Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Шаардлагагүй зүйлсийг төрийн нууцад хамааруулснаас болж эргээд өөрсдөө "төрийн нууц задруулсан" болж харагдаад байна"

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 10 сарын 4
iKon.MN
 

Хүн бүр мэдэх эрхтэй. Энэ эрхийг төр хуулиар хамгаалж хангах үүрэгтэй. Харамсалтай нь манай хууль эрх зүйн тогтолцоо энэ эрхийг хязгаарлаж буй нь “Глоб интернэшнл” төвөөс санаачлан хийсэн “Олон нийтийн хэм хэмжээд нийцсэн хуулиар дамжуулан олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг дэмжих нь” судалгааны дүнгээр улам тодорхой болсон юм. 

Ялангуяа, Монголын төр, Засгийн газар, төрийн байгууллагууд иргэдээсээ нуух зүйл ихтэй болсон бөгөөд шаардлагагүй зүйлсийг үзэмжээрээ нууцалдаг болсон нь харагдаж буй. 

Энэ талаар Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч бөгөөд дээрх судалгааны хуульчдын багийг ахлан ажилласан Л.Галбаатартай ярилцлаа. 


-Та “Олон нийтийн хэм хэмжээд нийцсэн хуулиар дамжуулан олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг дэмжих нь” хэмээх судалгааны хуульчдын багийг ахалсан хүний хувьд Засгийн газар төрийн нууцыг тогтоож буй эрх зүйн орчныг хэрхэн дүгнэж байна вэ. Энэ нь эрүүл, зөв тогтолцоо мөн үү?

-Үүнийг дүгнэхийн тулд хуулийн зарим үндэслэл, нөхцөл байдлыг зайлшгүй тайлбарлах хэрэгтэй болно. 

Монгол Улсад төрийн нууцыг тогтоох шалгуурыг Үндсэн хуулийн 16.17 дахь хэсэг болон манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг. 

Энэ шалгуур ёсоор бол, тухайн мэдээллийг нууцлахгүй бол үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуунд бодитой хохирол учрах нь тодорхой байх бөгөөд тийнхүү мэдээллийг нууцалснаар олон нийтийн ашиг сонирхлыг хохироохгүй байх ёстой. Товчхондоо, мэдээллийг төрийн нууцад хамааруулах нь маш онцгой тохиолдол байх учиртай. Энэ нь төрийн бүх мэдээлэл иргэддээ дээд зэргээр ил тод байх ёстой буюу зөвхөн онцгой тохиолдолд нууц байж болно гэсэн зохицуулалт л даа. Ийм ч учраас Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад төрийн нууцыг хуулиар тогтоон хамгаална гэж заасан.

Үндсэн хуулийн энэ зохицуулалт 2017 он хүртэл дээр дурдсан агуулгаар хэрэгжиж ирсэн. Тодруулбал, төрийн нууцын жагсаалтыг 1995 онд батлагдсан Төрийн нууцын тухай хууль болон 2004 онд батлагдсан Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиар тогтоож ирсэн. 

Харин 2016 онд батлагдаж, 2017 оны есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулиар Засгийн газар төрийн нууцын жагсаалт батлах эрхтэй болсон. 

Засгийн газрын хувьд төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж, хангах үүрэгтэй. Гэтэл гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь ямар мэдээллийг иргэдэд өгч болохгүй вэ буюу ямар мэдээлэл төрийн нууц байх вэ гэдгийг өөрөө тогтоож байгаа нь Үндсэн хууль зөрчиж буйгаас гадна олон сөрөг үр дагаварт хүргэж байгаагийн нэг шалтгаан.

Засгийн газар мэдээллийг төрийн нууцад хамааруулахад амархан болсон.

-Тэгвэл 2017 оноос өмнө ердөө 60 байсан улсын нууц гурав хүрэхгүй жилийн дотор 565 болсон нь хууль эрх зүйн энэ өөрчлөлтөөс үүдэлтэй, тийм үү?

-Төрийн нууцад хамаарах мэдээлэл 60-аас 565 болтлоо нэмэгдсэнийг хоёр янзаар тайлбарлаж болно. Монгол Улсын хувьд үндэсний аюулгүй байдал маш эмзэг болсон, илт доройтсон учраас хэт олон мэдээлэл нууцлах шаардлагатай болсон гэж таамаглаж болох юм. 

Гэвч төрийн нууцад хамаарах мэдээлэл 60-аас 100, 120 биш, бүр 565 хүрч, 940% эрс нэмэгдсэн нь дээрх шалтгаантай холбоотой гэж шууд үзэхэд төвөгтэй байна. Тухайлбал, Засгийн газраас 2019.05.17-ны өдрийн тогтоолоор "Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажил, түүнд оролцуулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо хэмжээ болон ус хангамжийн эх үүсвэр, худалдан авах үйл ажиллагааны нууцалбал зохих хэсэг" төрийн нууц байхаар болсон. Гэтэл төмөр зам дээр ажиллаж байгаа цэргийн тоо ил байснаар үндэсний аюулгүй байдалд ямар бодитой хохирол учрах вэ гэдэг тун эргэлзээтэй.

