2019/12/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-17°
05:00
S31
-16°
06:00
S31
-16°
07:00
S31
-17°
08:00
S31
-16°
09:00
S32
-16°
10:00
S32
-14°
11:00
S32
-13°
12:00
S32
-11°
13:00
S32
-9°
14:00
S32
-6°
15:00
S32
-7°
16:00
S32
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхзаяа: Монгол, Солонгос оюутнуудын ялгаа суурь боловсролоос нь л тод харагддаг

С.Уянга, Зууны мэдээ
2019 оны 9 сарын 6
Зууны мэдээ

“Зууны мэдээ ” сонин дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан эхлүүлсэн. Энэ удаагийн дугаартаа бид Солонгос улсын Хангёны үндэсний их сургуульд генетик инженерчлэлийн чиглэлээр ажилладаг Б.Мөнхзаяаг урьж ярилцлаа.

-Юуны өмнө таны ажлын онцлогийг асуумаар байна. Генетик инженерчлэл гэхээр сонирхолтой санагдаж байна л даа?

-Мэргэжлээ энгийнээр тайлбарлавал генийн мэдээлэлд нь ашигтай хувилбараар өөрчлөлт хийх технологи юм. Тухайлбал, генийн инженерчлэлийн чиглэлээр ургамлыг өвчин болоод халуун хүйтэн зэрэг янз бүрийн орчинд тэсвэртэй байлгахаас гадна хэмжээ чанарын хувьд илүү ашигтай болгох ажил хийгддэг.

Энэ нь хөдөө аж ахуйн салбарт чухал ач холбогдолтой. Харин амьтан дээр төвлөрсөн судалгаанууд нь хууль эрхзүйн өндөр хяналтаас гадна янз бүрийн түвшинд хязгаарлагдмал учраас шууд амьтан гэхээс илүү амьтны гаралтай бүтээгдэхүүн дээр ихэвчлэн ийм төрлийн технологийг ашиглах судалгаанууд явагддаг.

-Нэг ёсондоо удамшлын мэдээллийг өөрчилнө гэсэн үг үү. Та одоо ямар ажилд төвлөрч ажиллаж байна вэ?

-Ер нь бол тийм. Ген гэдэг нь удамшлын мэдээллийг кодолж байдаг. Гэхдээ энэ төрлийн ажлууд өндөр хяналт дор явагддаг. Судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх эсэх нь ч мөн адил олон шалгуур давсны дараах асуудал.

Миний хувьд амьтан, хүнд чиглэсэн судалгаан дээр төвлөрч байна. Үржлийн дааврыг зохиомол лабораторийн аргаар шинж чанарыг нь алдагдуулахгүй гаргаж авахаас гадна генетик инженерчлэлийн технологи ашиглан үйлдлийг нь чанарлаг, задралын явцыг нь удаан болгож өөрчилсөн байдлаар гаргаж авч байна.

Энэ маягийн технологийг өөр ямар ч уураг дээр ашиглах боломжтой гэсэн үг. Хөдөө аж ахуйгаас эхлээд янз бүрийн төслүүд байдаг л даа. Мөн альцгеймерийн өвчний эмчилгээний технологийн судалгаан дээр нохойг модель болгон ашиглаж эхэлж байна.

-Энэ шинжлэх ухааны хөгжил Монголд ямар байдаг бол. Та эх орондоо энэ чиглэлээр ажиллах юм уу судалгаа хийж байсан уу?

-Миний хувьд Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд ажиллаж байсан. Тэр үед шинэ суралцагч байсан болохоор шинжлэх ухааны хөгжил гэхээс илүү их зүйлийг сурахыг хичээж ажилласан. Докторын зэрэг хамгаалсны дараа төслүүдийг бие даан авч, судалгааны ажил хийх, оюутнуудыг мэргэжлийн дадалд сургах ажлыг Солонгост эхлүүлсэн.

Одоо бол хаана ч дэлхийн шинжлэх ухааны хөгжлөөс хоцрохооргүй технологиудыг эзэмшсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх боломжтой. Хичээвэл хэзээ ч хаанаас ч хэрэгцээгээ хангах боломжтой энэ цаг үед мэдлэгээ улс орны хөгжилтэй холбоод сууж байж болохгүй шүү дээ.

