Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Та “ТОГЛОДОГ СУРГУУЛЬ” гэж сонсож байсан уу?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 11
Сурталчилгаа

Та “Тоглодог сургууль гэж сонсож байсан уу?” хэмээх пост фейсбүүк дээр гарч ирэхэд ихэд анхаарал татсан тул дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Zaisan Kids Playschool-ийг зорилоо.

Хан-Уул дүүргийн 2-р хороонд шинээр ашиглалтад орсон Зайсан Апартментын 1-р давхрын 600м2 талбайд цэцэрлэг, сургалтын төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа хамт олон найрсаг дотноор хүлээн авлаа. Тус цэцэрлэг, сургалтын төвийг боловсролын салбарт чамгүй туршлага хуримтлуулсан Б.Индра, Б.Сайнжаргал хэмээх хоёр бүсгүй үүсгэн байгуулжээ. Ингээд “тоглодог сургууль” гэж яг юу болох, энэ санаа хэрхэн төрж, яаж биежсэн тухай тухай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.  

 

“Тоглодог сургууль” гэж яг юу вэ?

Б.С Энэ санаа манай гэр бүлд тулгараад байсан асуудлаас урган гарсан юм. Энэхүү санааг маань инновацын чиглэлээр Англид магистрт суралцсан миний найз, хамтрагч Индра улам дэлгэрүүлж, баяжуулсанаар бид хоёр боловсрол сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх Оксфорд Эдьюкейшн Академиа байгуулж, түүний харьяа Zaisan Kids Playschool-ийг үүсгэн байгуулсан юм.

Нөхөр бид одоо 1-р ангийн хүүхэдтэй, ажил амьдралынхаа ид идэвхтэй үе дээр яваа залуу гэр бүлийн төлөөлөл. Хүүхдээ боловсролтой, зөв хандлагатай, зөв хүн болгон хүмүүжүүлэх гэж хичээж байна. Хажуугаар нь тус тусынхаа ажлыг амжилттай эрхэлж яваа “завгүй” хүмүүс... Бидэнд тулгарсан асуудал бол цэцэрлэг хэмээх тоглоомын өргөөнөөс энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элссэн маш сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүгийнхээ сургалтын гарааг амжилттай эхлүүлэх. Ганцхан багштай, ангидаа олуулаа, цөөн минутаар хичээллэдэг сургалтын орчинд орсон бага насны хүүхдэд энэхүү өөрчлөлт яаж тусч байгаа бол, би хүүдээ яаж туслаж вэ? гэдэг асуулт байсан. Энэ насанд нь хүүхдээ дэмжиж насан туршдаа тасралтгүй сурч хөгжих эрмэлзэлтэй болгох нь эцэг эхийн хувьд хүүхдийнхээ ирээдүйд нь оруулж буй хамгийн том хувь нэмэр. Гэвч манай үеийн залуус ажил, амьдралынхаа балансыг хадгалах, хүүхэддээ цаг гаргах, хүүхдийн насны болон өнөөгийн нийгмийн онцлогийг мэдэрч хүүхдээ хүмүүжүүлэхэд мэдэхгүй зүйлс их. Тэр байтугай биднийг хүмүүжүүлж өсгөсөн өвөө, эмээгийн хариуцлагатай албыг бидний ээж, аав хаших тун сонирхолгүй, завгүй эсвэл биднийг өсгөн хүмүүжүүлсэнээс хойш хэдийнээ төсөөрсөн байна. Дижитал эриний шинэ үеийн хүүхдүүд ч бас эмээ өвөөгийн уламжлалт сурган хүмүүжүүлэх арга барилыг хүлээж авах эсэх нь янз янз.

