Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурт манай улсын 173 иргэн байнга оршин суудаг

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Сингапур Улсад айлчлах үеэр Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тус улсын Хууль зүйн яамны төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр хоёр улсын Хууль зүйн яам харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээс гадна Сингапур улсын мэргэжилтнийг Монголд урьж Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр туршлага хуваалцах, арбитрын чиглэлээр хамтрах, бизнесийн холбогдолтой хуулиудыг боловсронгуй болгоход туслахаар тохиролцсон байна.

Мөн Монголын талаас санал болгосон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх болон Иргэн, худалдааны хэргээр эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний төслүүдээр санал солилцсон аж.

Сингапурт манай улсын дөрвөн иргэн  хорих ял эдэлж байгаа

Манай улсын иргэд Сингапур улсад визгүй зорчдог тул хүний наймаа, мансууруулах бодисын хууль бус эргэлт, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр байдаг гэнэ.

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр тус улсад одоогийн байдлаар Монгол Улсын 173 иргэн байнга оршин суудаг. Тэднээс гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байгаа гурав, шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй дөрвөн иргэн байна. Харин Монголд Сингапур улсын нэг иргэн хорих ял эдэлж байгаа.