Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан, одоо ажлын нарийвчилсан зургийг гаргаж дуусаж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 20
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ жил барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.9 их наяд төгрөг буюу түүхэнд байгаагүй гэж хэлж болохуйц их хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжих тухай Барилга хот байгуулалтын яамнаас өнөөдөр мэдээллээ.

Барилгын салбарын хэмжээнд 989 төсөл хэрэгжихээс Барилга хот байгуулалтын сайдын багцын хүрээнд 322.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 157 төсөл арга хэмжээ хэрэгжихээр тусгагджээ.

Сүүлийн үед барилгын салбар эрчтэй хөгжиж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тус яамнаас одоо хийгдэж буй ажлын талаар Барилга хот байгуулалтын сайд Ж.Баделхан “Сүүлийн үед барилгын салбар эрчтэй хөгжиж байна. Улс орны эдийн засаг сэргэж, бүтээн байгуулалтын ажил нэмэгдсэнээр барилгын салбар хямралаас гарч байна гэж бид үзэж байна. Өнөөдрийн байдлаар нийт барилгын материалын 70 гаруй хувийг бид дотооддоо үйлдвэрлэж байна.

Сүүлийн 50 жилийн хугацаанд цементийн үйлдвэрийн хүчин чадал зургаа дахин, бетон зуурмагийн хүчин чадал дөрөв дахин, хөнгөн бетоны хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн.

Ойрын 10 жилийн хугацаанд барилгын салбарын бодлого чиг хандлагыг тодорхойлсон. Үүнд 2020 хүртэл барилгын салбарыг тогтворжуулж, 2025 он хүртэл барилгын салбарын эрчимтэй хөгжил явагдаж, 2028 он гэхэд барилгын салбарын өнөөдрийн хүчин чадал дөрөв дахин нэмэгдэнэ гэж тооцоолсон.

Мөн бид барилгын салбарын норм нормативын тогтолцоог шинэчилж байна. Яг өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд нийт 400 гаруй барилгын норм дүрэм, 600 гаруй стандарт байгааг шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 

Иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр манай яамны бодлого бий. Энэ хүрээнд бид эхний ээлжид  ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтын журмыг гаргасан. Энэ журмыг гаргаснаар бид Монголбанкны эргэн төлөлтөөр олгож буй хөрөнгийн эх үүсвэр, арилжааны банкуудын чөлөөт эх үүсвэрийг ашиглах замаар хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Журам гарснаас хойш таван сарын байдлаар нийт 2,309 зээлдэгчид 162 тэрбум төгрөг олгосон. Үүнийг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Мөн Засгийн газрын хуралдаанаар 150 мянган айлын орон сууц хөтөлбөр баталж, Хятад улсын хөнгөлөлттэй зээл 350 сая юанийн хүрээнд 1,008 айлын орон сууцыг удахгүй "Ногоон нуур" орчимд барихаар төлөвлөсөн.

Манай яамнаас хийж байгаа бас нэг том бүтээн байгуулалтын ажил нь Улаанбаатар хотын  шинэ цэвэрлэх байгууламж барих ажил, лагийн үнэрийг арилгах юм. Энэ ажил нь сүүлийн 20 гаруй жил яригдаад шийдэгдээгүй байсан ч одоо Хятадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламж барихаар гэрээ байгуулаад ажиллаж байна" хэмээн ярилаа.

150 мянган айлын орон сууц барина

 

2019 оны тавдугаар сарын 22-ны өдрийн  Засгийн газрын хуралдаанаар баталсан "150 мянган айл-орон сууц" хөтөлбөрийн талаар Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар “Энэ хөтөлбөрийг боловсруулаад бид салбарын зүгээс нэлээн тоо баримтаар судалгаа хийж ажилласан.

2018 оны байдлаар манай улсад 894,496 өрх байгаагаас 387,543 нь нийслэлд, 507,043 өрх нь орон нутагт амьдарч байна.

Ирэх таван жилийн хугацаанд нийслэлийн 216,913 өрх, орон нутгийн 121,929 өрх орон сууц худалдан авах хүсэлтэй байгаа бөгөөд тэдгээрээс нийслэлийн 16.3 хувь буюу 35,497 нь, аймгуудын 9.6 хувь буюу 11,738 өрх нь орон сууц худалдан авах чадвар нь баталгаажсан. 

Мөн улсын хэмжээнд нийт 192,457 төрийн албан хаагч байгаагийн 127,585 нь хувь өмчийн орон сууцтай. Түүнээс 56,467 төрийн албан хаагчийн орон сууц худалдан авах хүсэлт нь баталгаажсан байна.

Энэ тоон анализ дээр үндэслэж бид ирэх таван жилд  Монгол Улсад 150 мянган айлын орон сууцыг барина гэсэн хөтөлбөрийг дэвшүүлж засгийн газрын хуралдаанаар батлуулсан юм.

  1. 150 мянган айлын 10 мянгыг нь инженерийн шугам сүлжээнд суурилагдсан хүчин чадал, ашиглалтыг сайжруулах замаар гэр хорооллын газрыг дахин зохион байгуулж, төслийн хүрээнд амины орон сууц барихаар,
  2. Гэр хорооллын 45 мянган айлын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийн хүрээнд нийтийн зориулалтын орон сууц барихаар,
  3. 57 мянган иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр орон сууц барихаар, 
  4. гурван мянган ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулган, дахин төлөвлөж, нийтийн зориулалттай орон сууц барихаар,
  5. 16,512-г дагуул харьяа хот, тосгодыг хөгжүүлэх төслийн хүрээд баригдах нийтийн зориулалттай болон амины орон сууц барихаар,
  6. 18,488-г төрийн өмчийн орон сууц барина гэсэн зургаан чиглэлээр тооцсон.

Тус ажлыг эхлүүлэхэд урьдчилсан байдлаар 10 гаруй их наяд төгрөгний тооцоо гарч байгаа. Энэ бүх ажлыг хийхэд гол хөрөнгө нь инженерийн шугам сүлжээнд зориулагдана.

Мөн байшин баригдахын хэрээр ипотекийн зээлээр хангаж байж энэ орон сууцнууд ялангуяа бага болон дунд орлоготой иргэдэд очих ёстой гэж бид бүхэн үзэж байна. Энэ хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд Зөвхөн Улаанбаатар төдийгүй 21 аймагт хэрэгжүүлэхээр нэгдсэн төлөвлөлттэй ажиллаж байна" гэв.

Иргэдийг сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангана

Нийтийн аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн “Манай яамны зүгээс хүн бүрт ус ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг тэгш хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Бид энэ хүрээнд Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулсан.

Мөн иргэдийг сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангах асуудал байна. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар аймгийн төвүүд дээр сайжруулсан ариун цэврийн байгууламжуудыг барих төслүүдийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь хөрсөнд нэвчдэггүй нүхэн жорлонг суурилуулах төсөл юм.

Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн хувьд гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан, одоо ажлын нарийвчилсан зургуудыг гаргаж дуусаж байна" гэв.

"Хүртээмжийн тухай" хууль боловсруулж байна

БХБЯамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Бид энэ жил ипотекийн журмаа шинэчилж баталж чадсан. Монголбанк, Сангийн яамтай хамтраад гурвалсан гэрээ байгуулаад энэ жилээс ипотекийн зээлийн эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлж олгож байна.

Мөн бид түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам баталсан. Мөн манай яамнаас хэд хэдэн хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаагийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр "Хүртээмжийн тухай" хууль боловсруулж байна" гэлээ.