Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болдсайхан: Эр хүн болгон хүүхэмсэг. Түүнийгээ гаднаа ...

"Playboy Mongolia"
2013 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Б.Болдсайхан эмч,

"СОНГДО" эмнэлэгийн дарга Б.Болдсайхан PLAYBOY сэтгүүлийн 20 асуултад хариулт өглөө. 

Бүсгүйчүүдийн талаар хэлсэн түүний онцлох хариулт: Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг бол гүн гүнзгий амьтанлаг зүйрлэл байдаг. Бэлхүүс нарийн гэдэг чинь дотор эрхтэн эрүүл чийрэг, тааз өргөн гэдэг чинь төрөхдөө хүндрэлгүй төрнө, хөх том байна гэдэг чинь хүүхдээ сайн тэжээх нь байна, урт нарийн шилбэ гэдэг чинь зээртэй зүйрлэж байгаа хэрэг. Хүүхнүүд өндөр өсгийтэй гуталтай яагаад гоё харагддаг вэ гэвэл хурдан гүйгээд амиа аваад явчихдаг зээр хулан шиг л харагддагт байгаа байхгүй юу.

20 асуулт ба хариулт 

1. Playboy:  Таны аав Бундан эмч Монголын эрүүл мэндийн салбарт домог болон мөнхөрсөн хүн. Ер нь аав хүн гэж хэнийг хэлдэг юм бэ?
Болдсайхан:  Аав хүн ийм тийм байдаг гээд олон зүйл ярьж болох байх. Товчхондоо бол Хан уул шиг, Алтайн нуруу шиг түшиг нөмөртэй, хараатай байх болов уу. Үр хүүхэд  гэр бүлдээ төдийгүй улс нийгэмдээ ч тийм байх ёстой. Миний аав тийм л байсан.

2. Playboy: Та өөрөө ямар аав юм бол? 
Болдсайхан: Өөрийгөө дүгнэж хэлэхэд хэцүү. Сайн гэж хэлж чадахгүй. Гэхдээ эргээд харахад үглээд л хүүхдийнхээ сонголтонд ороод  байдаггүй. Тийм ийм бай гэж хэлэхээсээ илүү өөрөө хүн шиг амьдарч, ажиллаж биеэрээ үзүүлэх ёстой юм байна гэж боддог. Жишээ хэлэхэд архи уугаад л шоудаад л агсарч айлгаж ичээдэг байж хүүхдэдээ архи битгий уу гэж хэлэх нь утгагүй. Өөрөө л уухгүй байх.

3. Playboy:  Зөв бодолтой явахад бүх зүйл болно оо гэж үү?
Болдсайхан:  Зөв буруугийн тухай асуудал бол төвөгтэй. Амьдралын тухай, цаг хугацааны тухай, ажлын тухай, хүний тухай, өөрийн тухай ойлголт хүн бүрт өөр  өөр байдаг. Би хүүхдүүдээ зөв амьдар энэ нь буруу тэр нь зөв гэж хэлэхийн тухайд миний мэдэх зүйл бага байдаг. Аль болохор өөрийн сэтгэл зүрхэндээ зөв гэж санасанаа дагаж явдаг болоосой, тэр нь хүмүүст  нийгэмд буруу харагдаж байсан ч хамаа алга гэж боддог. 

4. Playboy: Эрчүүд  машин, цаг, нүдний шил гээд  л гангарах дуртай. Таны гангараа юу вэ?  Хуруунд тань хуримын бөгж ч алга. Яг одоо танд байгаа хамгийн үнэтэй зүйл юу байна?
Болдсайхан:  Эмч нарт нийтлэг нэг зүйл байна. Ажлын онцлогоос болж цаг бөгж зүүгээд байхгүй юм даа. Энд тэнд тавиад л мартчихдаг. Өдөржин гараа угаадаг болохоор. Яг одоо 21 долларын жийнс өмсөөд 400 долларын чагнуур зүүсэн байна. Яахав би чинь 6 хүү 1 охинтой хүн. Тийм болохоор аавын хэрэглэж байсан эд гээд  тэдэнд үлдэг гэж боддог зүйл бий л дээ.

