Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хулан: Анхны уран бүтээл болохоор самгардах үе байсан. Бусдадаа төвөг болохгүйг хичээсэн

А.Мөнхзул, Өдрийн сонин
2019 оны 10 сарын 22
Өдрийн сонин
 

“Фантастик” продакшны шинэ уран бүтээл болох "37-р точка олон ангит уран сайхны кино үзэгчдийг амралтын өдрүүдээр дэлгэцийн өмнө уяж байгаа билээ.

Кино гарч эхэлсэн цагаас хойш олны хайр хүндэтгэлийг хүлээж, сайшаан магтуулж буй залуу жүжигчин Д.Хулан буюу "Өнчин ягааны ганган Тогосоо"-той уулзаж, уран бүтээл болоод хувийн амьдралынх нь талаар ярилцсан юм.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Д.Хулан гэдэг. Дархан хотод төрж өссөн. Аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй цогцолбор” сургуулийг төгссөн. Одоо Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийн дөрөвдүгээр курсэд суралцдаг.

-Бага насныхаа талаар дурсаач. Ямархуу хүүхэд байсан бэ?

-Би Салхитад эмээ өвөө дээрээ өссөн. Өвөө эмээгийн эрх хүүхэд, өвөө эмээгээ л аав, ээж минь гэж боддог байлаа. Аав, ээж хоёр маань гадаадад ажиллаж амьдарч байгаад намайг долоон настайд эргэж ирэн хамтдаа амьдрах болсон. Би багадаа ичимхий, дуугүй, бишүүрхүү, хүний нүд рүү эгцэлж харж чаддаггүй, гэрийнхнээсээ их эмээдэг тийм л хүүхэд байсан даа.

-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

-Багаасаа Драмын театрын жүжгийг үзэх гэж хот руу зорьж ирдэг байлаа. Тиймдээ ч жүжигчин мэргэжлээр суралцахыг хүсдэг байсан. Тэгээд ээждээ хэлэхээр “Үгүй ээ, миний охин эмч болно” гэдэг байсан. Гэхдээ зөрсөөр байгаад СУИС-д орсон.

Хүссэн мэргэжлээрээ суралцах мөрөөдлөө биелүүлээд ч зогсохгүй УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар багшийнхаа шавь болсон. Үнэхээр азтай хэрэг шүү. Дархан хотын “Залуучууд театр”-ын Батука багш дээрээ очоод “Багш аа, би СУИС-д ормоор байна. Та намайг бэлдээд өгөөч” гэж гуйсан. Тэгэхэд багш зөвшөөрч миний төлөө чин сэтгэлээсээ ажилласан ганц хүн.

Хамгийн гол нь надаас мөнгө төгрөг хараагүй. Зөвхөн намайг хүссэн сургуульдаа ороод амжилттай суралцаасай гэж хүсэж, маш их дэмжсэн. Дараа нь сургуульдаа тэнцээд орохоор болоход маш их баярлаж байсан.

-Жүжигчин мэргэжлийн сайхан нь юундаа байдаг вэ, таныхаар?

-Нийгэмд болж буй сайн муу зүйлсийг байгаагаар нь уран сайхны аргаар харуулж, болохгүй бүтэхгүй зүйлийн толь болж өгдөг мэргэжил юм байна гэж ойлгодог. Хүмүүсийг нэг ёсондоо соён гэгээрүүлж, ухаарал өгч чаддаг болохоороо жүжигчин мэргэжил сайхан юм даа. Харин бүх мэргэжилд хувирч чаддагаараа онцлог.

-“37-р точка” киноны Тогосоо гэх бүсгүйн дүр таны ажилласан анхны дүр үү?

-Тийм ээ, анхны дүр. Гуравдугаар курсэд орсон намраа “Фантастик” продакшн дээр очиж пробонд ороод тэнцэж байсан. Тогосоо нэлээн хүнд дүр байсан. Анхны уран бүтээл дээрээ ажиллаж байгаа болохоор учраа олохгүй самгардаж байсан ч энэ хүмүүсийн уран бүтээлийг “алчихгүй” юмсан, баг хамт олондоо төвөг учруулахгүй юмсан гэж их хичээж ажилласан.

Тамираа ах “Дайны цэцэгс”, “Малина” зэрэг киног үз. Тэгээд дүрийнхээ чиг хандлагыг тодорхойл гэж хэлсэн. Зөвлөсөн кинонуудыг нь үзээд миний дүр ийм дүр юм байна гэсэн ойлголттой болж, өөртэйгөө ажилласан.

 

-Дүрдээ хэрхэн сонгогдож байв?

-СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн буюу одоо суралцаж байгаа жүжигчдийн фэйсбүүк групп байдаг. Тэнд энэ охины дугаарыг өгөөч гээд миний зургийг тавьсан байсан.

Тэгээд нэг хүн над руу залгаад “Их чухал дүр байгаа юм аа. Чи ирээд проб өгөөч” гэж хэлсэн. Тэгээд очсон чинь Ерөнхий найруулагч Тамираа ах, найруулагч Баттүшиг ах нар суугаад проб авч байсан. Тэр үед их сандарсан. Проб гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа. Дөрвөн хоног дараалан очиж проб өгсөөр тэнцэж, Тогосоогийн дүр дээр ажиллах эрхтэй болсон доо.

-Дүрээ авчихаад төрсөн тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Олон хүний итгэлийг хүлээж, маш том үүрэг хариуцлага авснаа ойлгож их айж сандарч байсан. Гэсэн ч маш их баярласан. Учир нь мундаг хүмүүстэй хамтарч ажиллахаар болсон. Тэнцлээ гэж сонсох үед бүр нүдэнд нулимс цийлгэнэсэн шүү.