Ингээд надад төрсөн санаа бол ажлаа тараад хүүгээ авахад миний хүү хичээлээ давтчихсан, даалгавраа хийчихсэн, хоолоо идчихсэн, унтаад амарчихсан, хангалттай тоглочихсон, маргааш нь хичээлдээ явахад 100 хувь бэлэн хүлээж байдаг бол гоё оо? тэгээд бүгдээрээ гэртээ хариад гэр бүлийн дотно уур амьсгал бүрдүүлэх, хөгжилдөх, аз жаргалтай дурсамжууд бүтээх цаг гарна даа гэж бодсон. Харамсалтай нь өнөөдөр эрх зүйн хувьд ч тэр, стандарт, орчин нөхцөлийн хувьд ч тэр зохицуулалтгүй шахуу явж байгаа “өдөр өнжүүлэх”-д хүүхдээ өгөхийг хүсээгүй.

Б.И Миний хувьд Сайнаагийн санааг цааш нь улам задлаж, хөгжүүлэх боломж харагдсан. Тэр нь өдөр өнжүүлэх хэмээх хэвшмэл ойлголтыг өөрчилж бид юугаараа ялгарах вэ? хүүхэд болон эцэг эхчүүдэд ямар үнэ цэнийг бий болгох вэ? гэсэн асуултад шийдэл олох.

Бидний хувьд “Тоглодог сургууль” товчхондоо бол хүүхдийн насны онцлогт тохирсон байдлаар, мэргэжлийн багш нараар дамжуулан академик мэдлэг, чадвар олгох болон хүүхэд өөрийн бүтээлч, эрэлч, сониуч байдлаа хөгжүүлэх хувь хүний хөгжлийн үйл ажиллагааг бүтээлч орчинд, тоглоомын аргаар явуулахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний санал болгож буй үйлчилгээ бол зөвхөн даалгавар хийлгэх, хоцрогдол арилгах, хүүхэд харах үйлчилгээ биш харин хүүхдийн сургалтын гарааг амжилттай эхлүүлж, үргэлжлүүлэх, хувь хүнийг хөгжүүлэх цогц шийдэл юм.

Ийнхүү үүсээд байгаа хэрэгцээ шаардлагыг судлаж, өөрсдийн санаандаа бат итгэлтэй болж хэрэгжүүлэхээр шийдсэн. Бид хоёр олон улсын хөтөлбөртэй дунд сургуульд 3, 4 жил ажилласны хувьд хүүхдийн сургалтын байгууллагад тавигдах стандартыг сайн мэднэ. Энэхүү стандартад дүйцэх л юм хийх юмсан гэсэн хүсэл эрмэлзэл бас байсаан. 

“Тоглодог сургууль”-ийг үүсгэн байгуулсан та хоёр өөрсдийгөө танилцуулаач?

Б.И Би тухайн үедээ гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р дунд сургуульд суурь боловсрол эзэмшиж, ээж маань Бельгийн вант улсад Элчин сайдаар томилогдоход олон улсын дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмших боломж олдсон. Дунд сургуулиа төгсөөд би Канадын нийслэл Оттава хотын Карлтоны Их Сургуульд Төрийн удирдлагын менежмент чиглэлээр Бакалаврын зэрэг хамгаалаад Монголдоо ирж банкны салбарт 4 жил ажилласан. 2014 онд би Английн Засгийн газрын Чевнинг хэмээх нэр хүндтэй тэтгэлэгт өрсөлдөж түүнийг хүртсэндээ маш их баярлаж явдаг. Учир нь би Английн Лийдсийн Их Сургуульд Олон улсын инновацын менежмент чиглэлээр Магистраа хамгаалах боломж олгосон юм. Эндээс надад  ямарваа нэг зүйлийг эсвэл процессыг, он удаан жил хэвшмэл болсон ч хамаагүй, дахин шинэчлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, зардал хэмнэх боломж үргэлж байдгийг түүнчлэн ийнхүү  төрсөн санаагаа хэрхэн биежүүлж бодит болгох чадварт суралцуулсан юм. Англид суралцаж ирээд би Бритиш Сургуульд 4 жил орчим ажиллахдаа тус сургуулийн Дэд захирал хүртэл ажилласан. Энд л би хүүхдийн сургалтын байгууллага гэдэг ямар онцлогтойг хамгийн сайн жишээ буюу олон улсын стандартаас суралцах боломж олсон гэж боддог.

