Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Масанори Комори: Нэг автобус өдрийн турш ойролцоогоор 181 грамм тортгийг агаарт хаядаг

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN

Автобуснаас ялгарах тортгийн шүүлтүүрийг хүлээн авлаа 

 
Гэрэл зургийг Mpa.mn

2017 оноос хэрэгжүүлсэн “Нийтийн тээврийн хэрэгсэлд дизелийн тортгийн шүүлтүүр DPF /Diesel Particulate Filter/-г  суурилуулж, утааны РМ ялгарлын бууралтыг турших төсөл” дуусаж, тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотод хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус төслийг Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн юм.

ЖАЙКА нь 2017 оноос нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав”, “Сутайн буянт” гэсэн гурван компанийн 24 автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF /MoCobee CT-3 загвартай/ болон иж бүрдлийг Япон улсын Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй суурилуулсан аж. 

Харин туршилтын ажлыг өнгөрсөн оны долоодугаар сараас эхлүүлжээ.

Нэг автобус өдрийн турш ойролцоогоор 181 грамм тортгийг агаарт хаядаг

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Төслийн удирдагч Масанори Комори "Автобус компаниудын инженер техникийн ажилчид, жолооч нар энэхүү шүүлтүүрийг зөв зохистой ашиглаж ирсний ачаар тээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдлыг дорвитойгоор бууруулах боломжтой болохыг балтагаажуулж чадлаа.

Тус тортгийн шүүлтүүр нь өөрөө шүүгдсэн тортгийн хэмжээг хэмжих боломжтой. Тиймээс бид автобус нэг бүрд шүүгдсэн тортгийн хэмжээг жинлэж гаргасан.

Нэг автобус өдрийн турш ойролцоогоор 181 грамм тортгийг агаарт хаядаг. Энэ хэмжээг өдөр бүр хөдөлгөөнд оролцож буй 1,000 автобусанд тооцвол 3,000 гаруй нэг литрийн усны саваар дүүрэн тортгийг Улаанбаатар хотын агаарт цацдаг байсан гэсэн үг.

Өнөөдөр Улаанбаатар хотод шилжүүлэн өгч буй дизелийн тортгийн шүүлтүүр нь насан туршийн хэрэглээний хагастай тэнцэхүйц бат бөх чанартай бүтээгдэхүүн юм.

Өнөөг хүртэл Япон улсад 15 гаруй жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа ийм шүүлтүүр олон бий. 

Тус төсөлд хамрагдсан автобус компаниуд маань цаашид энэхүү төхөөрөмжийг илүү үр ашигтайгаар ашиглаж Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаална гэдэгт итгэж байна" гэв.

97-98 хувийн дизелийн тортгийн шүүлтүүрийг суурилуулах зайлшгүй шаардлагатай

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд ялангуяа том оврын дизель түлштэй автомашинаас ялгарч байгаа тортгийг бууруулахад нөлөөлөх технологи нэвтрүүлэх тухай Жайка олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй 2017 онд анх гэрээг байгуулсан байдаг.

Үүнээс хойш Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Жайка олон улсын байгууллагатай хамтран нийтийн тээвэрт үйлчилж буй автобусаас ялгарч буй тортгийг бууруулах төхөөрөмжийг гурван ААН-ийг сонгож нийт 24 автобусанд суурилуулсан.

Өнөөдрийн төслийн үр дүн нь боловсон хүчнийг бэлтгэх тал дээр ч дэмжлэг болж байна. Учир нь энэхүү төхөөрөмж нь өөрөө анх удаа Монгол Улсад хэрэглэгдэж байгаа учраас төхөөрөмжийг бэлтгэх боловсон хүчин байхгүй. Үүн дээр сургалт явуулж, цаг тутмын хэмжилтийг хийх чиглэлд анхаарна.

Өнөөдөр 400 гаруй мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод төвлөрөөд байна. Хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийг харахад өдөрт 350 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.

Тэдгээр нь нийт үзүүлж буй агаарын бохирдлын 20 орчим хувийг эзлээд байна. Түүхий нүүрснээс ялгардаг агаарын бохирдол нь зөвхөн улирлын чанартай байдаг бол тээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдол жилийн дөрвөн улиралд байдаг. 

Технологийн хувьд энэ шүүлтүүр нь өндөр зардал шаардаж байна. Гэхдээ хүний эрүүл мэндээс илүү үнэтэй зүйл байхгүй.

Мөн Манай улсад мөрдөгдөж буй стандартыг дагадаг бүх тээврийн хэрэгсэл үйлчилгээндээ явж байна. Гэхдээ тэд 100 хувь эрүүл мэндэд хоргүй гэсэн баталгаа байхгүй учраас 97-98 хувийн дизелийн тортгийн шүүлтүүрийг суурилуулах зайлшгүй шаардлагатай" гэлээ.

Энэхүү технологийг ашигласнаар Улаанбаатар хот агаарын бохирдлыг бууруулж чадна

Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамура "Энэхүү шүүлтүүрийг суурьлуулснаас автобуснаас ялгарах хөө тортогны хэмжээ 90-с дээш хувьтайгаар буурч байгаа нь батлагдсан.

Японы энэхүү технологийг ашигласнаар Улаанбаатар хот агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалж чадна.

Хэдийгээр өнөөдөр энэ төсөл маань дуусаж байгаа ч бидний нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотын удирдлага зөв зохистой ашиглан агаарын бохирдлыг бууруулна гэж найдаж байна. Мөн энэ шүүлтүүрийг бусад  автобусанд ч суурьлуулах нь зүйтэй гэж бодож байна" гэсэн юм.

Тортгийн шүүлтүүр нь дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн яндангаас гарах их хэмжээний тортгийг шүүж, агаарт хаягдах утааг цэвэршүүлэх зориулалттай.

Уг төхөөрөмжийг Японд анх 2003 оноос туршиж эхэлсэн бөгөөд дизель хөдөлгүүртэй автобус, ачааны машин, гал унтраах машин зэрэгт голлон нэмэлтээр суурилуулан өнөөг хүртэл 15 жил гаруйн хугацаанд тасралтгүй ашигласан хамгийн аюулгүй, найдвартай систем аж.

Улаанбаатар хотод хүлээлгэн өгч буй тоног төхөөрөмжийн жагсаалт:

No.

Төрөл/Загвар

Тодорхойлолт

Тоо

1

Дизелийн Тортгийн Шүүлтүүр (ДТШ),

Загвар: Мокоби СТ-3

Үйлдвэрлэгч: Комотек корпорац

Токио хот орчмын 8 аймгаас олгогдсон БО-ны 002-Д гэрчилгээ

24

2

ДТШ цэвэрлэгч

Загвар: Мокоби RE

Үйлдвэрлэгч: Комотек корпорац

Ажилласан ДТШ цэвэрлэх зориулалттай Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан

15

3

Утааны тортогшил хэмжигч багаж, Загвар: MEXA-600S

Үйлдвэрлэгч: HORIBA

3

4

Хөдөлгүүр цэвэрлэгч,

Загвар: Diesel Pro

Үйлдвэрлэгч: Advantage Engineering, AEC Group Inc.

Тусгай зориулалтын цэвэрлэгээний шингэний хамт

3

5

Нүүрстөрөгчийн дутуу исэл мэдрэгч, Загвар: EC-600

Үйлдвэрлэгч: REKEN KEIKI Co., Ltd.

6

6

Drive Recorder,

Загвар: XDR-66URG

Үйлдвэрлэгч: WATEX CO., LTD.

24