Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд Япон хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг зоогийн газрыг батламжиллаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Японы баталгаат хүнсний бүтээгдэхүүнийг ашигладаг ресторанаар шалгарч, өнөөдөр батламжаа гардан авлаа.

Тодруулбал, Японы Гадаад худалдааны байгууллага болох JETRO-гоос дэлхий дээрх Япон хүнсний бүтээгдэхүүнийг ашигладаг ресторанд батламж гардуулдаг. Энэхүү батламжийг Монголд анх удаа “Takesan miso ramen" ресторан авч байгаа юм.

2019 оны есдүгээр сарын 30-ны байдлаар дэлхийн 50 гаруй улсын 4,337 ресторан, зоогийн газар япон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн батламжтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. 

Япон хоолоор үйлчилдэг хэдий ч бусад оронд үйлдвэрлэгдсэн түүхий эд ашигладаг бол батламж олгодоггүй

 
Гэрэл зургийг Mpa.mn

Японы Гадаад худалдааны байгууллага (JETRO)-ын Бээжин дэх салбарын дэд дарга Хината Хироми "Гадаадад япон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг ресторан, зоогийн газруудад батламж олгох тогтолцооны гол зорилго нь аж ахуйн нэгжийн олон тооны сүлжээгээр дамжуулан гадаад орнууд дахь хэрэглээ, худалдан авалтыг нэмэгдүүлэх юм.

Энэхүү батламжийг Японы хөдөө аж ахуй, ой мод, загасны аж ахуйн яамнаас баталсан удирдамжийг үндэслэн зөвхөн Япон хүнсний бүтээгдэхүүнийг байнга идэвхтэй хэрэглэдэг гадаад дахь салбар зоогийн газарт олгодог.

Батламжийг авахын тулд тухайн ресторан нь:

  1. Япон хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, япон архийг өдөр тутмынхаа бүтээгдэхүүнд хэрэглэдэг байх. Япон барааны тасгийн хувьд байнга худалдаалдаг байх.
  2. Япон хүнсний бүтээгдэхүүнээ хоолны цэсэн дээрээ харуулах
  3. Япон хүнсний бүтээгдэхүүний гайхалтай шинж чанарыг зочдод сурталчлах гэсэн үндсэн гурван шалгуурыг хангасан байх шаардлагатай.

Япон хоолоор үйлчилдэг хэдий ч бусад оронд үйлдвэрлэгдсэн түүхий эд ашигладаг бол батламж олгодоггүй" гэсэн юм. 

Дээрх тогтолцоо хэрэгжиж эхэлснээс хойш гурван жил гаруйн хугацаанд япон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг ресторан, зоогийн газрын тоо 4,000 орчим болон нэмэгдсэн бөгөөд батламжтай ресторан, зоогийн газрын тоогоор Хонг- Конг, БНХАУ, Тайланд, АНУ зэрэг орнууд ордог аж.

Батламжтай болсноор тухай ресторан япон хүнсээр үйлчилдэг гэсэн таних тэмдэгтэй болохоос гадна JEТRO-гийн 45 салбарын сүлжээгээр дамжуулан түүхий эд үйлдвэрлэгчидтэй холбогдож, улирлын чанартай бүтээгдэхүүнийг авах боломжтой.

Мөн Японы Хөдөө аж ахуй, Ой мод, загасны аж ахуйн яамнаас гаргасан "Taste of Japan" вэб сайтанд мэдээллээ оруулж үйл ажиллагаагаа сурталчлуулах боломж бүрддэг юм байна.

Түүнчлэн JETRO нь цаашид ч Монголчуудад япон хүнсний бүтээгдэхүүний гайхалтай талыг таниулан, монгол дахь батламж авсан рестораны тоог нэмэгдүүлэхийн тулд хичээнэ гэдгийг  Хината Хироми онцоллоо.

Улаанбаатар хотод 40 гаруй Япон ресторан байдаг

 
Гэрэл зургийг Mpa.mn

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Хаяаши Шиничиро “Өнөөдөр Улаанбаатар хотод 40 гаруй Япон ресторан байдаг гэсэн мэдээлэл байна.

Монголд Японы хүнсний бүтээгдэхүүнийг ашигладаг зоогийн газрын анхны батламжийг Япон рамены газар авч байгаад тун их баяртай байна. Учир нь Рамен бол олон зүйл бодолгүй өдөр бүр идэж болохоор бөгөөд хүмүүст хамгийн ойр байдаг хоол гэж хэлж болох юм.

Такесан рамен нь 800 гаруй жилийн түүхтэй Мисог гол орцоо болгодог гэдгээрээ онцлогтой.

Мах түлхүү хэрэглэдэг Монгол хоол болон загас ногоо түлхүү хэрэглэдэг Япон хоол хоорондоо асар ялгаатай ч Монголчууд Япон хоолны онцлог давуу талыг мэддэг болсонд баяртай байна.

Японы Элчин сайдын яамтай ойрхон байдаг болоод ч тэр үү би хэд хэдэн удаа энэ газарт рамен идэхээр ирж байсан. Ирэх бүрдээ сайхан амтыг мэдэрдэг. Үүнийг ганц би төдийгүй Монголд ажиллаж, амьдарч байгаа нийт Япончууд ч мэдэрдэг гэж бодож байна.

Цаашдаа Монголд үйл ажиллагаа явуулдаг өөр олон Япон ресторан, зоогийн газар энэ батламжийг авч чанартай, аюулгүй Япон хүнсээр үйлчилнэ гэж итгэж байна" гэлээ.

Манай ресторан нээгдээд удаагүй байгаа ч маш олон Япон, Монгол үйлчлүүлэгчтэй болсон

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Takesan miso ramen" рестораныг ажиллуулдаг “Мүгэн” ХХК-ийн захирал Л.Бямбасүрэн “Манай компани Монгол Японы хоорондын соёл, бизнесийг хөгжүүлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа явуулаад 15 жил болж байна.

Өнгөрсөн хугацаанд бид Японы чанартай үйлчилгээг Монголд нэвтрүүлэх зорилгоор ажиллаж ирсэн.

Нэг жишээ нь Такесан Мисо Раменгийн газар юм. Ямар ч өөрчлөлтгүйгээр Япон раменгийн амтыг Монголд нэвтрүүлэх.

Үүнтэй зэрэгцэн зөвхөн Японд ашигладаг жорыг Монголд нэвтрүүлэх юм. Иймээс бид Раменд хэрэглэдэг ихэнх бүтээгдэхүүнээ Японы үйлдвэрээс нь шууд нийлүүлж үйлчилгээгээ явуулдаг.

Тиймээс бидний хичээл зүтгэл, үзэл баримтлалыг үнэлэн JETRO-гоос энэ батламжийг олгож байгаа хэмээн бодож байна.

Манай ресторан нээгдээд удаагүй байгаа ч маш олон Япон, Монгол үйлчлүүлэгчтэй болсон.

Энэ батламжийг манай компани Монголд Улсаас хамгийн анх хүлээн авч байгаад баяртай байна" гэсэн юм.

"Takesan miso ramen" ресторан нь Шангрила Моллын замын зүүн талд Олимпик Резиденсийн гурван давхарт байрлаж байна.

Гэрэл зургийг Mpa.mn