Генетик инженерчлэлийн шинжлэх ухааны хөгжил манай улсад төдийлөн сайн биш ч бас зогсчихоогүй. Жамаараа хөгжиж л байна. Сайн хөгжихгүй байгаа шалтгаан нь шинжлэх ухааны хөгжилд зориулсан дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хэт бага, шинжлэх ухааны улс оронд үзүүлэх нөлөөллөөс түрүүлж авч үзэх зайлшгүй асуудлууд хэт олон.

Туршлага хуримтлуулах, эрдэмтдийг хөгжүүлэх, ажлын байр хомс гээд олон хүчин зүйл бий. Энэ салбарт хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Мөн дагавар шинжлэх ухаанууд хөгжөөгүй цагт дангаараа хөгжих боломжгүй. Ер нь бол хөгжлийн цогц бодлого шаардлагатай.

-Гадаад улс оронд ажиллаж амьдарч байхад Монголд нэвтрүүлэх шинэ санаа их төрнө биз дээ. Тухайлбал, таны хувьд эх орондоо ирээд хамгийн түрүүнд юу хийхийг хүсэж байна вэ?

-Хийж байгаа судалгааныхаа боломжит технологиудыг Монголд нэвтрээсэй гэж хүсдэг. Мэдээж олон гоё технологи нэвтрүүлж байгаа эрдэмтэд олон. Харилцаа холбоотой ажилладаг эрдэмтэд ч бий.

Гэвч судалгааг эхлүүлэхээс дуусгах хүртэл олон асуудал тулгардаг. Чанартай бодисоос эхлээд техник технологийн төхөөрөмж гээд нөгөө л зардал, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал тулгардаг.

Миний хувьд нэг эсийн гаралтай "супержүүлсэн” уургуудыг гаргаж авах анагаахын ач холбогдолтой эм эмийн бүтээгдэхүүнийг өөрсдөө гаргаж авах бүрэн боломжийг эх орондоо бүрдүүлэх юмсан гэж боддог.

Дизайн нь уламжлалт арга дээр үндэслэсэн боловч орчин үеийн дэвшилтэт технологиудыг ашиглаж генетик инженерчлэлийн аргуудыг ашиглаж хийдгээрээ хугацаа болоод хөрөнгө хэмнэдэг.

-Нэг талаар гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг шүүмжлэх нь бий. Гэтэл нөгөө талаас өндөр хөгжилтэй оронд туршлага, мэдлэг хуримтлуулаад эргээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэг хамгийн чухал? 

-Нарийн мэргэжлийн тал дээр гадаадад туршлага хуримтлуулах боломж өндөр. Хөгжсөн орны дэвшилтэт технологиудыг ашиглаж сурах давуу талтай. Мөн ялгааг нь мэдэрсэн хүмүүс арай өөрөөр сэтгэж харж ажилладаг. Энэ мэдлэг чадвараа эх орондоо зориулж сурч мэдсэнээ залуу үедээ түгээх нь чухал. Миний мэргэжлийн хувьд Солонгост эхний гуравт жагсдаг юм билээ.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс зорилгоосоо хамааран янз бүр учраас хэт нэг талыг барих нь өрөөсгөл санагддаг. Тухайлбал, миний амьдардаг орчинд оюутнууд олон байдаг.

Тэдний хичээл зүтгэл, зөв амьдарч байгааг харах сайхан. Тэд аав, ээжийнхээ ивээлд Монголд сурч байгаа оюутнуудтай харьцуулшгүй үүрэг хариуцлагаа сайн ухамсарладаг. Бууж өгөхгүйгээр олон ажлыг амжуулж чаддаг. Ачаалал их байх тусам илүү ихийг амжуулж чадаж байна. Миний хувьд магистрын зэрэг горилон суралцахаар анх Солонгост ирсэн.

-Гадаадад ажиллаж, амьдрахаар эх орноо санадаг байх. Мөн Монголоо өмгөөлөх сэтгэл ч их төрнө биз. Шүүмжлэх зүйл ч бий байх?

-Анх ирээд нутгаа их санадаг байсан. Амралтаараа ирж очоод ирэхээр дасчихдаг. Заримдаа дотор давчидсан бөөн байшин дунд эх орон минь нүдэнд харагддаг. Монголын үнэртэй салхиа эндхийн монголчууд их ярина.