-Өөрийгөө голж, чамлах үе байсан уу?

-Мэдээж, тийм үе байсан. Өөрийгөө чадахгүй байгааг мэдрэх үед ёстой хэцүү байдаг байсан. Тэр болгонд баг хамт олноо бодож, урам зориг авч хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж өөрийгөө зоригжуулсны эцэст киноныхоо ард амжилттай гарсан.

-Ар гэр болоод найз нөхөд, ойр дотных нь хүмүүс яаж хүлээж авсан бэ?

-Ээж маань анхандаа жаахан дүргүй ч гэх юм уу, хэрэггүй байх аа гэж хэлдэг байсан. Найз залуу маань бас эргэлздэг байсан. Гэхдээ сүүлд нь бүгд баяр хүргэж, баярлаж намайг дэмжсэн. Ангийн охиддоо баярлалаа гэж хэлье. Намайг хамгийн их дэмжиж, урамшуулж байсан.

-Найз залуугийнхаа талаар ярьж өгөөч, нууц биш бол шүү дээ?

-Найз залууг маань Түвшинтөгс гэдэг. Бид хоёр үерхээд хоёр жил болж байна. Нэг мэргэжлээр хамт суралцаж байгаа. Намайг бүх талаар минь тусалж дэмжиж хайрладаг мундаг залуу. Болохгүй бүтэхгүй гэх болгонд минь болно, бүтнэ, гээд л байнга урам зориг өгч хурцалдаг.

 

-Сургуулийн захиргаа болоод багш нар нь кинонд тоглох болсныг чинь яаж хүлээж авсан бэ. СУИС-ийг төгсөөгүй бол ямар нэг кино, зураг авалтад орох хориотой байдаг гэж сонссон, үнэн юм уу?

-Хэдэн жилийн өмнө тийм байсан гэсэн. Одоо бол гуравдугаар курсээсээ кинонд тоглож болно гэсэн зөвшөөрөл гарсан. Багш нарын хувьд бол Наранбаатар багшаасаа асуугаад ярилцсан чинь багш маань зөвшөөрсөн.

-Танай кинотой холбоотой фэйсбүүк групп маш олон байсан. Тэр группүүд руу орж сонирхсон уу. Хандалт нь ямархуу байна вэ?

-Орж үзсээн. Анхандаа эергээсээ илүү сөрөг хандлага их байх болов уу гэж бодож байсан. Гэтэл яг эсрэгээрээ маш их эерэг сэтгэгдэл уншсан. Сөрөг сэтгэгдэл тодорхой хэмжээгээр байсан ч тэрэнд нэг их ач холбогдол өгөөгүй.

Кино эхлэхэд маш их загнуулдаг байсан. “Хулаан, чи яг жаахан хүүхэд шиг байна. Хичээ, өөр дээрээ ажилла, чи ийм байна, тийм байна” гээд л. Тэр болгонд их сандардаг байсан ч өөрийгөө зоригжуулж, “Хулаан, чи чадна, чадах ёстой” гэж өөртөө хэлдэг байсан.

-Зураг авалтын үеэр хөгжилтэй зүйлүүд зөндөө л тохиолдож байсан байх. Манай уншигчдад зарим түүхээсээ сонирхуулаач?

-Өчнөөн л гоё сайхан зүйл болдог байсан. Гэхдээ яг одоо санаанд орох юм алга. Заримдаа хамт олонтойгоо уусаж чадахгүй, зохиолоо уншаад, дүр дээрээ хэрхэн ажиллах вэ гэж бодоод л байж байдаг байсан.

Хамт олон гэж ийм байдаг юм байна, нэг нэгнээ ингэж дэмждэг юм байна гэх мэтчилэн хамт олон ямар чухал байдгийг ойлгосон. “37-р точка” кино групп үнэхээр мундаг хамт олон байсан. Тэр хүмүүст үнэхээр их хайртай.

-Шинэ уран бүтээлийн санал ирсэн үү?

-Киноны санал ирсэн. Гэхдээ “Фантастик”-ийнхаа ах нартай зөвлөлдөж байгаад тоглох үгүйгээ шийднэ. Учир нь кино маань телевизээр гарч дуусаагүй байгаа.

-Кинонд тоглосноос хойш хувь хүн талаасаа болон амьдралд чинь гарсан өөрчлөлтүүд юу байв?

-Би их уйланхай л даа. Харин энэ кинонд оролцож, тоглосноороо хүний үгийг авдаг, хүнийг сонсож, ойлгодог болсон. Ер нь маш их сэтгэлийн хаттай болсон шүү. Амьдралд гарсан өөрчлөлт гэвэл хүмүүс мэр сэр таньдаг болсон юм уу даа.

-Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Одоогоор сургуулиа амжилттай төгсөж, мэргэжлээ л сайн эзэмшихийг зорьж байна. Ирээдүйд мэргэжлээрээ илүү гүнзгийрүүлэн суралцаж, мундаг жүжигчин болж өөрийгөө маш олон талаас нь хөгжүүлж, нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг өөрөөрөө дамжуулж олонд хүргэхийг хүсэж байна.

Нэгэнт энэ мэргэжлийг сонгосон болохоор чадахынхаа хэрээр дээш тэмүүлнэ. “Хүнд хүн шиг хүн байхаас өөр зорилго байх ёсгүй” гэдэг үг байдаг. Ямар ч үед хүн чанараа алдахгүй байх нь миний зорилгын нэгэн том хэсэг.

Зураг