Цахилгааны утсанд орооцолдон шархадсан шувууг эдгээж, байгальд тавьжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нүүдлийн шувуу цахилгааны утсанд орооцолдож бэртсэн байсныг эмчилж, байгальд буцаан тавьжээ.

Нийслэлийн Байгаль Орчны Газраас мэдээлснээр Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны орон сууцны хороолол дунд гэмтсэн шувуу байна гэсэн иргэний мэдээллийн дагуу амьтны эмч газар дээр нь очиход гэзэгт шумбуур (Aythya fuligula) шувуу цахилгааны утсанд орооцолдож хүзүү хэсэг нь шархалжээ. Бэртсэн шувууг “Зэрлэг амьтан асрах байранд“ хүргэж долоо хоног эмчлэн байгальд эргүүлэн тавьсан байна.

Гэзэгт шумбуур (Aythya fuligula) нь Монгол оронд түгээмэл тархсан нуур цөөрөм, задгай усанд өндөглөн зусдаг нүүдлийн шувуу юм. Үржлийн үедээ усны ойролцоо навч, мөчрөөр үүр засан 6-12 өндөг гаргана. Элдэв нялцгай биетэн, усны хорхой шавж, ургамлаар хооллодог.  

Байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн, бэртэж, гэмтсэн үед нь ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11 310005 тоот утсанд мэдэгдэж байхыг уриаллаа.
зураг
 
зураг