Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

FATF: Монгол, Исланд, Зимбабвегийн эсрэг санхүүгийн ямар ч хориг тавихгүй гэж мэдэгджээ

ikon.mn
2019 оны 10 сарын 20
iKon.MN
 

Аравдугаар сарын 13-18-ны өдрүүдэд Парис хотод болсон ФАТФ-ын ээлжит хурлаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын талаар Монгол Улсын сүүлийн хоёр жилийн хугацаанд гаргасан ахиц дэвшлийн талаар хэлэлцээд хяналтад байх орнууд буюу Саарал жагсаалтад оруулах шийдвэр гаргасан билээ. 

Уг хурлаас өмнө аравдугаар сард Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх(МУТСТ) тогтолцооны үр дүнтэй байдлыг бэхжүүлэх чиглэлээр Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) болон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG) байгууллагатай тус тус хамтран ажиллахаа илэрхийлсэн. Харин улс төрийн өндөр түвшний уг амлалтыг ФАТФ хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлсэн талаар бид мэдээлсэн. 

Монгол Улсын хувьд 2017 оны харилцан үнэлгээний тайлангаас хойш зөвлөмжид заасан техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг сайжруулахтай холбоотойгоор тодорхой ажлууд хийж, үнэлгээгээ ахиулсан.

Харин цаашид дараах нэмэлт ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар болж байна:

  • Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд  хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх;
  • Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлэх;
  • Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх;
  • Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх зэрэг болно.

Монгол Улс нь эдгээр ажлыг тогтоосон хугацаанд хурдан хийж гүйцэтгэх үүрэг хүлээж буй бөгөөд ФАТФ болон түүний бүс нутгийн байгууллагууд уг ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, тогтмол ажиллах юм.

ФАТФ нь Монгол Улсын эсрэг ямар нэгэн эрчимтэй хяналт хэрэгжүүлэхийг  (enhanced due diligence) бусад улс орон, байгууллага, хуулийн этгээдүүдэд уриалахгүй  бөгөөд эрсдлийн үнэлгээ хийхдээ Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд илэрсэн учир дутагдалтай асуудлуудыг харгалзан үзэхийг зөвлөмж болгож буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын талаар гарсан ажлын төлөвлөгөөтэй холбогдуулан Монгол Улсын эсрэг ямар нэгэн санхүүгийн хориг арга хэмжээ авагдахгүй, олон улсын төлбөр тооцоонд ямар нэгэн саад тотгор учрахгүй юм.

ФАТФ нь дэлхийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандартыг тогтоодог засгийн газар хоорондын байгууллага.

Олон улсын санхүүгийн тогтолцоог мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдлээс хамгаалах болон МУТСТ стандартуудын хэрэгжилтийг аль болох өргөн хүрээнд хангуулахын тулд ФАТФ нь стратегийн учир дутагдалтай асуудлуудтай улс орнуудыг тодорхойлж, олон улсын санхүүгийн системд эрсдэл учруулж буй уг учир дутагдалтай асуудлыг засаж залруулахын тулд тухайн улс орнуудтай хамтран ажилладаг юм. 

ФАТФ нь стратегийн учир дутагдалтай асуудалтай улс орнуудыг авч хэрэгжүүлж буй сөрөг арга хэмжээний хүнд, хөнгөн байдал, цар хүрээний шинжээр нь ангилдаг.

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ФАТФ-ын гаргасан олон нийтийн мэдэгдэлд ФАТФ-ын хяналтанд орсон улс орнуудыг ангилж тэдгээрийн эсрэг ямар арга хэмжээ авагдах талаар мөн мэдээлжээ. Энэ талаар хүргэвэл:

1. Сөрөг арга хэмжээ, эрчимтэй хяналт хийгдэх мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн учир дутагдалтай улс орнууд(Jurisdictions with strategic AML/CFT deficiencies for which a call for action applies)-д БНАСАУ, Иран улс бичигдэж буй. 

Умард Солонгос

Умард Солонгос нь МУТСТ ноцтой учир дутагдалтай бөгөөд түүнийгээ засаж залруулах чиглэлээр ажиллаагүй төдийгүй олон улсын санхүүгийн тогтолцоонд ноцтой аюул заналхийлэл учруулж буй. 

