Хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилга дээр өчигдөр ажилласан байна.
Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд буюу ирэх Даваа гарагт нээнэ. Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байна.
Харин зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөсөн” гэв.
Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байна.
С.Амарсайхан “Үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээхэд Хом плазагийн зүүн хойд талын уулзвар руу дээрээс орж ирж байгаа хөдөлгөөн түгжрэл үүсгэхээр байна.
Тийм учраас энэ уулзварыг өргөсгөж, явган хүний хашлагыг татуулан дөрвөн эгнээ болгох ажлыг даваа гарагаас өмнө хийх хэрэгтэй” гээд холбогдох газрууд болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэх, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт гүүр бүрэн ашиглалтад орох хүртэл энэ хэсгийн замын зарим уулзваруудад түр гэрлэн дохионы зохицуулалт хийхийг, Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт авто замыг өргөсгөх ажлыг түргэн шуурхай, чанар стандартын дагуу хийж гүйцэтгэхийг үүрэг чиглэл болгожээ.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпын гудамж руу буух гүүрэн гарц нь баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх эдийн засгийн өндөр үр ашигтай, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах чухал ач холбогдолтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!