Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гаалийн шинэчлэл бизнес эрхлэгчдийн цагийг дор хаяж 20-30% хэмнэнэ гэв

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Гадаад худалдааны үйл ажиллагааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг гадаад худалдаанд оролцогч иргэн, хувийн хэвшилд хүргэх зорилгоор Гааль-бизнесийн уулзалтыг өнөөдөр  “Бизнес эрхлэгчдээ сонсоё” уриан дор ГЕГ, МҮХАҮТ хамтран зохион байгууллаа. 
 
Тус уулзалтад ГЕГ, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, МҮХАҮТ, TRAM төсөл, худалдаа эрхлэгч, мэргэшсэн холбоод, бусад төрийн байгууллагын нийт 150 гаруй төлөөлөл оролцов. 
 
ГЕГ-ын зүгээс Гаалийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй 
  • “Ухаалаг гарц” бүртгэлийн шинэ систем буюу Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх
  • Тээврийн хэрэгслийн хил нэвтрэх хугацааг түргэн шуурхай болгох
  • Улсын хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх систем
  • Гаалийн лабораторийн иж бүрэн шинэчлэл буюу энэ онд эхэлсэн уг шинэчлэлийн хүрээнд байгуулах найман салбар лаборатори байгуулах зэрэг төслийн талаар танилцууллаа.
 
Гэрэл зургийг MPA.mn

Гаалийн лабораторийн иж бүрэн шинэчлэлийг хийснээр гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацаа, зардлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх боломжтой болох юм. Жишээ нь,

-Тээврийн хэрэгсэлд ачигдсан уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн тус бүрээс дээж авч, шинжилгээ хийснээр гаалийн хяналтад бүрэн хамруулж, ашигт малтмалд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, экспортын борлуулалтын орлогыг үнэн бодитой тодорхойлох, улмаар холбогдох татварыг үнэн зөв ногдуулж, барагдуулах
 
-Хилийн боомт дээр автобензин, дизель түлшийг шинжилснээр гаалийн бүрдүүлэлтэд зарцуулагдах аж ахуйн нэгжийн цаг хугацааг хэмнэх, импортын бензин, дизель түлшний чанар, стандарт найрлага, октанийн хэмжээг бодитойгоор тодорхойлж, хуурамч, чанар муутай бензин, дизелийн түлшинд тавих хяналтыг сайжруулна хэмээн үзэж байна. 
 
Гаалийн төв лаборатори нь Олон улсын итгэмжлэл авснаар магадлан итгэмжлэгдсэн бусад лабораториудаар шинжлүүлдэг байсан шинжилгээг хийж, шинжилгээний дүнг Олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл боломж бүрдэх аж.

Бараа бүртгэлийн нэгдсэн хяналтын системийг мөн онцлов. Тодруулбал, татварын удирдлагын нэгдсэн систем болон Гаалийн мэдээллийн системд тулгуурлан Олон улсын стандартад нийцсэн зураасан код ашиглан бараа, ажил үйлчилгээг бүртгэлжүүлэх “Бараа бүртгэлийн нэгдсэн хяналтын систем"-ийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Ингэснээр бараа, тээврийн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гаалийн болон бусад татвараас зайслхийх үйлдлийг таслан зогсоох ач холбогдолтой. 

"Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд хийгдэх ёстой нийт ажлын 80% нь гаалийн байгууллагад харьяалагдаж байгаа"

 
Гэрэл зургийг MPA.mn

ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг “Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд хийгдэх ёстой нийт ажлын 80% нь гаалийн байгууллагад харьяалагдаж байгаа. Хамгийн түрүүнд хууль, дүрмээ нэн яаралтай шинэчлэх шаардлага бий. Энэ дагуу Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад Сангийн яаманд өгчихсөн байгаа. 

Түүнээс гадна гадад худалдааг хөнгөвчлөхөд зориулж гаалийг цахимжуулж, ухаалаг болгох ёстой. Энэ хүрээнд бид программ хангамж, тоног төхөөрөмж ашиглаж, цаг, мөнгө хэмнэх нөхцөлийг бүрдүүлнэ. 
 
Тухайлбал, “Ухаалаг гарц” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Гаалийн ерөнхий газрын бүртгэсэн мэдээлэл Хил хамгаалах болон Мэргэжлийн хяналтын газарт очдог болох юм. Ингэснээр худалдааг хөнгөвчилж, бизнес эрхлэгчдийн цагийг дор хаяж 20-30 хувь хөнгөлнө гэж тооцож байгаа” гэлээ.
 
