Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Энгүй” үзэсгэлэнгээр эмэгтэй хүний мөнхөд орших чанаруудыг харуулжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Авъяаслаг уран бүтээлч Цэдэнпилийн Баттөрийн “Энгүй” нэртэй бие даасан үзэсгэлэн зургаадугаар сарын 25-наас наймдугаар сарын 6-ны өдөр хүртэл "Art Space 976+" арт галлерейд гарч байна.

"Энгүй" үзэсгэлэнд орчин үеийн 13 эмэгтэйн хөрөг зургийг дэлгэн үзүүлсэн бөгөөд тэдгээрийг 20-р зууны эхэн үеээс өмнөх цаг үеийн хүмүүс мэтээр дүрсэлжээ.

Үүгээрээ эмэгтэй хүнд мөнхөд оршсоор ирсэн чанаруудыг харуулахыг зорьсон байна.

Уран бүтээлчийн Ц.Баттөр нь арав гаруй жилийн туршид хүн ба байгалийн нарийн шүтэлцээг өөрийн бүтээлдээ тусгахыг зорин ажилласан ба түүний бүтээлүүдээс хүний далд ухамсар, таашаал, сэтгэл хөдлөлийг мэдрэх боломжтой аж.

 

Тэрбээр бүтээлээ туурвихдаа өрнийн болоод монгол уламжлалт урлахуйн аргачлалыг нэгтгэн ашигладаг. Тухайлбал, түүний тосон будгийн ажлуудад “Зүмбэр” хэмээх монгол аргачлал түгээмэл харагддаг бөгөөд “Энгүй” үзэсгэлэнд дүрслэгдсэн бодит мэт товойн харагдах гоёл чимэглэл, зүүлт сэлтээс харж болох юм.   

Зураач Ц.Баттөрийн уран бүтээлийн үнэлж ОХУ-н Иркутск хотод зохион байгуулагдсан “Евроази-Арт” уран бүтээлч багш нарын олон улсын үзэсгэлэнгээс Реалист зургийн тэргүүн байрын шагнал, ДДУС-ийн уран бүтээлч багш нарын “Орон зай 2014”  үзэсгэлэнгээс тэргүүн шагнал, СУИС-ын оны шилдэг залуу багш, БСШУСЯ-н жуух бичиг зэргээр шагнаж байв.

Мөн Вьетнам улсад зохион байгуулагдсан “Art under the roof” хөтөлбөр, зургаа дахь удаагийн Бээжингийн олон улсын урлагийн биенналь, Бюделсдорф хотноо зохиогдсон “Норд Арт 2016” олон улсын үзэсгэлэн, Бээжингийн олон улсын үзэсгэлэн, “Сибирийн өнгө” олон улсын пленер, Токио хотноо зохиогдсон Монгол, Солонгос болон Япон орны уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн зэрэг олон улсын нэр хүнд бүхий олон тооны үзэсгэлэн, биеннальд оролцож байжээ.

 

Бие даасан болон хамтарсан үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей, Монголын Орчин Үеийн Урлагийн Музей, Монголын Урчуудын Эвлэл, Занаду арт галлерей, Art Space 976+ галлерейд дэлгэгдэж байсан аж.