Үндсэндээ нууцлах ёсгүй мэдээллийг төрийн нууцад хамааруулсан гэсэн үг. Ийм ч учраас Зэвсэгт хүчний жанжин штабын дарга энэ талаарх мэдээллийг олон нийтээс нууцлаагүй, тодорхой хэлсэн болохыг Ерөнхийлөгчийн тамгын газрын цахим хуудаснаас үзэж болно.   

Хүснэгт 1. Төрийн нууцын жагсаалтыг 1995 онд батлагдсан Төрийн нууцын тухай хууль болон 2004 онд батлагдсан Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиар тогтоож ирсэн үеийн мэдээлэл.

 
Эх сурвалж: Глоб интернэшнл

Хүснэгт 2. 2017 оны есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулиар Засгийн газар төрийн нууцын жагсаалт батлах эрхтэй болсноос хойших төрийн нууцын жагсаалт.

 
Эх сурвалж: Глоб интернэшнл

Үүнээс гадна бас нэг асуудал бий. Төрийн нууцын жагсаалт 565-аар хязгаарлагдахгүй. "Албаны нууц" гэж бас ойлголт бий. Энэ нь зэрэглэлийн хувьд онц чухал, маш чухал нууцаас бусад буюу ердийн нууцын зэрэглэлтэй мэдээлэл юм. Албаны нууцын ийм  жагсаалтыг төрийн байгууллагууд өөрсдөө батлахаар хуульчилсан. Гэвч төрийн ихэнх байгууллагад албаны нууцын жагсаалтаа өөрийг нь нууцалсан, ил болгохоос, олон нийтэд танилцуулахаас татгалзсан тохиолдол олон байна. Зарим ил байгаа албаны нууцын жагсаалтыг харахад санаа зовоосон зүйл гарч ирдэг. Албаны нууцад хамаарах ёсгүй мэдээллийг нууцлах, эсвэл албаны нууцад хамааруулсан мэдээллийн агуулга буюу томъёолол нь хэт өргөн хүрээтэй, яаж тайлбарлахаас хамаарахаар байгаа юм. “Хурлын тэмдэглэл /зарим онцлог/” гэсэн томъёололтой албаны нууц байх жишээтэй. Мөн "Алтай хотын Ерөнхий төлөвлөлтийн зураг”, “Байгууллагын тамга тэмдэг” гэх мэт нууцлах шаардлагагүй мэдээллийг нууцалсан байгаа юм.

Хуулийн энэ зохицуулалтаар мөн мэдээлэл төрийн нууцад хамаараагүй үед ч гэсэн хүссэн мэдээллээ нууцлах эрсдэл бий болсон. Тодруулбал, Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-аар бол, нууцын жагсаалтад ороогүй мэдээллийг нууцлах эсэхийг 3 хүртэлх сарын хугацаанд судалж, дүгнэлт гаргах зохицуулалттай. Ингэхээ тухайн байгууллага, албан тушаалтан тэрхүү нууцын жагсаалтад ороогүй мэдээллийг нууцлах арга хэмжээ авна гэж зохицуулсан.

Эдгээр хүчин зүйл нууцын жагсаалт огцом нэмэгдэхэд хүргэсэн гэж үзэж байгаа. 

-Засгийн газраас 2019.05.17-ны өдөр гаргасан тогтоолын талаар та сая ярилаа. Тэгвэл энэ долоо хоногт хийсэн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрт яг энэ тогтоолоо зөрсөн мэдээллүүд багтсан байсан. Тухайлбал, бүтээн байгуулалтад орсон ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн зэргийг тоочсон мэдээллийг Засгийн газраас өгсөн. Энэ нь Засгийн газар өөрсдийн гаргасан тогтоолоо зөрчиж, улсын нууц задруулж байна гэж үзэх үндэслэл мөн биз дээ?

-Анхнаасаа шаардлагагүй зүйлсийг төрийн нууцад хамааруулснаас болж эргээд өөрсдөө "төрийн нууц задруулсан" болж харагдаад байна. Төрийн нууцад хамааруулах мэдээллийг нягтлах хэрэгтэйг харуулсан тод жишээ байна. 

-Засгийн газар төрийн нууцад юу хамааруулж байгааг хянах тогтолцоо уг нь байгаа биз дээ? 

-Үндсэн хуульд зааснаар, УИХ-ын хувьд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах бүрэн эрхтэй. Энэ хүрээнд Засгийн газарт хяналт тавина. Мөн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 8.1.1-т зааснаар УИХ төрийн болон албаны нууцыг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг батлах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхтэй. Харин энэ механизм хэр үр дүнтэй вэ? хэрэгжүүлж байна уу? гэдэг нь дараагийн асуудал болж байна.