“Хилийн үйлчилгээг сайжруулах бус нутгийн төсөл”-ийн хурээнд
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын цогцолбор барилга, зам талбай, 1.2 км хатуу хучилтай автозам зэрэг иж бүрэн шинэчлэл;
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрийн үйлчилгээний “Нэг цэгийн үйлчилгээ” бий болгохоор ажиллаж байна.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгуй тусламжаар хийгдэж буй шинэчлэлийн ажлууд

  • Дорноговь аймгийн Замын-Үүд боомт
  • Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт
  • Мөн шинээр байгуулах Цагаандэл уул боомтын төсөл хэрэгжих аж.
Түүнээс гадна “Итгэмжлэгдсэн ААН-ийн хөтөлбөр” нь бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлнэ хэмээн үзэж байна. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь:
 
Хууль сахилтын түвшин өндөр аж ахуйн нэгж байгууллагад итгэмжлэл олгох, тухайн аж ахуйн нэгж байгууллагын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг үндэсний болон олон улсын хэмжээнд хөнгөвчлөх явдал.
 
Ач холбогдол нь:
  • Гааль-Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх;
  • Эдийн засгийн хөгжлийг дэмжих;
  • Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх;
  • Худалдааны аюулгүй байдал хангагдах;
  • Гадаад худалдааг хөнгөвчлөх.
Эдгээр шинэчлэлийн талаар уулзалтад оролцогч ААН-үүдэд танилцууллаа. 

"Экспорт биш, импорт дээр хүндрэлтэй"

МҮХАҮТ-ын зүгээс бизнес эрхлэгчид болон гаалийн байгууллага хаа хаанаа хамтран ажиллах шаардлагатай байгааг дурдлаа.
 
 
Гэрэл зургийг MPA.mn

Тухайлбал, ААН-үүд бичиг баримтуу дутуу бүрдүүлснээс цаг хугацаа их алддаг болохыг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэллээ. Тэрбээр “МҮХАҮТ хөндлөнгийн тооллого, экспертизийн үйлчилгээ явуулдаг. ААН-үүдийн мэдүүлж байгаа бүтээгдэхүүн тэр хэмжээгээрээ хилээр гарч байна уу гэдгийг хянаж тоолдог бөгөөд үр дүнтэй байдаг. Таван жил тасраад байсан энэ ажлыг харилцан ярилцаад энэ жилээс илүү олон бүтээгдэхүүн дээр хийдэг болох шийдэлд хүрсэн. Ингэснээр иргэдийн хувьд ч элдэв хардлага үгүй болно” гэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Харин бизнес эрхлэгчдийн төлөөллийн хувьд бэрхшээл байсаар байгааг ярьж байлаа. Тухайлбал, ноолуурын салбарт 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Сноу Филдс” компанийн менежер Ч.Дөлгөөн “Экспортын бичиг баримт бүрдүүлэлт харьцангуй түвэг багатай. Харин импорт дээр хүндрэлтэй. Бид тоног төхөөрөмжөөс эхлээд туслах материал бүгдийг нь шахуу импортоор оруулж ирж байж үйлдвэрлэлээ явуулдаг.

Ялангуяа, холионы бодис буюу химийн бодис ашигладаг. Өмнө нь бид дотоодод худалдаалж буй холионы бодис авдаг байсан бол Японы зах зээлд гаргаж байгаатай холбоотой тус улсын шаардлагад нийцүүлэх үүднээс Японоос химийн бодисоо авах шаардлагатай болсон. Гэвч хилээр ороод ирэхээр гаалийн шинжилгээний лабораторийн хариу нь зөрүүтэй гарахаас эхлээд хүндрэл тулгарч байна. Манай улс өөрсдийнхөө шинжилгээний хариунд тулгуурлаж шаардлага тавьдаг. Тодруулбал, БОАЖЯ-наас тусгай зөвшөөрөл ав гэсэн.
 
Тэр зөвшөөрлийг авахын тулд дахиад өчнөөн олон бичиг бүрдүүлэх хэрэгтэй болсон. Наймдугаар сард хөөцөлдөж эхэлсэн ч одоо болтол дуусаагүй байх жишээтэй. Тиймээс өнөөдрийн уулзалтаар мэдээлэл сонсож, бэрхшээлээ шийдвэрлэх боломж байгаа эсэхийг сонирхож байна” гэлээ.