Архин далайд амь тавих нь
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл юу хийгээд байна вэ
Дэд бүтэц нь сайн хөгжөөгүй хэрнээ архины үйлдвэрлэл асар хурдацтай өссөн тул монголчууд архины хэрэглээгээрээ аль хэдийн орос ах нарынхаа өмнө гишгэж сөрөг амжилт тогтоогоод авсан.
Өдгөө судлаачдын тооцоолсноор нэг монгол хүнд 23 литр архи ногддог, энэ нь дэлхийн хэмжээний хамгийн том үзүүлэлт гэх эмгэнэлтэй дүн гарсан байна.
Өөрөөр хэлбэл энэ нь манай улсын нийт хүн амын тал хувь нь хагас өлсгөлөн, үлдсэн 20 хувь нь өлсгөлөнгийн байдалтай амьдарч буй хэрнээ хөгшин, залуу, нялх, балчиргүй хар усыг хүссэнээрээ хэрэглэдэг гэсэн үг юм.
14-16 насны охид хөвгүүд архийг ундаа шиг ууж гудамж талбайд гэртээ унтаж байгаа мэт хэвтэх дүр зургийг харуулах болсон.
Үнэндээ архинаас болж өдгөө хэчнээн хүн амь насаа алдаж, хэд нь шоронгийн хаалга татаж байгааг таахад бэрх.
Хамгийн ойрын жишээ л гэхэд өнгөрсөн долоо хоногт Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 39 настай А гэгч залуу архидан согтуурсан үедээ 60 настай эцгээ хөнөөсөн.
Энэ мэт нийгмийг бүхэлд нь цочирдуулсан гэмт хэргийг үйлдэгчид нь ихэвчлэн согтуудаа үйлдсэн байдаг. Ердөө хоёрхон жишээ дурьдахад хань нөхрөө харамлан хардахдаа мэргэжил нэгт найзынхаа аминд хүрсэн эмэгтэй хэрэг үйлдэхдээ согтуу байсан. Хорссон хүргэн хадмуудаа халуун бүлээр нь шатаахдаа ч мөн л согтуу байжээ.
Мөн Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн хоёр охины амь насыг хөнөөсөн этгээд хэргийг согтуудаа л үйлдсэн байдаг.
Зөвхөн архидалтын улмаас золгүй тохиолдлоор жилд 1000 хол давсан хүн хорвоогоос цаг бусаар буцдаг гашуун тоо байдаг. Харин он гарснаас хойш гарсан хүн амины болон хүчингийн гэмт хэргийн 90 хувь нь согтуугаар үйлдэгджээ. Гэтэл архины үйлдвэрүүдийг цөөлөх тухай эрх мэдэлтэй хүмүүс огтхон ч хөндөж ярьдаггүй нь тун хачирхалтай.
Монгол Улсын хэмжээнд бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 92 аж ахуйн нэгжийн нийт 144 үйлдвэр байдаг. Үүнийг задалж үзвэл спиртийн 16, архины 93, дарсны 14, шар айрагны 21 үйлдвэр байна. Эдгээр үйлдвэр нийт 152 нэр төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэж зах зээлд гаргадаг. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 8-9 литр хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үздэг юм билээ.
Харамсалтай нь цөөхөн хүн амтай манай улсад жилд нэг хүнд ногдох архины хэрэглээ 23 литрт хүрч, хэрэглээ буурах нь битгий хэл архинд донтогсод нэмэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж байна.
Тэгвэл Наркологийн судалгаанаас харахад манайд насанд хүрэгсдийн 55.2 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг, жилдээ 140 мянган хол давсан хүн эрүүлжүүлэгддэг аж.
Мөн архинд донтох эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай 12 мянган хүн байгаа нь Монгол Улс архинд живж буйг тодхон харуулна. 2013 оны хагас жилийн байдлаар импортоор оруулж ирж буй согтууруулах ундааны тоо хэмжээ өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өсчээ.
Түүнчлэн 360 хүн тутамд архи борлуулах нэг цэг оногдож байгаа нь бусад орны дунджаас хэд дахин их байгаа юм. Нийгэм ийм эмгэнэлтэй байхад архины эсрэг дорвитой үйл ажиллагаа явуулахгүй хэвээр л байна. Тэгсэн атлаа архины үйлдвэрүүд хуруу даран нэмэгдэж, тэд нь онцгой албан татварыг нэмэхээр эсэргүүцэж, дайн зарлах нь холгүй болж байна.
Тиймдээ ч өнөөдөр УИХ-ын зөөлөн сэнтийд архины гэх тодотголтой хэд хэдэн эрхмүүд заларч, өөрсдийн бизнестээ ашигтай, түүнийгээ аврах аятайхан хууль баталдаг хачин тогтолцоо бий болгожээ.
Өнөөдөр 14-16 насны охид хөвгүүд архийг ундаа шиг ууж гудамж талбайд гэртээ унтаж байгаа мэт хэвтэх дүр зургийг харуулах болсон.
Өнгөрсөн онд 6-11 дүгээр ангийн сурагчдийн дунд “Архидалт мансуурлын эсрэг” төвөөс "Архийг ямар нэг хэмжээгээр ууж үзсэн үү" гэсэн асуулга явуулахад 45 хувь нь их, бага хэмжээгээр ууж үзсэн гэжээ.
Гэтэл дээрх насны хүүхдүүд “зөвхөн сэтгэл хөөрөл болон сонирхлын журмаар архи ууж үзсэн” гэх утгагүй хариулт өгсөн байдаг юм билээ. Энэ нь хүүхэд залуус маань архины бүхэл бүтэн армид хүмүүжиж байгааг хууль сахиулагчдад дохио өгч анхааруулж буй хэрэг юм. Зөвхөн дээрх тоо баримтаас үзэхэд сүүлийн хэдэн жил нэг ч үг, үсгэнд нь өөрчлөлт ороогүй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд томоохон өөрчлөлт хийж, амралтын биш архины тухай хууль яаралтай гаргаж хэрэгжүүлбэл яасан юм бол гэдгийг УИХ-ын 76 гишүүнд даймаар байна.
Уг нь амжилт бүтээлээрээ тэргүүлдэг атал монголчууд бид архины хэрэглээгээр тэргүүлчихлээ. Архи гэдэг хар ус Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч Монгол Улс мөхөх аюулд хүрээд байхад архиа үйлдвэрлэж, архин далайд живсээр байх уу, монголчуудаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

