Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хорин хоёр долоон хоногтой ураг эсэн мэнд төрөх боломжтой болжээ

Б.Бөртэ-Үжин, IKON.MN
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: gettyimages

Өмнө нь зөвхөн дээд тал нь хорин гурван долоо хоногтой ургийг л эсэн мэнд төрүүлдэг байсан бол нярайн эрт үеийн нэн шаардлагатай эмчилгээг сайжруулсны үр дүнд өнөөдөр хорин хоёр долоон хоногтой ургийг амьд мэнд төрүүлэх боломжтой болжээ. 

Британийн Нярайн Анагаах Ухааны Нийгэмлэг “Бид нярайд шаардлагатай эмчилгээг түргэн шуурхай, зөв үзүүлснээр ядаж хэт дутуу төрөлттэй гурван хүүхдийн нэгийг аврах боломжтой болсон” хэмээн судалгааны тайландаа онцолсон байна. 

Энэхүү судалгааны ажлыг боловсруулахад чухал үүрэг гүйэтгэсэн, нярайн зөвлөх эмч, профессор Доминик Вилкинсон “Дутуу нярайн уушги нь бүрэн хөгжөөгүй байдаг учраас шууд эрчимт эмчилгээ хийх нь эрсдэлтэй, амьд гарах боломж тун бага. Британийн Нярайн Анагаах Ухааны Нийгэмлэгийн  өмнөх судалгаанд эмч нар 22 долоо хоногтой төрсөн нярайг аврахаар дөнгөж л оролдож байсан. Тэгвэл тэр оролдлого өнөөдөр биеллээ олж, боломжтой болсон нь үнэхээр гайхалтай” хэмээн хэлжээ.

22 долоо хоногтой төрсөн ихрүүд

 
Эх сурвалж: gettyimages

Рубен ба Женсон Пауэлл нар төрөх ёстой хугацаанаасаа 4 сарын өмнө мэндэлжээ.

2018 оны наймдугаар сард төрсөн Рубен, Женсон гэх ихэр хөвгүүд нь 22 долоо хоногтой төрсөн Британийн анхны нялхсаар бүртгэгджээ. 

Тэдний эцэг, эх Жэнни, Рич нар Корнуоллын төрөх эмнэлэгт эхэлж очсон ч Оксфордын тусгай эмнэлэгт хүргэгдэн ихрүүдээ төрүүлсэн аж.  Хатагтай  Пауэлл “Энэ үнэхээр гайхамшигтай түүх” хэмээн эмнэлэгт болсон бүх явдлыг ярьж өгсөн юм. Төрснөөс найман хоногийн дараа Рубен дотрын мэс засал хийлгэсэн бол Женсоны уушгины үйл ажиллагаа сул байсан ч эмчилгээний үр дүнд хоёул эсэн мэнд үлдсэн байна. Эмч нар ихрүүдэд 20 удаа цус сэлбэж, хараагүй болохоос урьдчилан сэргийлж нүдний тарилга, лазер мэс засал хийжээ. Мөн уушгины хатгалгаанаас сэргийлж, цусны хордлогыг нь тайлж чадсан аж. 

Гэхдээ хэт дутуу төрөлттэй нярайн амьд гарах боломж бага хэвээр байна. 2016 оны судалгаанаас харахад төрөлтийн энэ үеийн 486 тохиолдлоос 80 хувь нь эсэн мэнд төрж чадаагүй байна. 

Шаардлагатай эмчилгээг тэр дор нь үзүүлснээр хүүхдүүдийн гуравны нэгийг амьд үлдээх боломжтой аж. Гэхдээ эмчилгээ үр дүн өгөх эсэх нь тухайн хүүхдийн биеийн байдлаас ихээхэн хамаардаг. Мөн эрчимт эмчилгээ хүүхэд бүрт тохироод байдаггүй тул эмч нар заавал эцэг, эхтэй нь зөвлөлдөж шийдвэр гаргах ёстой.

23 долоо хоногтой төрсөн нялхсын тухайд л гэхэд 50 хувь нь эмчилгээний үр дүнд эсэн мэнд гарчээ. 2016 онд 38 хувь нь эсэн мэнд бойжсон бөгөөд энэ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт аж. Харин 26 долоо хоногтой нярайн 82 хувь нь амьд мэнд төрдөг. 

Дутуу нярайн төрөлт нэмэгдэж, үүнийг дагаад төрсний дараа хөгжлийн бэрхшээлтэй болох магадлал өндөр байсаар байна. 22 долоо хоногтой төрсөн нярайн гуравны нэг нь, харин 26 долоо хоногтой төрсөн нярайн аравны нэг нь хөгжлийн бэрхшээлтэй болдог гэсэн судалгаа бий. 

Дутуу нярайн амьд төрөлт нэмэгдэж байгаа учраас:

  1. Олон жилийн турш эмч, эрүүл мэндийн байгууллагууд эх, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээг сайжруулахад анхаарлаа хандуулж байна.
  2. Уушгины үйл ажиллагааг дэмжих стериод/даавар/-ыг төрөхийн өмнө тарьснаар нярайн уушгины үрэвсэл, хатгалгаанаас сэргийлж байна.
  3. Мөн нярайг агааржуулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга техник сайжирсан.
  4. Хэт дутуу төрсөн нярайг төрүүлэх тусгай эмнэлгүүдийн тоо нэмэгдсэн байна. 

Арван жилийн өмнө хэт дутуу нярайн тал хувь нь л хүн болж бойжог байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 80 хувьд хүрчээ.

 

Эх сурвалж: BBC