Б.С Миний хувьд физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуулийг төгсөөд Монгол Улсын Эдийн Засгийн Сургуулийн Банкны менежментийн ангид суралцсан. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаад 2012 онд Английн Кардифф Метрополитан Их Сургуульд Бизнесийн Удирдлагын чиглэлээр Магистр хамгаалсан. Англид суралцаж ирээд Бритиш Сургуульд 3 жил Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилласан. Олон улсын сургуульд ажиллах хугацаандаа Бээжин, Шанхай, Тианжин, Лондон гэх мэт арваад олон улсын сургуулиудтай танилцаж тус сургуулиудын сургалтын орчин, стандартыг судалсан. Олон улсын сургуулиудын хувьд багшлах боловсон хүчний мэргэшсэн байдал, сургуулийн орчин, хүүхэд хамгаалал, хамгаалалт аюулгүй байдал, эрүүл ахуй, анги танхим, сурагчдын хоол хүнс гэх мэт маш олон стандартуудыг хангаж ажиллах ёстой байдаг. Мөн жил бүр Английн 4-5 хотруу 7-14 хоногийн хугацаатай сургалтуудад сурагчдыг хамруулж олон улсын багш, сурган хүмүүжүүлэгч нартай уулзаж туршлага судалсан.

Та хоёр хоёулаа сургалтын байгууллагын онцлог, стандарт гэж ярьлаа. Үүнийгээ дэлгэрүүлэхгүй юу? Зайсан Кидс юугаараа онцлог вэ?

Б.С Монгол Улсад боловсролын байгууллагуудад тавигддаг стандарт олон улсын жишигт хүрэхүйц сайн ч бодит байдал дээр хэрэгжилт нь харилцан адилгүй. Боловсролын салбарын онцлог бол хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлийг харж хандаад зогсохгүй хүн болж төлөвшихөд нь туслах. Тиймээс маш өндөр хариуцлага байнга дагалдана. Индра бид хоёр анхнаасаа бат тохирсон зүйл бол урт хугацааны тогтвортой байдлыг богино хугацааны ашгаас тэргүүнд тавихаар тохирсон явдал юм.

Сургалтын байгууллагын стандарт яригдахад нэн тэргүүнд хөндөгдөх зүйл бол сургалтын байгууламж, орчин. Зайсан Кидс цэцэрлэг, сургалтын төвийн хувьд 2019 оны 5-р сард ашиглалтад орсон Зайсан Апартментын 1-р давхарын 600м2 талбайг эзэлдэг. Тус тусдаа орц гарцтай. Хамгаалалт аюулгүй байдлыг хангах зорилгоор гадна талбай, анги танхим, корридорыг бүрэн камержуулж, зарлан мэдээлэх, галын дохиоллын цогц систем нэмж суурьлуулсан. Сургуулилтын үеэр галын дохиолол дугарахад хүүхдүүд ямар зохион байгуулалттай, түргэн шуурхай, бэлтгэлтэй байраа чөлөөлж байгааг харахад бахархмаар шүү.

Эрүүл ахуйн стандартын хувьд агаажуулалт, агаар сэлгэлтийн нэмэлт системтэй. Бага насны хүүхдүүдийн минутад амьсгалах тоо насанд хүрсэн хүнийхээс илүү олон ба өсч хөгжиж буй бие организмд шаардагдах хүчил төрөгчийн хэмжээ их байдаг. Цаашлаад ярьвал бага насны хүүхдийн хоолноос авах шим тэжээлийн хэрэгцээ. Зайсан Кидс цэцэрлэг, сургалтын төв нь хүүхдийн хоолны зориулалтын тусдаа гал тогоотой, хүүхдийн хоолны мэргэжлийн тогооч нартай. Гал тогоо тусдаа байх нь эрүүл ахуйн хувьд ямар ач холбогдолтой вэ гэдгийг ярих нь илүүц биз. Харин хүүхдийн хоолоор мэргэшсэн тогооч хоолонд дургүй хүүхдийг хүртэл сонирхож, татагдахгүй байхын аргагүй хоол бэлтгэж өгдөг. Түүнчлэн бид хүүхдүүддээ дуртай хоол нь хэрхэн бүтдэг, өөрөө хоол хийхийг оролдох боломж олгох зэргээр гал тогооныхоо хэсгийг сургалтын танхим болгох боломжтой болдог нь хүүхдүүдэд онц сонирхолтой байдаг.