-Бас нэг зүйл байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн дүнг Ерөнхий аудиторын тушаалаар төрийн нууцад авсан гэж байсан. Энэ жишээлбэл нууцад авах шаардлагатай мэдээлэл мөн үү. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаанд зарцуулсан мөнгийг нийтэд мэдээлэх нь Үндэсний аюулгүй байдалд хор учруулах зүйл мөн үү?

-Сонгуулийн тухай хуульд сонгуулийн зардлын талаар зохицуулсан байдаг. Уг хуулийн  58.1-т зааснаар УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайланг гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

Мөн 58.2-т заасанчлан сонгуульд нэр дэвшигч нь зардлын тайландаа аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх учиртай бөгөөд 58.4-т нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ гэж заасан. Тодруулбал, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын талаарх мэдээлэл нь төрийн нууцад хамаарахгүй.

-Тэгэхээр ҮАГ хууль зөрчсөн гэж үзэх хэрэг үү?

-Үндэсний аудитын газрын цахим хуудаст байршуулсан “Төрийн аудитын байгууллагаас төрийн болон байгууллага, хувь хүний нууцад хамрагдах мэдээлэлтэй танилцах, аудит хийх, нууцлах журам” нь 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр батлагдсан байна. Энэ нь тус байгууллага хуульд нийцүүлэн журмаа шинэчилж батлаагүй болохыг харуулж буй хэрэг. Хэрэв хуучин хуулийн дагуу мэдээллийг нууцалж байгаа бол энэ бол хууль бус үйлдэл. Нөгөө талаар албаны нууцын жагсаалтаа ил болгох үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөө талаар, ҮАГ-ын нууцын жагсаалт ил байх ёстой ч ил биш, далд байгаа учраас бид бүрэн хариулт өгөх боломжгүй. Ингэж нууцын жагсаалтаа ил болгоогүй байгаа нь өөрөө  хууль бус үйл ажиллагааг халхавчилж байна уу гэх хардлага төрүүлдэг.

-Яг таны хэлсэнчлэн хуулиа мөрдөөгүй, үүргээ биелүүлэхгүй байгаа төрийн байгууллагад хариуцлага тооцох механизм энэ тохиолдолд бий юу?

-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 15.14 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан төрийн нууцад хамааруулах; төрийн нууцтай танилцах; төрийн нууцыг нууцлах, эсхүл ил болгох; төрийн нууцыг шилжүүлэх, эсхүл хамгаалах дэглэмийг хангах талаарх тогтоосон журам зөрчсөн бол хүнийг 150,000 төгрөгөөр торгоно. Мөн төрийн нууцад үл хамаарах мэдээлэл нууцалсан, эсхүл хувийн зорилгоор ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 150,000 төгрөгөөр торгоно. 

Энэ хуулийн зохицуулалт нь төрийн нууцад үл хамаарах мэдээллийг нууцлахыг хориглосноороо төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс иргэдийн мэдээлэлтэй байх эрхийг зөрчихөөс сэргийлсэн ач холбогдолтой байна. Гэхдээ үр нөлөөтэй хариуцлага мөн үү гэдэг бас эргэлзээтэй. 

-Байгууллага гэж заагаагүй зөвхөн хувь хүнийг торгон дүнг заасан байгаа тул байгууллагыг торгохгүй буюу ямар нэгэн тооцох хариуцлага байхгүй гэсэн үг үү?

-Байгууллагыг торгохгүй. Тэгж ойлгож болно.

-Энэ замбараагүй байдал мэдээж иргэдийн мэдэх эрхэнд халдаж буй. Цаашлаад нийгэмд үзүүлэх хор уршиг нь хэрхэн хэмжигдэх вэ?

-Төрийн нууцын хууль тогтоомжийн зохицуулалт, хэрэгжилт нь Засгийн газар, төрийн байгууллагууд иргэдийг мэдээлэлгүй байлгах, иргэдийн хяналтаас ангид, төрийн нууц нэрийн дор хууль бус үйл ажиллагааг халхавчлах нөхцөл бүрдүүлсэн байна. Энэ нь ардчилалгүй болох, бүх зүйл төрөөс хэт хамааралтай болох үр дагавартай болж байна.

Мэдээлэлтэй иргэд хүчирхэг байдаг бол мэдээлэлгүй, мэдээлэл олж авах боломж маш хязгаарлагдмал болсноор иргэдийн шийдвэр гаргах, төрийн үйл хэрэгт оролцох боломж үгүйсгэгдэж байна

-Энэ тогтолцоог залруулах боломжийг та хэрхэн харж байна вэ?

-Төрийн нууцын жагсаалтыг Засгийн газар, төрийн байгууллага өөрөө тогтоодгийг болиулж, зөвхөн хуулиар тогтоодог болох өөрчлөлт хийх хэрэгтэй. Товчхондоо, Төрийн болон албаны нууцын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх шаардлагатай. Мөн одоогийн зохицуулалтаар хүлээсэн үүргийн дагуу төрийн байгууллагууд албаны нууцын жагсаалтаа ил болгох, саадгүйгээр танилцуулж байх хэрэгтэй.