Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баделхан: Лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орсноор үнэр нь 10 дахин буурч байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй, түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг байдлаас болж өмхий үнэртдэг аж.

Энэ байдлыг үгүй болгож, байгалийн аргаар ил задгай талбайд лагийг усгүйжүүлэн хатаах аргыг халж, технологи дамжлага нэмэн "Лаг усгүйжүүлэх байгууламж" шинээр барьж өнөөдөр ашиглалтад орууллаа.

Тус байгууламж нь хоногт 2500 м.куб лагийг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай. Лаг усгүйжүүлэгч центрфугийн ажиллах зарчим нь төвөөс зугтах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг.

Мөн нэг минутад 1,000-4,000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг байна.

96 хувийн чийгтэй лагийг Лаг усгүйжүүлэх байгууламж 30 орчим хувиар хуурайшуулна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тус байгууламжийн нээлтийн үеэр Төв цэвэрлэх байгууламжийн дарга Ц.Болд "Энэ байгууламж  ашиглалтад орсноор хоногт гарч байгаа 1,000-1,200 м.куб лагийн усыг шахаж хэмжээг нь 4-5 дахин багасгаж байна.

Мөн өмнө нь байгалийн аргаар хатаадаг байсан шингэн лаг нь өвөл болохоор хөлдөж, зуны улиралд хатах явцдаа орчиндоо үнэр ялгаруулдаг хүндрэл байсан.

Харин одоо эндээс гарч буй лаг нь чийг бага учраас хаталт нь хурдан явагдана. Тэр хэмжээгээр үнэр нь багасна гэсэн үг.

1,000 м.куб лаг нь өөрөө 96 хувийн чийгтэй байдаг бол Лаг усгүйжүүлэх байгууламжаар ороод гарсны дараа чийг нь 30 хувь орчим буурч, хуурайшиж байна" гэлээ.

Лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орсноор үнэр нь 10 дахин буурч байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан "Цэвэрлэх байгууламжаас хоёр тохиолдолд үнэр гадаг. Эхнийх нь өдөрт цэвэрлэх байгууламж дээр ирж байгаа лагийг шингэн лагаас ялгардаг бол нөгөөх нь энд 40-50 жил хуримтлагдсан хур лагийн үнэр ялгарч байдаг.

Харин Лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орсноор үнэр нь 10 дахин буурч байна.

Мөн бид цаашдаа Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хур лагийг шатаах тоног төхөөрмжийг ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна" гэв.

 Цаашид бид шатаах үйлдвэрийг бий болгох ёстой

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Лагийг хурайшуулах үйлдвэр ашиглалтад орсноор бид 90 гаруй хувийн шингэн лагийг 73 хувь хүртэл хуурайшуулах боломж бүрдэж байна. 

Мөн цаашид бид шатаах үйлдвэрийг бий болгох ёстой. Тэгж байж байгаль орчинд ээлтэй байх олон боломж бүрдэнэ.

Шинэ цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад ортол зөвхөн энэ байгууламжаар бүх асуудал шийдэгдэхгүй учраас аль болох цэвэрлэх байгууламжийн ачааллыг багасгах чиглэлээр нийслэл шаардлагаа тавина" гэсэн юм.

Лаг усгүйжүүлэх тоног төхөөрөмжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар IYEZ компани гүйцэтгэжээ.

Гэрэл зургийг Mpa.mn

Мөн илүүдэл лагийн хэмжээг 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулах энэхүү байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдлээ гэдгийг албаны хүмүүс хэлж байв.

Лаг усгүйжүүлэх байгууламж нь лаг шахах насос, химийн бодис найруулах, туналах төхөөрөмжүүд, лаг усгүйжүүлэх центрфугийн төхөөрөмж, бункер, цэвэрлэгээний вакум насос, агаар үлээгч, агааржуулалтын систем, хорт хийнээс сэргийлэлх болон хяналт удирдлагын системээс бүрджээ.

Лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК буюу полиалюминумхлорид төрлийн химийн бодис ашиглах юм байна.