Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Манзушир хийдийг Улаанбаатартай дүүжин замаар холбож, аялал жуулчлалын бүс болгох ТЭЗҮ бэлэн боллоо"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Манзуширын хийдийг түүхэн дурсгалт цогцолбор, соёл шашин аялал жуулчлалын төв болгох төслийн техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл нь бэлэн болсон учир өнөөдөр нийтэд танилцууллаа. 

"Манзушир" хийдийг сэргээн засварлаж, хийдийн орчимд томоохон барилга бүтээн байгуулалт хийн, жилд 1.3 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын хэмжээний аялал жуулчалын төв болгохоор төлөвлөжээ.

Цогцолборыг Улаанбаатар хот, нисэх буудалтай нь ойртуулахын тулд бид "Cable car"-ыг тавьж өгөхөөр төлөвлөсөн

 
Гэрэл зургийг Мpa.mn

Энэ талаар Төслийн удирдагч, Монгол Улсын хот төлөвлөлтийн зөвлөх архитектор Э.Хүрэлбаатар хэлэхдээ" Бид Манзуширын хийдийг түүхэн дурсгалт цогцолбор, соёл шашин аялал жуулчлалын төв болгох төслийнхөө судалгааг 2018 онд хийж эхэлсэн.

Бид энэхүү төслийг хоёр жилийн хугацаатай хийх байсныг есөн сарын хугацаанд хийж дуусгаад захиалагч байгууллагадаа хүлээлгэн өгсөн байна. Төсөлд нийт 17 байгууллагын нийт 136 эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн зөвлөхүүд оролцож, ажилласан.

Түүхийн аялал жуулчлалын цогцолбор гэдэг утгаараа  соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу 300 гаруй жилийн түүхэн дурсгалтай,соёлын өвд бүртгэгдсэн Манзушир хийдийн суурийг хадгалж хамгаалах ёстой.  

Тиймээс хийдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цааш нь сэргээн засварлаж жуулчдыг татах зорилготой байна. Гэхдээ хийд дээр ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй.

Харин Манзушир хийдийг дагаж Төв аймгийн газар нутагт олон улсын үйл ажиллагааны томоохон төвүүд шинээр барьж цогцолбор болгохоор төлөвлөсөн.

Тус цогцолбор нь жилд 1.3 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын хэмжээний аялал жуулчлалын төв болох юм.

Тухайлбал, Улаанбаатар хотоос Манзушир хийд хүртэл нийт 51 километр байдаг. Тиймээс бид цогцолборыг Улаанбаатар хот, нисэх буудалтай ойртуулахын тулд агаарын замын тээвэр буюу "Cable car"-ыг тавьж өгнө.

Энэхүү цогцолборыг бид 2025 он гэхэд ашиглалтад оруулахаар тооцоолсон байгаа бөгөөд гаднын томоохон байгууллагууд ч гэсэн цогцолбор байгуулахад хамтарч ажиллах саналаа өгөөд байна" гэлээ. 

Манзушир цогцолборын төсөл нь одоо хийж, бүтээн байгуулахад бэлэн болсон байна

 
Гэрэл зургийг Мpa.mn

Төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн, Манзушри хутагт сангийн тэргүүн М.Энхболд "Монголын түүхт суурин газруудын хөгжлийн явцыг үзэхэд шашин сүм хийдийнхээ үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг.

Төв аймгийн Зуун мод амны хойно байрлах Манзушир хутагтын байгуулж байсан төлөвлөлтийг сайжруулах тал дээр олон санаачилга гаргаж байсан. 

Манзуширын хийд бол олон улсын нисэх буудалтай болон Улаанбаатар хотод хамгийн ойрхон түүх соёл шашны онцлогтой газар учраас аялал жуулчлалын бүсэд яах аргагүй орно. 

21 дүгээр зуунд Монголын түүх соёлын холбогдолтой газруудаа хэрхэн хөгжүүлэх болохыг харуулах зорилгоор энэ бүс нутгийн төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төсөл боловсруулан гүйцэтгэх санаачилгыг гаргаж, сонгон шалгаруулалт зарлаж байсан.

Хаин өнөөдөр тэрхүү төсөл маань бэлэн болсон байна.

Энэ бол түүх, соёлын дурсгалт зүйлүүдийг сэргээж босгоход чиглэгдсэн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн төсөл болсон байна. Тиймээс бид талархаж хүлээж авч байна.

Манзушир цогцолборын төсөл нь одоо хийж, бүтээн байгуулахад бэлэн болсон байна" гэлээ.

Шашин ч бай, төр ч бай өөрийнхөө толгойг дааж явах цаг нь болсон

 
Гэрэл зургийг Мpa.mn

Төслийн зөвлөх, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц "Монголын дурсгалт газруудыг сэргээх явдал нь Монгол орны ирээдүйд хэрэгтэй зүйл гэж би боддог. Тиймээс энэ бол бидний заавал хийвэл зохистой ажлуудын нэг хэмээн ойлгож байна.

Шашин ч бай, төр ч бай өөрийнхөө толгойг дааж явах цаг нь болсон. Тийм учраас бид өөрсдөө түүхийн дурсгалтай олон сайхан газруудад сэргээж, түүгээрээ гаднын ч гэлтгүй дотоодынхоо ч аялал жуулчлалыг мөн хөгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна" гэсэн юм.

Энэ төслийг хийж хэрэгжүүлэхэд 270.1 тэрбум төгрөг шаардлагатай

Төслийн багийн эдийн засагч Г.Дарханчулуун "Энэ төслийг хийж хэрэгжүүлэхэд 270.1 тэрбум төгрөг шаардлагатай. Улсаас инженер дэд бүтцийг нь шийдэхийн тулд нийт зардлын зөвхөн найм орчим хувийг буюу 37 тэрбум төгрөгийг гаргана гэж тооцоолсон. 

Үлдсэн бүтээн байгуулалт нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар босно гэсэн үг. 

2020 он гэхэд хийдийг сэргээн засварлаж, барилга байгууламжийн зураг төслийг хийхийн тулд бидэнд эхний ээлжийн 3.9 тэрбум төгрөг шаардлагатай.

Мөн бид Зайсангаас Манзушир хийд хүртэл Cable car хийхээр төлөвлөсөн нь аялал жуулчлалын салбарт томоохон түлхэц болохоос гадна том брэнд болно гэж харж байна.

Энэ нь Манзушир цогцолборыг бусад аялал жуулчлалын төвүүдээс ялгах, хөдөлгөөний урсгалыг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Бид Манзушираас Цэцээ гүн хүртэл нэг цаг орчим алхдаг бол 13 минутын дотор Сable car-аар туулах боломжтой" гэлээ.

Манзуширын аялал жуулчлалын цогцолборыг түүх археологийн судалгаанд үндэслэж, газар нутгийн байршлын онцлог үйл ажиллагааны хэлбэр зэргээс шалтгаалж гурван үндсэн хэсэгтэй байхаар төлөвлөжээ.

  1. Манзушрийн ариун орон
  2. Эрдэм дэлгэрүүлэх орон
  3. Урлахуйн бүтээлийн орон