа сайтар хангаж ажилладаг газруудын зөвшөөрлийг сунгана"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Орон сууцнуудын нэг давхарт 679 аж ахуйн нэгж нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж байна-

Орон сууцнуудын доод давхарт хүн амьдрахаасаа илүүтэй аж ахуйн нэгжүүд худалдаа, үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг болоод уджээ. 

Уг нь 2011 онд өөрчлөн баталсан Орон сууцны тухай хуулиар нийтийн орон сууцанд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглосон. Уг хуультай холбогдуулан “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага, үндэсний стандарт”-ыг шинэчлэн боловсруулахдаа нийтийн орон сууцны нэгдүгээр давхарт хоолны үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг шинээр олгохгүй гэж заажээ.

Энэхүү шинэчлэгдсэн стандартыг 2019 оны аравдугаар сарын 1-нээс албан ёсоор мөрдөж эхэлсэн юм. Гэхдээ энэ нь доод давхар нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдсөн шинэ орон сууцуудад хамаарахгүй.

2018 оны эцсээр нийслэлийн хэмжээнд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй ресторан, цайны газар, кафе зэрэг нийт 679 аж ахуйн нэгж нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж байв.

Стандартыг мөрдүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллага энэ талаар ямар ажил хийж байгаа болон нийтийн орон сууцны доод давхарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газруудын нийтлэг зөрчлийн талаар тодрууллаа. 

Энэ бол зөвхөн нэг аж ахуйн нэгжийн бус, олон өрхийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд амьдрах эрхтэй холбоотой асуудал билээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор “Аравдугаар сарын 1-нээс эхлэн шинэчлэгдсэн стандартыг дагаж мөрдүүлэхтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд сурталчлан таниулах, байцаагчдад мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулж байна.

Мөн тодруулж хэлэхэд, шинэчлэгдсэн стандартаар нийтийн орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж буй газруудыг хориглож байгаа юм биш. Шинээр нэмж олгохгүй. Харин үйл ажиллагаа нь тогтворжсон, стандарт, аюулгүй байдлаа сайтар хангаж ажилладаг газруудын зөвшөөрлийн журмын дагуу сунгана” гэв. 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулдаг бөгөөд 2019 онд хийхээр төлөвлөгдсөн шалгалтуудаа хийж дуусчээ. Одоогоор шинэчлэгдсэн стандартыг сурталчлахын зэрэгцээ иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийж байгаа аж. 

Улсын ахлах байцаагч Б.Хонгор “Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд дунд болон өндөр эрсдэлтэй гэж дүгнэгдсэн нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг 209 аж ахуйн нэгжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. 

2013 оноос эхлэн хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо хяналт тавьж, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлнэ гэж заасан. Харин хөндлөнгийн хяналтыг мэргэжлийн байгууллага буюу мэргэжлийн хяналтаас хэрэгжүүлдэг.

Гэвч аж ахуйн нэгж, байгууллагууд дотоод хяналтаа хангадаггүй. Эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжтэй байх тухай заалт хамгийн түгээмэл зөрчигдөж байна. Барилгын үндсэн хийц, бүтээцийг дур мэдэн зохион байгуулж, тоног төхөөрөмжөө суурилуулдаг нь агааржуулалтад сөргөөр нөлөөлдөг” гэв.

Түүнчлэн нийтийн орон сууц гэх ангилалд 1990 оноос өмнө баригдсан орон сууцыг хамруулж байгаа бөгөөд 

  • Зөвшөөрөгдөх хэмжээнээс их дуу чимээтэй
  • Агааржуулалтын тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй
  • Үндсэн хийц, бүтээцийг өөрчилсөн
  • Хоёроос дээш давхар барилгын үндсэн хийцэд шингэрүүлсэн хий хэрэглэхийг хориглодог ч хоолны газрууд ашигладаг. Гэхдээ өргөтгөлийн хэсэгт гааз мэдрэгч суурилуулж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглахыг зөвшөөрдөг.
  • Хатуу, шингэн хог хаягдлыг хаях цэггүйн улмаас орчны бохирдол үүсгэдэг
  • Хортон шавж мэргэчдээс хамгаалах ариутгал устгалыг мэргэжлийн байгууллагаар бүрэн гүйцэт хийлгэдэггүй зэрэг зөрчил илэрч байгаа аж.