Иймд ФАТФ нь гишүүн улс орнууд болон бүх улс орнуудад өөрийн банк санхүүгийн байгууллагуудад БНАСАУ болон тус улсын аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагууд, тэдгээрийг төлөөлж буй этгээдтэй бизнесийн харилцаа тогтоох, гүйлгээ хийхэд онцгой анхаарал хандуулахыг ятгаж байна. Түүнчлэн НҮБ-ын тогтоолуудын дагуу эрчимтэй хяналт шалгалтыг явуулж, нэмэлт хариу арга хэмжээ, зорилтод санхүүгийн арга хэмжээ авахыг шаардаж байна. Мөн улс орнуудыг Умард Солонгосын банкуудын салбар, төлөөлөгчийн газруудыг татан буулгах, корреспондент харилцааг цуцлахад шаардлагатай арга хэмжээ авахыг шаардаж байна.

Иран

ФАТФ дараах чиглэлээр нэмэлт ажлын төлөвлөгөө хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

1) Терроризмыг санхүүжүүлэх үйлдэлд гэмт хэрэгт тооцож шийтгэх, жагсаалтад орсон этгээдийн эсрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх;

2) НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу террорист этгээдийн хөрөнгийг олж тогтоох, түүнийг царцаах;

3) Харилцагчийг таньж мэдэх үр дүнтэй тогтолцоог бий болгох, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг байх;

4) Хууль тогтоомжийн дагуу терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой сэжигтэй гүйлгээний тайланг тодорхой болгох, түүнийг ашиглах үйл ажиллагааг сайжруулах;

5) Хууль бус мөнгөн гүйлгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг цуцлах, тэдгээрт хариуцлага тооцох;

6) Олон улсын гэрээнд нэгдэн орох, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр бусад улстай хамтран ажиллах чадавхийг бүрдүүлэх

7) Санхүүгийн байгууллагуудаар хийгдэж буй мөнгөн гүйлгээний эцсийн өмчлөгч, холбогдох мэдээллийг бүрэн дүүрэн тусгасан байх, түүнд хяналт тавьдаг байх зэрэг болно.

Иймд ФАТФ-аас 2019 оны 6 дугаар сард Ираны санхүүгийн байгууллага, түүний салбар, төлөөллийн газруудад тавих хяналт шалгалтаа нэмэгдүүлэхийг гишүүн улс орнуудад уриалсны дагуу энэ долоо хоногт Иран улсын санхүүгийн байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газруудад аудитын шалгалт хийх, өргөтгөсөн хяналт шалгалт болон санхүүгийн гүйлгээний талаар мэдээлэх шаардлагыг хэрэгжүүлэхээр тогтов. 

Хэрэв 2020 оны 2 дугаар сараас өмнө Иран Улс нь Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Палермогийн конвенц болон Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх конвенц, ФАТФ-ын стандарт шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол ФАТФ-аас тус улсын эсрэг олон улсын санхүүүгийн хориг арга хэмжээг зөвлөмж 19-т заасны дагуу авч, бүрэн хяналтад оруулж ажиллах болно.

2. ФАТФ-тай хамтарч ажлын төлөвлөгөө боловсруулсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн учир дутагдалтай улс орнууд (Jurisdictions with strategic AML/CFT deficiencies for which they have developed an action plan with the FATF)-д Бахама, Ботсвана, Камбожи, Гана, Исланд, МОНГОЛ, Пакистан, Панам, Сири, Тринидад Тобаго, Йемен, Зимбабве багтав.

Исланд 

Энэ улс ФАТФ-ын жагсаалтад орсон шалтгаан нь:

1) Хуулийн этгээдийн үндсэн болон эцсийн өмчлөгчийн нарийн тодорхой мэдээлэлд хууль сахиулах байгууллагуудын зүгээс цаг тухай бүр нэвтрэхэд хүндрэлтэй;

2)  Сэжигтэй гүйлгээ мэдээлдэг стратегийн болон тактикийн дүн шинжилгээ хангалттай түвшинд хийгддэггүй, Сэжигтэй гүйлгээ мэдээлэх автомат системгүй;

3) Банк санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг этгэдүүдийн дунд хориг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг явуулах тогтолцооны хэрэгжилт хангалтгүй, түүнчлэн ашгийн бус байгууллагуудын хянах тогтолцоо бүрдээгүй зэрэг шалтгаануудаас жагсаалтанд оруулаад байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын шалгуурыг хангахад хангалттай арга хэмжээ авч, ахиц дэвшил гаргаж байгаа ч зарим нэг учир дутагдалтай стратегийн асуудлыг сайжруулах шаардлагатай улс орнуудын эсрэг  ФАТФ эрчимтэй, сөрөг арга хэмжээ авахыг шаардахгүйгээр урьдчилан томилогдсон олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгээр дамжуулан ахиц дэвшил гаргаж буй эсэхэд хяналт тавьдаг.

Улс орнууд энэхүү жагсаалтаас гарахын тулд аль болох түргэн хугацаанд, ФАТФ-аас тогтоосон хугацаанд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээдэг.

3. ФАТФ-ын хяналтаас гарсан улс орнууд (Jurisdictions no longer subject to monitoring) - Этиоп, Тунис, Шри Ланка.

Хангалттай ахиц дэвшил гаргасан бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан бүх ажлуудыг хангалттай хийж гүйцэтгэсэн тул жагсаалтаас гаргав.

Монгол Улс

Хэдийгээр Монгол Улсыг ФАТФ-ын хяналтад оруулсан ч дээр дурдсанаар энэхүү хяналтын хүрээнд Монгол Улсын эсрэг чиглэсэн ямар нэгэн эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ байхгүй, эрчимтэй хөндлөнгийн хяналт шаардахгүй.

Монгол Улсын хувьд:

  • Санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй
  • Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй
  • Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байна;
  • Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байна зэрэг шалтгаанаар хяналтад багтаад байна.

ФАТФ-аас Монгол Улсад даалгасан дээрх нэмэлт ажлын төлөвлөгөөг богино хугацаанд хэрэгжүүлж үр дүн гаргаснаар Монгол Улс нь ФАТФ-ын хяналтаас гарна.

Энэ хүрээнд нэмэлт ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах нь.

Эцэст нь

ФАТФ-аас хяналтад оруулсан улсын эсрэг ямар нэгэн санхүүгийн хориг арга хэмжээ авахгүй бөгөөд бусад улс орнуудаас шахалт үзүүлэх асуудал байхгүй тул валютын урсгал, хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд ямар нэгэн хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэдгийг эрх бүхий байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байна.

Харин ФАТФ-ын албан ёсны шийдвэр, түүний үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт байсаар байхад манай улсын зарим улстөрч, эдийн засагчдын зүгээс олон нийтэд буруу ташаа мэдээлэл хийж байгаа нь сөрөг үр дагаврууд бий болгох эрсдэлтэй.

Түүнчлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсны эх сурвалж, үндэслэл тайлбаргүйгээр илт буруу мэдээлэл цацаж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлж болзошгүй эрсдлийг нэмэгдүүлэх нь.

Дээрх асуудлаас үүдэж манай улсын зарим арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, валют арилжааны төв, арилжаа эрхлэгчдийн зүгээс валютын зохиомол хомсдол бий болгох, ханш өсгөх үйлдлүүд гаргаж байна.

Эдгээр үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.2 дугаар зүйлд заасан “Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх” гэмт хэргийн шинжийг агуулж байж болзошгүй байна.

Эрүүгийн хуулийн 18.2.Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх гэмт хэрэг нь:

  • 1. Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг зохиомлоор өсгөх, бууруулах зорилгоор худал мэдээлэл тараасан, мөнгөн тэмдэгт, валют худалдсан, худалдан авсан, гүйлгээ хийсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж;
  • 2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

гэж заасан байдаг байна.

Иймд эрх бүхий байгууллагын албан ёсны тайлбар, мэдэгдэлд үндэслэж асуудалд бодитой хандахыг ард иргэдэд уриалж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.