“Сүрьеэгийн эсрэг хамтдаа” сэдэвт сүрьеэгийн зохицуулагч, лабораторийн эмч, лаборант нарын үндэсний зөвлөгөөн өнөөдөр Эрүүл мэндийн яаманд болж байна.
Хоёр өдрийн турш үргэлжлэх уг зөвлөгөөнд хот, хөдөөгийн эрүүл мэндийн нэгдлүүдийн эмч, лаборантууд оролцож, өөрсдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх юм.
Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэлж, илтгэл тавьсан. Тэрээр илтгэлдээ сүрьеэгийн өвчлөл залуучууд тэр дундаа 16-34 насныханд их байгааг дурьдаад сүрьеэгийн тархалтыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүний хувьд сүрьеэгийн хуулийн санаачлан батлуулж, сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, сүрьеэтэй өвчтөн болон эмч, ажилчдын нийгмийн баталгааг шинэ шатанд гарах, сүрьеэг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх асуудлыг шийдэхэд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөжээ.
Дэлхий дахинд 100 мянган хүнээс 200 нь өвчлөлтэй байх нь хэвийн үзэгдэл гэж тооцдог
Манай улсын хувьд сүрьеэгийн өвчлөлөөр зүүн гурван аймаг ялангуяа Дархан-Уул аймаг тэргүүлдэг. Тиймээс сүрьеэгийн өвчлөл өндөртэй Дархан-Уул аймгийн сүрьеэгээр өвдөх магадлал өндөртэй 1100 орчим хүнийг үзлэгт хамруулахад долоо нь сүрьеэтэй гарчээ.
Дэлхий дахинд 100 мянган хүнээс 200 нь өвчлөлтэй байх нь хэвийн үзэгдэл гэж тооцдог байна. Гэтэл Дархан-Уул аймгийн дээрх тоо дэлхийн дахины дээд хэмжээнээс хэтэрч байгаа нь үзлэгээр тогтоогдсон байна.
Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл нь шинж тэмдэг багатай буюу зовиур бага илрэх болсныг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл дэлхий дахинд нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд хоёр хүн тутмын нэгэнд эмэнд дасалтай сүрьеэ илрэх болжээ.
Сүрьеэгийн өвчлөлд нөлөөлөх хүчин зүйлс нь ихэвчлэн ядуурал, архидалт, гадаад дотоод шилжилт хөдөлгөөн байдаг байна. 2013 оны эхний есөн сарын байдлаар нийт 3238 тохиолдол бүртгэгджээ. Гэхдээ сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээр сүрьеэгийн өвчлөл тогтмол буурч байгаа бөгөөд хүүхдийн өвчлөл ч буурах хандлагатай болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!