Яг одоо 21 долларын жийнс өмсөөд 400 долларын чагнуур зүүсэн байна

5. Playboy: Ааваас тань үлдсэн зүйл юу байдаг вэ?
Болдсайхан: Хөөрөг, хагалгаанд орохдоо хэрэглэж байсан нүдний шил, чагнуур, хувцасны шүүгээнд аавын минь цамц өлгөөстэй байгаа. Энэ мэт хөвгүүдэд минь үнэтэй цайтай эд гэхээсээ илүү аав минь арвайн гурилаа зуурч идэж байсан аяга нь гээд юм үлдээсэй гэж боддог л доо. Аавын надад үлдээсэн энэ хөөрөг бол үнэт чулуугаар хийгээгүй нутгийнхаа чулуугаар хийлгэсэн хөөрөг.

6. Playboy: Чөлөөт цагаараа та юу хийдэг вэ?
Болдсайхан: Үнэнийг хэлэхэд надад чөлөөт цаг тийм их байхгүй. Бас дээрээс нь зожиг хүн. Хэзээ хамгийн сүүлд бужигнаж дарвиснаа санахгүй байна. Гэхдээ яах вэ саваагүй нохой саранд хуцна гэгчээр янз бүрийн юм сонирхоно оо. Уран зураг цуглуулдаг. Үндсэн хобби гэвэл унших бодох 2 л байна. 

7. Playboy: Та ойрд бичихгүй байх шиг байна?
Болдсайхан: Сүүлийн жил хагас зориуд бичихгүй байгаа. Бичсэнийгээ ч гаргахгүй байгаа.  Хүний ажил амьдрал 12 жил яваад л өөрчлөгддөг. 25 тай байх үе, 37-той гээд л. Энэ жил  би 49 хүрнэ.  Дахин нэг шинээр төрөөд боловсорч байхгуй юу. \инээв\  Элдэв юм сараачиж хүний цагийг дэмий үрэх хэрэг байна уу гэж боддог болоод байгаа.

8. Playboy:  Сайхан эмэгтэйд  дуртай л биз дээ?
Болдсайхан: Сайхан эмэгтэй бол байгалийн хамгийн гоо сайхны бүтээлүүдийн нэг. Сайхан уран зураг, фото зураг, сайхан уул, гол, мод гэдэг шиг. 

Сайхан эмэгтэй бол байгалийн хамгийн гоо сайхны бүтээлүүдийн нэг. Сайхан уран зураг, фото зураг, сайхан уул, гол, мод гэдэг шиг. 

9. Playboy: Байгалийн бүтээл ээ?
Болдсайхан:  Цэвэр тэр утгаараа. Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг бол гүн гүнзгий амьтанлаг зүйрлэл байдаг. Бэлхүүс нарийн гэдэг чинь дотор эрхтэн эрүүл чийрэг, тааз өргөн гэдэг чинь төрөхдөө хүндрэлгүй төрнө, хөх том байна гэдэг чинь хүүхдээ сайн тэжээх нь байна, урт нарийн шилбэ гэдэг чинь зээртэй зүйрлэж байгаа хэрэг. Хүүхнүүд өндөр өсгийтэй гуталтай яагаад гоё харагддаг вэ гэвэл хурдан гүйгээд амиа аваад явчихдаг зээр хулан шиг л харагддагт байгаа байхгүй юу. Гэхдээ буруу ойлгож байж магадгүй шүү. \инээв\ Сэтгэлийн гоо сайхан бол харин тэс ондоо яриа.

10. Playboy: ??
Болдсайхан:  Амьдрал үүсээд 3 тэрбум жил болсон гэж үздэг. Түүний сүүлийн 40 мянган жилд нь одоогийн хүн үүссэн гэдэг. Амьтанлаг зөнгийн тухайд аль ч амьтан үр удмаа үлдээх үндсэн зөнтэй. Эрэгчин нь аль болох олон эмэгчинд үр удмаа үлдээх. Олон эмэгтэй таалагдаад эргүүлээд байдаг чинь олон үр удмаа үлдээх гэсэн бидний сармагчин үеийн зөн билэг шүү дээ. Бид чинь үс багатай сармагчин шүү дээ. Янз бүрийн даавуу дээрээс нь наачихсан болохоос биш. 