Манайх мөн хүүхдийн эмчтэй. Мэргэжлээрээ 37 жил ажилласан туршлагатай Б.Цэцэг-Эрдэнэ эмч маань цэцэрлэгийн эрүүл ахуй, бага насны хүүхдийн эрүүл мэнд, зөв хооллолтод онцгойлон анхаарч ажиллаж байна. Хүүхдийг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн дархлааг сайжруулах болон цэцэрлэгийн орчны халдваргүйжүүлэлт, хоолны эрүүл ахуйн хяналтад өндөр ач холбогдол өгдөг. Түүнчлэн сүүлийн үед тулгамдсан асуудал болоод буй харшлын эмчээр ажиллаж байсан туршлагатай давуу талтай. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, оношлогоог мөн жилдээ хоёр удаа зохион байгуулж, тогтмол сургалт орсоноор бусад өвчлөлөөс хүүхдүүдээ сэргийлж, аав ээжүүдийн цагийг хэмнэнэ.

Сургалтын орчны хувьд цэцэрлэг бол Дуу хөгжим, Дүрслэх урлаг, Биеийн тамир, Лего гэх мэт сэдэвчилэн зохион байгуулсан дундажаар 50м2 том саруулхан ангиудтай, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомтой. Байрныхаа СӨХ-тэй гэрээ байгуулсан тул гадаа тоглоомын талбайгаа цагийн хуваариар ашиглах боломжтой. Сургалтын төвийн хувьд академик сургалт орох зориулалтын сандал ширээ, сургалтын хэрэглэгдэхүүн бүхий хоёр танхимтай ба хүүхдүүд тоглох, унтаж амрах, хөгжүүлэх хөтөлбөр, дугуйлан хичээллэх чөлөөт орон зай бүхий заалтай.

Сургалтын байгууллагын хамгийн үнэт зүйл бол мэргэжлийн багшлах боловсон хүчин, хамт олон, ажиллагсад. Манай багш нарын хувьд бүгд багш мэргэжилтэй, багшлах эрхийн үнэмлэхтэй, мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай. Гол нь бүгд хүүхдэд хайртай, мэргэжилдээ дуртай, эерэг хандлагатай. Түүнчлэн манай багш нарын чадваржуулж, сургалтын хөтөлбөр дээр зөвлөж байдаг Гавъяат багш, Ахмад сурган хүмүүжүүлэгч, Ардын Боловсролын тэргүүний ажилтан, Боловсрол судлалын магистр, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэгтэй Д.Нонна багштай хамтран ажилладагаараа бид бахархдаг.

Өнөө цагт хүүхэд хөгжүүлэх янз бүрийн хөтөлбөр байдаг болжээ. Танай сургалтын хөтөлбөрийн тухайд сонирхвол?

Б.И Зайсан Кидс цэцэрлэг дээр бид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас баталсан Сургуулийн өмнөх боловсролын сайжруулсан цөм хөтөлбөрийг ур чадвар, мэдлэг туршлагатай мэргэжлийн багш нараараа дамжуулан хүргэж байна. Түүнчлэн Монголын түүх, өв соёл, уламжлалын талаар мэдлэгийг хүүхдүүддээ олгохыг онцгойлон анхаарч байна. Нэмэлтээр хүүхдүүдэд дүрслэх урлаг, шатрын дугуйлан хичээллүүлж, 4-с дээш насныханд англи хэл орж байна.

