Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Боловсролын систем үргэлж цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэчлэгдэж байх ёстой"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн эдийн засгийн форумын (WEF) дэргэдэх Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэгээс зохион байгуулж буй "SHAPE APAC 2019” салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Бид "Ирээдүйн боловсрол" салбар хэлэлцүүлгийг онцлов.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуучууд тус салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, баг болон санаагаа дэвшүүлсэн юм. 

Иймд залуусын боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлсэн онцлох эшлэлүүдээс тоймлон хүргэж байна.

Орчлон олон улсын дунд сургуулийн ахлах сургуулийн боловсролын асуудлыг хариуцагч Б.Анар,  Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэгийн дэд дарга С.Намуужин нар энэхүү хэлэлцүүлгийг удирдан явууллаа.

Ингээд хэлэлцүүлгийн үеэр орон орны залуусын хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе.

Орон орны залуусын хэлсэн эшлэлүүдээс:

  • Өнөөдөр боловсрол 5,000 жилийн өмнөх ширээ сандал, шохойг ашигладаг сургалтын системээс өөрчлөгдөж чадаагүй байна.
  • Технологи, эрүүл мэнд гэх мэтчилэн боловсролоос бусад салбар хурдтай хөгжиж байна.
  • Хүүхдүүдийг шалгалтын төлөө төрчихсөн мэтээр сургалтаа явуулсаар байгаа нь харамсалтай.
  • Хүүхэд бүрийг адилхан мэтээр санаж нэг ижил хөтөлбөрөөр хичээлээ заадаг байдал засрахгүй байна.
  • Техник технологи руу анхаарал хандуулахын зэрэгцээ суралцагчдын зүрх сэтгэлийн боловсрол буюу зөв хүн байж чадахад сургалтын хөтөлбөрөө чиглүүлэх шаардлагатай.
  • Академик чадвараас илүүтэй зөв дадал зуршил, шүүмжлэлт сэтгэлгээ, бусдыг хүндэлж өв соёлоо мэддэг боловсон хүчнийг төрүүлснээр ирээдүйд тулгарах асуудлуудаас сэргийлж чадна.
  • Багш хүн бол боловсролын салбарын амин сүнс учир энэ мэргэжлээр суралцах хүсэл тэмүүллийг залууст өгөх хэрэгтэй байна.​
  • Тухайн хүүхдийн хамгийн сайн хийж чаддаг зүйл дээр анхаарал хандуулах бус хэрэггүй хичээлүүд дээр цагийг нь ихээр зарцуулж байна.
  • Боловсролын систем үргэлж цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэчлэгдэж байх ёстой.
  • Сургуулиуд хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудалд нь анхаарал хандуулахгүй байна.
  • Боловсролын системд дэвшилтэт техник технологийг ашиглах явдал ихэссэн нь сайн хэрэг ч технологитойгоо харьцаж чадахгүй багш нар их байгаа нь боловсролын салбарт сөргөөр нөлөөлж байна.
  • Сургуулиуд хүүхдүүдэд тогтсон хичээл заахаас илүүтэй амьдралын арга ухаанд суралцуулсан мэдлэг олгох нь чухал болсон. 
  • Их сургуулиа төгсөх үед нь тухайн мэргэжлээ амьдрал дээр хэрхэн ашиглах талаар хангалттай мэдлэг олгодоггүй. 
  • Боловсрол олгож буй явдал нь ямар ч улс оронд тэгш байх ёстой. Өөрөөр хэлбэл боловсролын тэгш байдлыг бүх талаар хангах явдал дутагдаж байна.
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.