11. Playboy: Эрчүүдийн хүүхэмсэг нь үүнтэй холбоотой юу?
Болдсайхан:  Эр хүн болгон хүүхэмсэг. Түүнийгээ гаднаа төлөв түвшин харагдуулах гэж оролддог. Нэг хосоороо амьдардаг болсон үе бол тун саяхных юм шүү дээ.  Энэ  бол хүмүүс байгалийн хуулийг зөрчиж зохиосон нийгмийн хууль юм. Байгалийн хууль, нийгмийн зохиомол хууль 2 зөрчилдөөд байдаг. Эмэгтэйчүүд хүүхэмсэг эрчүүдэд талтай байдаг. Эрэгчин зөн чадвар нь илүү болохоор тэр. Харин эмэгтэй хүнийг болохоор  эсрэгээр нь дургүй байдаг. Азаргаар бол хураасан  гүү нь сүрэгтээ байж байх ёстой байх нь. 

Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг бол гүн гүнзгий амьтанлаг зүйрлэл байдаг. Бэлхүүс нарийн гэдэг чинь дотор эрхтэн эрүүл чийрэг, тааз өргөн гэдэг чинь төрөхдөө хүндрэлгүй төрнө, хөх том байна гэдэг чинь хүүхдээ сайн тэжээх нь байна, урт нарийн шилбэ гэдэг чинь зээртэй зүйрлэж байгаа хэрэг. 

12. Playboy:  Зөрчил бий болгоод байгаа зүйлийн нэг илрэл нууц амраг, салж сарних биз?
Болдсайхан: Наадахыг чинь энэ удаа яриад энд багтахгүй байх доо. Дэмий урт яриа. 

13. Playboy:  Хардахын тухайд та юу хэлмээр байна?
Болдсайхан: Харамсалтай нь та эмчтэй ярилцаж байгаа болохоор миний хариулт нийгмийн ухааныхнаас хөндийрөх гээд байна. Хүн бол 40 мянган жилийн өмнө  сүргээрээ амьдардаг шампанзе гориллаас ялгаагүй байлаа. Арай жаахан илүү сармагчин байсан байх. Эр хүний хар гэдэг бол эзэмшиж авсан эмэгчингүүддээ л өөр эрэгчингийн үр удмыг оруулахгүй байх гэсэн л санаа. Хатуугаар хэлэхэд  залуу арслан хөгшин арсланг дийлээд зулзагануудыг нь алаад өөрийнхөө үр удмыг үлдээдэг. Байгалийн хамгийн хатуу зүйл чинь хардах. Харамсалтай нь тийм байна.

14. Playboy:  Хараас болж олон муу юм гардаг. Эхнэрээ зодох нь энүүхэнд биз дээ зарим эр?
Болдсайхан: Би эхнэртээ гар хүрч үзээгүй. Хүүхдүүддээ ч мөн адил. Нэг юм уу хоёр жилдээ загнамар аядана л даа. Хүүхдүүд маань та ингэж хэлэхийн оронд нэг алгадчихвал амар байна гэдэг. \инээв\  Гар хүрэх асуудлыг би ойлгодоггүй. 40 мянган жилээсээ ухраад 20 дахь мянган жилдээ яваа сармагчин эрчүүд л тэгдэг байх.  Гэхдээ сонирхолтой нь зодоон нь сексээр дуусдаг хүмүүс зөндөө байдаг. Тэр хүмүүсийг би  агуйн хүнээрээ л амьдарч байна гэж боддог ш дээ. 

15. Playboy: Ухамсрын асуудал уу?
Болдсайхан:  Хүний ухамсар гэж юуг хэлээд байгаа юм бүү мэд. Тэр нь миний хэлэх гээд байгаа амьтанлаг зөнг хэлээд байгаа юм уу,  эсвэл түүнийг сөрсөн  хатуу дэг жаягийг хэлээд байна уу. Өнгөрсөн зуунд нэг л сонин үзэгдэл гарсан. Энэ бол амьтны аймгийн түүхэнд  эм хүн анх удаа эр хүнгүйгээр хувцаслаж, хооллож,орон байртай болох, үр хүүхдээ авч явах эдийн засгийн боломж бий болсон.  Үүнээс болж байгалийн жам нийгмийн амьдралын хооронд зөрчил гарч байгаа юм. Ойрын 50 жилд бүр их өөрчлөлт авчирна. Өөрийн төсөөллийг тоочиж яримааргүй байна. Уншигчдад ч, танд ч, надад ч таалагдахгүй.

16. Playboy: Муу үр дагавар гарна гэж хэлэх гээд байна уу? 
Болдсайхан:  Ярианы эхэнд  би хэлсэн дээ зөв буруу, сайн муу  гэж ярих нь маш төвөгтэй асуудал гэж. Бидний ойлгохгүй өөр үр дагаврууд бий болно. Одоо ч эхэлж л байна.  Олон мянган өрх толгойлсон  эмэгтэйчүүд, эрчүүд ч бас байгаа. Заавал хосоороо нийлж байх хэрэгцээ багассан.

