Мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой залуусыг хөгжүүлэх зорилготой "Сант" академи нээлтээ хийлээ.
Нээлтийн үеэр тэд өөрсдийн анхны бүтээл болох NOVA платформоо нийтэд танилцуулсан юм.
Нээлтийн үеэр "Сант" сургуулийн захирал З.Энхмөнх академийн талаар хэлэхдээ "Бид технологийн шийдэл ашиглаж хүүхэд, залууст маш хурдан хугацаанд мэдлэг, ур чадвар олгоно.
Сант академийн гишүүд тодорхой төслүүд дээр биечлэн ажиллах боломжийг олгохоос гадна ажлын байранд дадлага хийх боломжоор хангана.
Мөн гарааны бизнесээ эхлүүлэх, зөвөлгөө авах, хөрөнгө оруулагч нартай уулзах боломжтой.
Сант академи хамтрагч байгууллагуудын ажлын байранд хэрэгтэй ур чадвартай уяалдуулж сургалтын хөтөлбөрөө боловсруулах юм" гэлээ.
Монголд хэрэгтэй байгаа хүний нөөцийн талаар Specialized Career Consulting компанийн захирал А.Азбаяр хэлэхдээ "Одоогоос гурав орчим жилийн өмнө маркетингийн мэргэжилтэй хүмүүс ажлын байранд эрэлттэй байсан бол өнөөдөр мэдээлэл технологийн чиглэл, тэр дундаа хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллах чадвартай хүмүүс маш их эрэлттэй байна.
Сант академийн нэг давуу тал нь суралцахын хажуугаар төсөл дээр ажиллаж, дадлагажих тул төгсөөд олон ажлын байр бэлэн байна гэсэн үг" гэв.
Сант академийн хөтөлбөрийн менежер Т.Анарсайхан "Компьютер бол ойлгомжгүй зүйл огт биш бөгөөд хүн бүр код бичиж чадна.
Харин нэгдүгээр ангиасаа программын кодтой танилцаж эхэлсэн хүүхэд, 12 дугаар ангиасаа код бичих гэж оролдсон хүүхэд хоёрын дунд асар их ялгаа гардаг.
Мэдээлэл технологийн чиглэлээр суралцах хүсэл сонирхолтой хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй төв нь Сант академи байх болно" гэлээ.
Сант академийн хөтөлбөрийн менежер Б.Төгөлдөр "Сант академийн гишүүд өөрсдийн суралцдаг Стэнфорд, Колумбиа, Принстоны их сургуулиудын компьютерийн хичээлийг судалж үзээд өөрсдийн хөтөлбөрөө боловсруулсан.
Ингээд бид ерөнхий боловсролын сургуулийн 40 хүүхдэд програмчлалын хичээл заасан.
Үр дүн нь маш сайн гарсан төдийгүй өнөөдөр тэр хүүхдүүд маань өөрсдийн хийсэн төслүүдээ танилцуулж байна.
Мөн бид Hacking the Admisions Process хөтөлбөрийг хэрэгжүүлж АНУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор NOVA платформыг хийлээ.
NOVA-гаас залуус АНУ-ын их дээд сургуультай холбоотой бүх мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.
Одоогийн нийгэмд бүх юм мэдээллийн технологитой холбогдож байна. Тиймээс мэдээлэл технологийн чиглэлээр суралцах сонирхолтой хүмүүст Сант академи үргэлж нээлттэй байх болно" гэв.
Оюуны Ундраа Пропертиз компанийн захирал О.Тэнүүн "Манай компани олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн хэдэн сар ажилд авахдаа би диплом огт харсангүй.
Үндсэндээ одоогийн нийгмийн хамгийн гол шалгуур үзүүлэлт нь хувь хүний хандлага болон ур чадвар юм.
Ажил олгогч өнөөдөр тухайн ажлын байранд тохирсон хүнийг л шаргуу хайдаг.
Тиймээс энэ эрэлттэй байгаа мэргэжлийн ур чадварт эртнээс бэлдэж чадвал суралцах хугацаандаа ажлын байранд гарах боломж бий" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!