Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Болорчулуун: Шинэ төв цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төв цэвэрлэх байгууламжаас өдөр тутам ялгарч буй түүхий лагийг технологийн аргаар усгүйжүүлэн хатаах зориулалт бүхий "Лаг усгүйжүүлэх байгууламж" өнөөдөр шинээр ашиглалтад орсон юм.

Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан болон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн ажлын явцтай танилцав.

Төв Цэвэрлэх байгууламж нь нийт 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24.7 га талбай буюу 62 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барих юм.

Үүнээс гадна авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг байгуулахаар төлөвлөжээ. 

Түүнчлэн шинэ цэвэрлэх байгууламж нь Монгол Улсын Үндэсний стандарт MNS 4943 : 2015 цэвэрлэгээний чанарын шаардлагыг хангасан цэвэрлэсэн усыг Мянганы Сорилтын Сангийн хүрээнд баригдах Ус дахин боловсруулах үйлдвэрт болон голд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх аж. 

Одоогоор цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын талбайн бэлтгэл ажлыг хангаж түр ажилчдын байр, хашаа, цамхагт краныг байршуулан, биологи цэвэрлэгээний байгууламжийн суурийн газар шорооны ажил, бетон зуурмагийн узель угсрах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байгаа юм.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Шинээр баригдаж байгаа Төв цэвэрлэх байгууламж нь 250 мянган метр куб лагийг цэвэрлэх хүчин чадалтай. Энэхүү байгууламж ашиглалтад орсноор зөвхөн одоо байгаа гэлтгүй ирээдүйд Улаанбаатар хотын хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууц, үйлдвэр үйлчилгээний байгууллагын бохирыг ч бүхэлд нь цэвэрлэнэ гэдгээрээ давуу талтай" гэдгийг онцлон хэлэв.

Суурин цутгалтын ажил ирэх долоо хоногоос эхэлнэ

Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын төслийн удирдагч Т.Болорчулуун "Төв цэвэрлэх байууламжийг шинээр барих төслийн ажлын суурин бэлтгэл ажлууд эхэлсэн байна. Одоогоор биологи цэвэрлэгээний суурин ажил хийгдэж байна. Нийт 40 га газар талбайд төслийн ажил явагдана.

Цутгалтыг хийхдээ зөвхөн Монгол компаниудаас бетон зуурмагаа явна.

Төслийн ажлын талбайн хажууд буй Мянганы сорилтын сангийн ус дахин боловсруулах үйлдвэрийн талбайтай ажлаа уялдуулж ажиллаж байна.

Зургийн асуудал дээр хэдэн өөрчлөлт гарсан нь бэлтгэл ажлыг жоохон удаашралттай явуулж байсанч ч одоо барилгын ажил хэвийн явагдаж байна. Бид суурин цутгалтыг ирэх долоо хоногоос эхэлнэ. Цэвэрлэх байгууламжийн бетон цутгалтын ажлыг энэ намартаа багтаан хийж дуусгана.

Энэхүү шинэ цэвэрлэх байгууламж нь 2023 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн учраас ажил хугацаандаа дуусгахын тулд шахуу байдлаар ажиллаж байна" гэлээ. 

Ирэх долоо хоногоос бид туршилтын зуурмагаа зуурна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын төслийн инженер Х.Батболд "Усан байгууламжийн ажил технологийн хувьд нэлээд хүнд. Тийм учраас бэлтгэл ажил нэлээд хангагдсан байх ёстой.

Бид одоо шалны цутгалтаа хийх гээд 120 м.кубын хоёр зуурмагын үйлдвэрийн төхөөрөмж суурилуулсан байна. Талбай дээр өнөөдрөөс элс, хайргаа буулгаж эхэлсэн. Ирэх долоо хоногоос бид туршилтын зуурмагаа зуурч эхэлнэ" гэсэн юм.

Шинэ цэвэрлэх байгууламж барих төслийн нийт өртөг 267 сая ам.доллар бөгөөд Барилга, хот байгуулалтын яам нь төслийн гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциум”-ыг сонгон шалгаруулж түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан.