Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд оруулж буй онцлох ГУРВАН САНАА

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголд сэтгүүл зүйн салбарын бие даасан хууль болох Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь 1998 онд батлагдаж байв.

Дөрвөн зүйл заалттай энэ хууль 20 гаруй жилийн турш манай улсын сэтгүүл зүйн салбарын луужин болж ирсэн юм. Цаг үетэйгээ нийцүүлэн энэхүү хуулиа сайжруулах, шинэчлэх хэрэгтэй хэмээн салбарынхан болон хууль санаачлагчид янз бүрийн оролдлогууд хийж ирсэн ч хангалттай шийдэлд хүрэхгүй байсаар өдийг хүрээд байна. Тиймээс хуулийн төсөл боловсруулахаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй энэ үед хуулийн төсөлтэй танилцаж, саналуудаа нэгтгэхээр сэтгүүл зүйн салбарын ажилтан, эрдэмтэн судлаачид өнгөрсөн Баасан гарагт зорилтот хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ) санаачлан зохион байгуулж, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо, Нийслэлийн сэтгүүлчдийн холбоо зэрэг мэргэжлийн холбоо болон МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, Авлигатай тэмцэх газар оролцов.

 
Гэрэл зургийг mpa.mn

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Бид хангалттай хэмжээнд ойлголцож чадаагүй учраас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль парламентын босгоор хэд хэдэн удаа давсан ч бүдэрсэн. Тиймээс уулзан хэлэлцэж, хамтран ажиллаж, үзэл санаагаа нэгтгэх хэрэгтэй" хэмээн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ тодотголоо. 

Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дэд ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүй, бодлогын газрын дарга П.Сайнзориг хуулийн төслийг танилцуулсан юм. Түүний танилцуулсан төслөөс онцлох гурван санааг хүргэж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

НЭГ. Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшигчдийг ил болгоно

Хэвлэл мэдээллийн байгууллагын таваас дээш хувийн хувьцаа эзэмшигчдийн нэр, эзэмшиж буй хувьцааны тоог олон нийтэд ил тод байлгах саналыг тусгажээ. Мөн Ерөнхий редактор болон тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтны талаарх мэдээллийг ил тод байлгахаар мөн санаачилсан байна. 

Үүний дээр олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн тайланг нийтэд нээлттэй байна хэмээн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн саналд оруулжээ.

ХОЁР. Ташаа мэдээллийн улмаас хохирсон иргэн нэг сарын дотор гомдол гаргах эрхтэй

Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл хэвлэн нийтлэгдсэний улмаас нэр төр нь хохирсон, эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд нэг сарын дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд түүнийг хүлээн авсан редакц 30 хоногийн дотор хариу өгөх учиртай юм.

Хэрэв гомдол гаргах хугацаа хэтэрсэн, холбоо барих хаяг, нэр тодорхой биш бол залруулга хийхээс татгалзаж болно.

ГУРАВ. Шүүхээр тогтоосон нөхцөлд эх сурвалжаа ил болгоно

 
Гэрэл зургийг mpa.mn

Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй гэдэг ч энэ нь хуулиар баталгаажиж чадаагүй байсан билээ. Тэгвэл боловсруулагдаж буй хуулийн төсөлд энэ эрхийг баталгаажуулж өгсөн ч шүүхээр тогтоогдсон нөхцөлд эх сурвалжаа ил болгохыг тусгаж буй нь зорилтот хэлэлцүүлэгт оролцогчдын дунд нэлээд маргаан үүсгэсэн юм.

Тодруулбал, энэ заалтыг оруулах нь сэтгүүлчийн үйл ажиллагаанд тавих цензур болно хэмээн буруутгах хүн олон байв. Харин Ажлын хэсгийн гишүүн, Глоб интернэйшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал "Эх сурвалжаа нууцлах нь зөвхөн эх сурвалжийг хамгаалахын тулд зориулагдсан агуулга биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс ямар онцгой тохиолдолд ил болгох вэ гэдгийг тодорхойлох ёстой. Энэ бол үнэмлэхүй эрх биш" хэмээсэн.

Гэвч ихэнх нь энэхүү заалтыг оруулахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, эх сурвалжаа ил болгох талаар хуульчлах нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйд ухралт болно гэв.

Төгсгөлд нь, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүд дахин хэлэлцэж, хуульд заавал тусгах ёстой саналуудыг нэгтгэснээр хууль боловсруулах ажлын хэсэгт саналаа хүргүүлэхээр боллоо.