Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын тосны үйлдвэрийн төмөр болон авто зам, дэд станцыг энэ сард Улсын комисст хүлээлгэж өгнө

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд 255 га газрыг нэмж авахаар болжээ. Ингэснээр нийт 400 гаруй га газарт үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгдэхээр болж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг анх 150 га талбайд барьж байсныг ийнхүү нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

2019 оны аравдугаар сарын 8-нд Газрын тосны үйлдвэрийн төмөр зам, автозам, 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг улсын комисс хүлээж авахаар болсон байна.

Үйлдвэрийн дэд бүтцийн хувьд Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 27 километр төмөр замыг 2019 оны тавдугаар сард барьж дуусгасан юм. Төмөр замыг УБТЗ-ын Зам засварын машин станцын замчид барьжээ.

Харин Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 18.8 км авто замын ажлыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэсэн билээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр рүү цахилгаан түгээх агаарын шугам нь Сайншандын дэд станцын өргөтгөл буюу нийт 16 ширхэг анкер, 68 ширхэг тулгууртай  ажээ.

Засгийн газраас нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь дотоодод олборлож байгаа газрын тосыг эх орондоо боловсруулах, гадагш гарч байгаа  валютын урсгалыг болон шатахууны үнийг бууруулах ач холбогдолтой гэж үзэж буй.

Тус үйлдвэр нь Энэтхэгийн Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа бөгөөд өнгөрсөн сард Ерөнхийлөгч Х.Баттулгыг Энэтхэг улсад айлчлах үеэр 236 сая ам.доллар нэмж олгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ.