Монгол Улс Бүгд Найрамдах Руанда Улстай Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоолоо.
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.
Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Руанда Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Еүгене-Ричард Гасана нар гарын үсэг зурав.
Руанда улсын талаар товч
Руандагийн Бүгд Найрамдах Улс нь дорно болон төв Африкт Их нууруудын бүст, Уганда, Бурунди, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Танзани улсуудтай хиллэн орших, далайд гарцгүй орон юм.
Африк тивийн өндөр нягтшилтай орнуудын нэг болох тус улсын 10.1 сая орчим хүн амын ихэнх нь газар тариалангаар амь зуулгаа залгуулдаг.
Руанда улсад 1994 онд гарсан геноцидын үеэр 800,000-аас нэг сая хүн алагдаж, дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж байв. 2008 онд Руанда нь хууль тогтоох байгууллагын гишүүдийн талаас илүүг нь эмэгтэйчүүд эзлэх болсон дэлхийн анхны улс болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!