Зайсан Кидс сургалтын төвийн хувьд “хүүхэд төвтэй”. Хүүхэд бүр онцлогтой, харилцан адилгүйг хүлээн зөвшөөрч тухайн хүүхдийн хүсэл сонирхол, авьяасыг нээн илрүүлэх, түүн дээр тулгуурлан академик болон хувь хүний хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Академик чадвар гэдэгт бага ангийн мэргэжлийн багш хүүхдийн насны онцлогт тохирсон мэдлэг олгох сургалт, үзэг, харандаа зөв барих дадал, гар зүгшрүүлэх зурлага, тоо тоолол, ойлгож унших, ярих чадвар хөгжүүлэх болон хүүхэд гэрийн даалгавраа хийхэд нь дэмжлэг үзүүлэх, агуулгын хоцрогдол арилгахад чиглэнэ. Бага ангийн мэргэжлийн багш энэ сургалтыг явуулах нь зөв арга барилаар, ойлгомжтой заах ач холбогдолтой бөгөөд цаашлаад эцэг эхчүүд, асран хамгаалагчдад хүртэл хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах тал дээр зөвлөгөө өгөх юм.

Хувь хүний хөгжлийн үйл ажиллагаа гэдэгт хүүхэд нийгэмших, хөгжих, харилцааны ур чадвар эзэмшихэд чиглэгдсэн үйл ажиллагаанууд орно. Өөрийгөө зөв боловсон илэрхийлж сурах, олон нийтийн өмнө илтгэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвар эзэмшүүлэх болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, номонд дурлуулах, багаар ажиллах, стрессээ тайлж хөгжилдөх боломжтой үйл ажиллагаанууд байна. Түүнчлэн англи хэл, шинжлэх ухаан, технологи, инжернер сэтгэлгээг хөгжүүлэх нэмэлт дугуйланд хамрагдах боломтой.

Академик чадвар хөгжүүлэх, хүвь хүний хөгжлийн үйл ажиллагааг хослуулан явуулснаар хүүхэд өөртөө итгэлтэй, мэдлэгтэй, сониуч, эрэлч байж, тасралтгүй суралцах буюу үргэлж хөгжиж байх чин хүсэл эрмэлзэлтэй болно. Энэ нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгч бидний хувьд хүүхэддээ эзэмшүүлэх, ирээдүйн амжилтыг тодорхойлох хамгийн гол чанар гэж бодож байна.

Б.С Сургалтын хөтөлбөрөөс гадна нэмэлтээр зохион байгуулах үйл ажиллагаанууд маань мөн л орчин үеийн эцэг эхчүүдийн хэрэгцээ шаардлага, хүүхдүүдийн сонирхолд суурилсан. Жишээ нь яагаад улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амралтаараа Англи, Америк руу сургалт, аялалд явж болохгүй гэж? Энэ төрлийн аялал, сургалтыг зохион байгуулахад амаргүй. Хүүхдийн насны онцлогт тохирсон чанартай хөтөлбөр санал болгож буй хамтрагч байгууллагыг олох, болзошгүй эрсдлийг тооцоолж эрсдлийн үнэлгээ хийх, гадаадад байх хугацаанд аюулгүй байдлыг хангах, хамгийн гол нь хүүхдэд насан туршдаа нандигнах дурсамж бүтээх. Миний хувьд сургуульд ажиллаж байхдаа хүүхдүүдийг Английн томоохон их, дээд сургуулиудын байранд амралтын үеэр зохион байгуулагддаг 7-14 хоногийн сургалтуудад авч явж байсан туршлагатай. Хамтарч ажилладаг байгууллагууд маань Англидаа нэр хүндтэй, ерөнхий боловсролын хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрөөрөө туршлагатай. Ийм сургалт, аялалд хүүхэд явсанаар юм үзэж, үе тэнгийн найзуудтай болж, өөрийгөө нээж, сэтгэлгээний цар хүрээ нь тэлдэг.

