Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагважаргал: Хөвсгөлд гарсан зам тээврийн ослын буруутай этгээд нь тогтоогдоогүй байгааг анхаарна уу

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зам дээр энэ сарын 14-ний өдөр хоёр автомашин мөргөлдөж, ослын улмаас хүний амь нас эрсэдсэн гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараад буй.  

Уг осолтой холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “2019 оны долоодугаар сарын 14-ний өдөр 17:00 цагийн үед Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт приус 30 /эхнэр нөхөр хүүхдийн хамт байсан/ болон кроссрөүд /ах нь гурван дүүгийн хамт байсан/ маркийн автомашинууд мөргөлдөж, нэг хүний амь нас эрсдэж, 12-16 насны гурван хүүхэд, хоёр том хүн бэртэж гэмтсэн зам тээврийн осол гарсан.

Гэтэл ослын талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэг шийдэгдчихсэн, аль нэг талын буруутай нь шүүхээр тогтоогдсон мэтээр мэдээлэл цацагдаж байна.

Уг хэрэг нь одоогийн байдлаар шалгагдаад, шинжээчид томилогдон бүх ажлууд хийгдэж байна. Иймээс аль нэг талын буруутай нь тогтоогдоогүй байгаа гэдгийг иргэд, жолоочдод хандаж хэлмээр байна. 

Гарч буй мэдээ мэдээлэл нь жолооч нар ослын аюулаас ямар их хохирол амсдаг болохыг харуулсан сэрэмжлүүлэг юм.

Түүнээс биш хэрэг шийдэгдээгүй байхад буруу мэдээлэл өгч, нэг талыг зөвтгөж, мөрдөн байцаах шатны үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн зүйл огт биш.

Ослын улмаас хоёр тал аль аль нь хохирол амсаж, эрсдэл үүрээд явж байгаа тул нэг тал руу нь хэт их дайрах нь зохисгүй юм. Өвчтнүүдийн биеийн байдлын тухайд нэг хүн нь өнгөрсөн Даваа гарагт эмнэлгээс гарсан. Гурван хүүхдийн хоёр нь хүнд гэмтэлтэй байгаа тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэлтэй байна" гэлээ. 

Мөн түүний хэлснээр Хөвсгөл аймагт судалгаанд орсон зургаан хар цэг байдаг аж.

Уг осол болсон газар нь зам тээврийн осол нэлээдгүй гардаг хар цэгийн судалгаанд орсон газар юм байна. Тиймд тухайн замын ойролцоо урьдчилан сэргийлэх тэмдэг тэмдэглэгээг тодорхой зайд байршуулж өгсөн ба зам нь өөрөө  хөрсний  цэвдэг ихтэй, зорчих хэсэг рүү нөлөөлөх байдалтай, өвөлдөө хөлдөж, зундаа гэсэлт явагддаг овон товонтой зам юм байна.

Урьдчилсан байдлаар хоёр жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Бусад нөхцөл байдал дээр шалгалтын ажил хийгдэж байгаа аж.