Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"10 сарын 1-нээс хуучны орон сууцны I давхарт нийтийн хоол үйлчилгээний зөвшөөрөл олгохгүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хэмжээнд 7,800 орчим хоолны газар үйл ажиллагаагаа явуулж байна. 

Үүнээс 5,000 гаруй нь бизнесийн салбар буюу ресторан, бар, кафе зэрэг байгаа юм. Сүүлийн жилүүдэд хоолны салбар эрчимтэй хөгжиж байгаа ч зөрчил, дутагдал байсаар байна. Тиймээс 2019 оны долдугаар сард худалдаа, нийтийн хоолны салбарт баримтлах стандарт, нэр томьёоллыг шинэчлэн баталсан байна.

Энэ нь аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон талаар өнөөдөр ХХААХҮЯ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн боловсролын академи хамтран мэдээлэл хийлээ.

  • “Хоолны газрын нэр томьёоны тодорхойлолт”,
  • “Хоолны газарт тавигдах ерөнхий шаардлага”,
  • “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” гэсэн үндэсний стандартуудыг шинэчлэн боловсруулж, жилийн турш хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нар, төрийн болон төрийн бус байгууллагын 2,000 гаруй төлөөллийг оролцуулан нийтдээ найман удаагийн хэлэлцүүлэг хийж, санал авчээ.
 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч О.Нямдаваа “Хоолны салбарт гарч буй нийтлэг зөрчил нь барилга байгууламжтай холбоотой болон хоолны чанар, аюулгүй байдал, ариун цэвэр чандлан сахиагүй зэрэг юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд стандартад шинэчлэл оруулж байна. Уг шинэчлэлд хуучин орон сууцны нэгдүгээр давхарт хоолны газрын тусгай зөвшөөрөл олгохгүй гэж заасан.

Ингэснээр шинээр зөвшөөрөл олгохгүйгээс гадна өмнө нь ажиллаж байсан газруудын хугацааг сунгахгүй” гэв.

Гэхдээ доод давхрууд нь үйлчилгээ явуулах стандартын дагуу баригдсан орон сууцад хамаарахгүйг албаныхан хэллээ. Түүнчлэн шинэ стандартын дагуу хоолны газрууд цэс дээрээ хоолны илчлэг, давсны агууламжийг нарийвчлан бичиж байх ёстой аж.

Аравдугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх стандарт:

 
 
Хоолны салбарын стандарт 14 жилийн дараа шинэчлэгдлээ
 

Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн боловсролын академийн Ерөнхийлөгч Ш.Эрдэнэхүү шинэчлэгдсэн журмын талаар "Чанар, аюулгүй байдлыг хэрэгжүүлэх түлхүүр нь стандарт. Тэрхүү стандарт 2005 онд батлагдаж байснаас хойш 14 жилийн дараа шинэчлэгдэж байна. Стандартыг хоёр жил гаруйн хугацаанд судалгаа, шинжилгээ хийж боловсрууллаа. Үүнээс хүний нөөцийг онцолмоор байна. 

Хоолны салбарт хүний нөөцийн чадварын асуудал ихээхэн тулгамддаг. Нийт ажилчдын мэдлэг, ур чадвар хангалттай хэмжээнд биш байна. Тиймээс ажиллагчид албан ёсны үнэмлэх, зэрэгтэй байхыг баталгаажуулсан нь тун олзуурхууштай. Учир нь салбарт гарч буй олон зөрчлийн дийлэнх нь боловсон хүчинтэй холбоотой байдаг" гэв. 

Хоолны газруудын 54 хувь нь хоол үйлдвэрлэлийн өрөөг технологийн урсгалын дагуу зохион байгуулаагүй байжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалтын байгууллагаас нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг хийдэг. Эдгээр шалгалтын дүнд дараах зөрчлүүд илэрчээ. 

  • Нийтийн хоолны газрын 53% нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, 
  • 54% нь хоол үйлдвэрлэлийн өрөөг технологи, урсгалын дагуу зохион байгуулаагүй, 
  • 31% нь хүнсний түүхий эдийг хадгалах, хөргөх, хөлдөөх төхөөрөмжөөр бүрэн хангаагүй, 
  • 13% нь бэлэн хоол зуушийг зохих хэмд хадгалж, түгээх зориулалтын төхөөрөмжөөр хангагдаагүй, 
  • 41% нь дотоодын хяналтын журмыг бүрэн мөрддөггүй зэрэг зөрчил илэрчээ.