Ийнхүү нэмэлтээр зохион байгуулах сургалт, аялал, бусад үйл ажиллагаагаа бид хоёр Оксфорд Эдукейшн Академийнхаа хүрээнд зохион байгуулна. 

 

Цэцэрлэг болон сургалтын төвийг хамтад нь хийх болсон шалтгаан юу вэ?

Б.И Сайнаагийн ярьсан урт хугацааны тогтвортой байдалтай холбоотой. Зайсан Кидс бол сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг болон сургалтын төвөөс бүрддэг. Манай хүүхдүүд цэцэрлэгээ төгсөхөд 1-р ангид амжиллтай суралцах суурийг бид зөв тавихыг хичээсэн. Тиймээс бага ангийн мэргэжлийн багш тэдэнд хэрхэн зөв суух, үзэг харандаагаа зөв барих, анхаарлаа төвлөрүүлэх, багшийн зааварчилгааг сонсож, хүлээж авах зэргээр амжилттай суралцах суурийг нь тавьж сургуульд бэлтгэхэд дэмжинэ.

Тогтвортой байдал гэдэг ойлголт мөн манай байгууллагын эцэг эх, асран хамгаалагчтай харилцах харилцаан дээр хүртэл илэрч байх ёстой. Хүүхдийн хөгжил, хүмүүжлийн тулгуур багана бол эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, дэмжлэг. Энэ оролцоо, дэмжлэг хүүхдийн насны онцлогт тохирсон байх ёстой. Гэвч бүх эцэг эхчүүд хүүхэдтэйгээ зохистой харьцдаг уу гэвэл үгүй, учир нь тэдэнд зааж зөвлөөд чиглүүлсэн зүйл байхгүй, олж уншиж мэдсэн зүйлс хомс байж болно. Бас л бидэнд амьдрал дээр тулгарсан бодит асуудал байсан тул тодорхой хэмжээнд шийдвэрлэхийг хүссэн. Хүүхдийн насны онцлог юу вэ? Энэ насандаа ямар ааш авир гаргадаг вэ? Бие бялдрын, сэтгэл зүйн болон хэл ярианы хөгжлийн түвшин ямар байх вэ? Хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ? Тэднийг яаж ойлгох вэ? гээд түмэн асуулт бий. Үүнийг сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн мэргэжилтнүүдийг урин эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгч, сургалт воркшоп тогтмол зохион байгуулсанаар бидний үр дүн улам сайжрах юм.

Б.С Хүн дуртай, чаддаг зүйлээ хийх нь амжилт дагуулдаг гэж би боддог. Тэр тусмаа өөрт тулгарсан асуудлын шийдлээ бизнес болгоно гэдэг бол минийн хувьд мөрөөдлийн ажлаа хийж байна гэсэн үг. Зайсан Кидсийг анх байгуулахад бид хоёр өөрсдөө итгэж үнэмшээгүй, ашгаас өөр бодсон зүйлгүй, агаарын, онолын зүйл ерөөсөө байгуулаагүй харин ч өөрсөддөө тулгарсан асуудлыг судалгаатай, шинжлэх ухаанч байдлаар цогцоор шийдвэрлэхийг зорьж цэцэрлэг, сургалтын төвийг хамт хийсэн. Тийм болхоор үйл ажиллагаа маань урт хугацаанд  оршин тогтнож явцын дунд тогтмол шинэчлэгдэж, сайжирсаар байна гэдэгтээ итгэлтэй байна.  

Бидний хувьд Зайсан Кидс хүүхдүүдийн жаргалтай дурсамжуудынх нь нэгээхэн хэсэг байгаасай л гэж хүсдэг.  

Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье!

Zaisan Kids Playschool Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 105-р байр Зайсан Апартмент буюу Улаанбаатар сувиллын баруун урд, Хөрш Заан хотхоны хойно байрладаг.

Холбогдох утасны дугаар 8580-4747

Фейсбүүк хуудас: Zaisan Kids

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.