Салхиа үгүйлж байгаа хэрэг л дээ. Солонгос найзууд хамтрагчдадаа Монголын талаар таниулах, зөрүү ойлголтыг нь залруулахыг хичээдэг. Солонгосчууд монголчуудад элэгтэй байдаг болохоор нэг их муучилж, шүүмжлэх зүйл гардаггүй.

Ер нь аль болох нийгмийн болохгүй бүтэхгүй хар барааныг унших, сонсохыг хүсдэггүй. Мэргэжлийн салбаруудын хувьд ч сул доройг нь шүүмжлэхээс илүү цаг нь арай болоогүй байна уу гэж хардаг. Солонгос оюутнуудтай ажилладгийн хувьд нийтээрээ мэдээсэй гэж хүсдэг, миний мэдэрсэн зүйл гэвэл монгол хүүхдүүд хэн болохоо мэддэггүй, юу хүсэж сонирхож байгаагаа тэр бүр ойлгодоггүй зэрэг ялгаа харагддаг.

Бүгд биш ч гэсэн хэн нэгний тусламжийг хүлээдэг болчихсон энэ байдал магадгүй суурь боловсролын явцад эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүслийг сонсож, олон төрлөөр хөгжүүлэхгүй байгаатай холбоотой гэж боддог. Үзэл бодол нь төлөвшөөгүй, хүсэл сонирхлоо ойлгоогүй энэ байдал их сургуулийн шатлалд монгол оюутнууд гадаад оюутнуудаас ялгагдах хамгийн том ялгаа болж харагддаг.

-Солонгос улсын хувьд онцлогтой. Монголчууд хамгийн их ажиллаж амьдардаг. Нутаг нэгтнээ дэмжих туслах гээд монголчууд хэр харилцаа холбоотой ажилладаг вэ?

-Солонгост монголчууд олон бий. Олон гэхээр Солонгосыг Эрээн мэтээр дүрслэх хүмүүс бий. Гэхдээ Эрээн шиг хил нэвтрэхэд амархандаа биш биеэ дайчилж л байвал түүнийг нь үнэлж чаддаг систем тогтсон газар учраас тэр шүү дээ. Тэр ч утгаараа хөдөлмөрлөж чадаж л байвал амьдрах орчин нөхцөл хангалттай. Энд гуйлга гуйдаг хүн байдаггүй нь ч үүнтэй холбоотой. Ер нь бол хаана ч хэн ч гуйлга гуйж амьдрах шаардлагагүй.

Манай гэр бүл хамгийн олон жил суурын сан болохоор шинэ ирж байгаа оюутнууд болон ажил хийхээр ирсэн монголчуудтайгаа дотно харилцаатай байхыг эрмэлздэг. Оюутнуудаа эвтэй дотно, нийтлэг байлгахын тулд олон нийтийн ажил зохион байгуулахаас гадна өөрсдийнхөө хэмжээнд туслахыг хичээдэг. Тэр тусмаа сурч боловсрох талаас нь илүү их анхаардаг.

-Таны хувьд улс орны хөгжлийг хэрхэн хардаг вэ. Ялангуяа Монголтой холбоотой мэдээллийг хүлээж аваад юуг хийгээсэй, залуучууд нь ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Улс маань хөгжихгүй байна гэж ярихаас илүү эергээр харахыг хичээдэг. Туулах ёстой замаараа л яваа шүү дээ. Монголын хүн ам улам олон болоосой.

Бид цөөхүүлээ болохоор дэлхийтэй хөл нийлүүлж алхах, шинжлэх ухааны хөгжил нэмэр болохгүй байна. Цөөхүүлээ болохоор хэрэгцээ ч хангалттай үүсэхгүй. Мөн өндөр хөгжилтэй орнуудын нөлөөнд автахгүй байх аргагүй өнөө үед цөөхүүлээ том бүтээн байгуулалт, хөгжил, улс төр яриад хэт удаашралтай явсаар байх болно.

Залуучууд их өөрчлөгдөж байна. Хүн бүр дор бүрнээ эерэг хандлагатай байж, соёлтой боловсон байхыг хичээж нэгнээсээ суралцаасай. Залуус шинийг эрэлхийлдэг, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг, өөрийгөө хөгжүүлдэг, нийгэмд эерэг хандлага түгээж уриалдаг, гадаад хэлний мэдлэгээ байнга дээшлүүлэхийн төлөө хичээдэг байгаасай.

x