Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсыг “Саарал жагсаалт"-д орох эрсдэлд хүргээд буй дөрвөн заалт

ikon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
http://www.criterion-quarterly.com/pakistan-fatf-evolving-grey-white-listing/

Монгол Улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ (FATF) -ын “Эрчимтэй хяналт”-д 2017 онд орж, есдүгээр сард Банкокт болсон ФАТФ-ын Ази Номхон Далайн бүс хариуцсан байгууллагын (APG)-хурлаар хугацаатай өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтээ танилцуулсан юм.

Уг хурлаас Монгол Улс ФАТФ-аас өгсөн 20 зөвлөмжөөс 16 үнэлгээг нь ахиулсан. Шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-т нь хангалтгүй үнэлэгдэж энэ оны 10 сар хүртэл дахин сайжруулах үүргийг хүлээгээд байсан юм. Тус үүрэг даалгаварыг хангахад Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон хууль сахиулах байгууллагуудаас бүрдсэн “Хамтын ажиллагааны зөвлөл” ажиллаж байгаа бөгөөд зөвхөн эдгээр байгууллага бус, нийт төрийн хэмжээнд санаа тавьж, зөвлөмжийн дагуу үр дүнд хүргэж, хяналтаас гарах асуудал юм. Манай улс өдгөө зайлшгүй сайжруулах ёстой үр дүнгийн үнэлгээний 11 үзүүлэлтээс дараах заалтуудыг хангаагүй байна. 

1.З-р зорилт:  

Шууд хэрэгжүүлэх байгууллага –Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам /Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/,  ХЗДХ-ийн яам /Монголын Нотариачдын танхим, Монголын хуульчдын холбоо/

“Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх” 

2.7-р заалт: 

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/

“Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах”

3.8-р заалт:

Шууд хэрэгжүүлэх байгууллага – Сангийн яам, Гаалийн ерөнхий газар

“Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах” 

4.11-р заалт:

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар 

“Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх”

Дээрх 4 зүйл бүхий заалтуудыг шууд хэрэгжүүлэх шаардлагатайг Монгол Улсад үүрэг болгоод байгаа билээ. Эдгээр заалт нь цэвэр УИХ, Засгийн газраас засаж залруулах ёстой ажлууд байна.

Хэрэв Монгол Улс богино хугацаанд эдгээр шаардлагад нааштай үр дүнг үзүүлсэн тайланг ФАТФ-т танилцуулахгүй бол нийт монгол иргэн бүрийн эрх ашиг зөрчигдөх ноцтой үр дагаварт хүрэх "Саарал жагсаалт"-д орох эрсдэлтэй юм.

Тиймээс төрийн дээд удирдлагууд үүнд аль нэг байгууллагыг буруутгахаас илүүтэй хуулийн цоорхойгоо нөхөж, улсаа мөнгө угаах эрсдлээс сэргийлэх эрх зүйн найдвартай орчинтой болгоход анхаарах шаардлага байна.

 

Х.Сүрэн