17. Playboy:  Танай эмнэлэг монголчуудынх болсон. Монгол хүн солонгос хүн аваад явах ялгаа байна уу?
Болдсайхан: Илүү сайн болсон. Чанар үйлчилгээ сайжирсан. Асуултан дотроос чинь асуулт асуухад  1690-1990 он хүртэл монгол хүн 300 жил эрх чөлөөгүй байсан. Хүний 12 үе. Үүний хамгийн муу үр дүн бол эдийн засаг, улс төр, тусгаар тогтнолын эрх чөлөөгүй байсан гэхээсээ  аймшигтай нь сэтгэлгээний эрх чөлөөгүй байсан. Түүний хамгийн том илрэл нь бусдаас өөрийгөө дутуу гэж боддог. Солонгос эмчээс монгол эмч дутуу, орос инженерээс монгол инженер дутуу, хятад барилгачнаас монгол барилгачин дутуу гэх мэтээр өөрийгөө дандаа дорд үздэг байсан. Түүнээс өмнө монгол хүн өөрийгөө бусдаас илүү гэж боддог байсан, тэгэж бодсон учраас илүү байж чаддаг байсан. Солонгос эмч нараас яагаад дутуу байх ёстой гэж. Тархи нь нэг грамм ч дутуу биш. Харин ч монгол хүний тархи 100-аад граммаар илүү байдаг бусад үндэстнээс. Үүнийг зориуд хэлж байна. Манай эмнэлэг сайн, саймширч байгаа ч юм биш. Танай сэтгүүл яагаад Америк, Итали Плейбойгоос дутуу байх ёстой гэж. Илүү байх боломжтой. Монгол хүн өөртөө итгэлтэй байх ёстой. Илүүгүй юм гэхэд дутахгүй байх  ёстой. 300 жилийн өмнө байсан өөртөө итгэлтэй омог бардам хүчирхэг монгол хүн 1990 оноос хойш одоо л шинээр бий болж байна.

Эмэгтэйчүүд хүүхэмсэг эрчүүдэд талтай байдаг.

18.  Playboy: Та хоолонд дуртай тийм үү?
Болдсайхан: Монгол хоолонд дуртай. Хамгийн эрүүл хоол монгол хоол гэж боддог. Энэ бол мах сүү хоёртоо л байгаа. Миний ойлголтоор бид хамгийн сайн чанартай хоргүй хоол идэх боломжтой. Сайн дураараа өөрсдөө гаднаас удаан хугацаанд тээсэн янз бүрийн савласан хор оруулж ирээд зооглоод байна. Хохь нь л гэж хэлмээр байна. Чацаргана, аньс нь байхад найруулсан жүүс гээч юм уугаад л. Энэ 2-оос илүү чанартай жимс дэлхий дээр байхгүй. Айраг нь байхад пиво уугаад л. Хонь үхрийн мах байхад далайн жоом идээд байх юм даа

19. Playboy: Арай хатуу хэлж байна уу даа?
Болдсайхан: Үгүй дээ, сам хорхой чинь далайн жоом шүү дээ. Үеэлүүд.

20. Playboy: Танд сэтгүүлийнхээ нэг жилийн захиалгын эрхийг бэлэглэж байна. Энэ сэтгүүлээс юу уншихыг хүсэж байна вэ?
Болдсайхан: Дэлхийн алдартай сэтгүүлүүдийг манай сэтгүүлчид авчраад тэр түвшинд бэлтгээд хүмүүсийг хөгжөөж зугаацуулж , чөлөөт цагийг нь аятай өнгөрөөж  чадаж байгаа нь надад бахархалтай санагдаж байна. Алийн болгон шар сонины хэмжээний учир холбогдол нь ойлгогдохгүй  найруулга муутай текст уншаад л хар цагаан нь мэдэгдэхгүй зураг хараад суухав дээ. Зугаацахдаа хүрвэл тийм түвшинд зугаа цэнгэл нь ч гэсэн байж байг. Тэгээд том болоод сэтгэл амирлах тухай боддог болно биз. Захиалж уншъя гэж бодож байсан. Та бүхэнд баярлалаа.

2012.11 сар "PLAYBOY MONGOLIA"