Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариунзаяа: Ямар нэг хямрал болоход ядууралд өртөх эрсдэлтэй маш олон хүн байна

М.Үүрийнтуяа, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай ядуурлын талаар ярилцлаа.

-Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол Улсын ядуурлын талаарх тооцооны үр дүнг танилцуулаад удаагүй байгаа. Танилцуулгад ядуурлын түвшин 28.4 хувь болсон гэлээ. Таны хувьд ядуурал буурах магадлал бий гэж ярьсан байсан. Тэгвэл манай улсад ядуурал ямархуу хэмжээнд байгаа талаар яриагаа эхлүүлье?

-Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтарч хоёр жил тутамд Монгол Улсын ядуурлын түвшинг зарлаж байна. Саяхан бид 2018 оны үзүүлэлтүүдийг танилцуулсан. Харин энэ онд багтаж ядуурлын өөрчлөлтийн талаарх нийгэм, эдийн засгийн гүнзгийрүүлсэн дүн шинжилгээний тайлан бэлэн болно.

2018 оны тооцоогоор Монгол Улсын ядуурлын түвшин 28.4 хувь болж, манай улсын 3.2 сая хүний 904.9 мянга нь ядуу амьдарч байна. Ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 1.2 пунктээр буурсан.

Сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хүн амын тооны өсөлттэй уялдуулбал 39 мянган хүн ядуурлаас гарсан байна. Бүс нутгаар авч үзвэл, зүүн бүсэд ядуурал 6.6, баруун бүсэд 4.3, хангайн бүсэд 2.7, төвийн бүсэд ядуурлын түвшин 0.7 пунктээр тус тус буурч, Улаанбаатар хотод 1.1 пунктээр нэмэгдсэн байна.

Говьсүмбэр аймагт ядуурал хамгийн өндөр буюу хүн амын талаас илүү хувь нь ядуу амьдарч байна. Харин Өмнөговь аймагт ядуурлын түвшин хамгийн бага буюу 11.8 хувь байна. Судалгаанд хот, хөдөөгийн ядуурлын түвшин нэлээд зөрүүтэй гарсан.

-Улаанбаатар хот хөдөө, орон нутгаас хэд дахин илүү ядууралтай гэж гарчээ. Ингэж гарахад юу голлон нөлөөлсөн юм бол оо?

-2017-2018 онд ноос, ноолуур, мал, махны үнэ өссөн нь хөдөөгийн өрхийн амьжиргаанд сайнаар нөлөөлснийг судалгаа харуулж байна.

Хөдөөгийн өрхүүдийн газар тариалан, мал аж ахуйгаас олж буй орлого 2016 онтой харьцуулбал 2018 онд 32 хувиар өссөн. Харин хотын өрхүүдийн хувийн бизнесийн орлого багасч, тэр дундаа жижиг бизнес эрхэлдэг өрхүүдийн орлого муудсан нь амьжиргаанд сөргөөр нөлөөлсөн.

Жишээлбэл, хөдөөд өөрсдийн гар дээрээс махаа хэрэглэдэг учраас зардал гарахгүй. Харин хот, суурин газарт махны үнэ өсөх нь иргэдийн амьжиргаанд нөлөөлж байна. Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь буюу ядуу 10 хүн тутмын зургаа нь хот суурин газарт амьдарч байна.

Улаанбаатар хотод нийт ядуучуудын 41.8 хувь нь амьдарч байна. 41.8 хувь буюу 378.2 мянган хүн нь Улаанбаатар хотод амьдарч байгаа нь ядуу хүн амын тоогоороо удаалж буй Өвөрхангай аймгаас бараг 10 дахин их байна.

Улс төр, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдсөн 1990-ээд оноос эхлэлтэй хөдөөгөөс хот руу шилжих урсгал одоо ч үргэлжилж байна. Үүний уршгаар Улаанбаатар хот зах руугаа маш их тэлсэн. Ингэснээр хотын захад амьдарч буй хүмүүст наад захын үйлчилгээг хүргэхэд өндөр зардалтай болдог.

Хотжилтын үр ашгийг бүгдэд хүртээхийн тулд Улаанбаатар хотын ядуурлыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх хэрэгтэй. Ялангуяа барилга, газар тариалан, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбарт хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх.

Төлбөрийн чадварт нийцсэн дэд бүтцийн үйлчилгээг хүргэхэд газрын менежмент, хот байгуулалтын төлөвлөлтийг илүү сайжруулах шаардлагатай байна.

Улаанбаатар хот манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр учраас ядуурлын асуудлыг нь оновчтой шийдвэрлэснээр ядуурлыг улсын хэмжээнд илүү өргөн хүрээтэй бууруулж, нийслэлийн бүх оршин суугчийн хувьд амьдрахад таатай хот болгох боломж бүрдэнэ.

-Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт чамлахааргүй байсан. Харин энэ өсөлттэй харьцуулахад 2018 оны ядуурлын хэмжээ бага зэрэг л буурсан байна. Энэ нь хэр үзүүлэлт вэ?

-Манай улсын эдийн засаг 1995 оноос хойш уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай өсөж, ДНБ-ий жилийн бодит өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрсэн.

Харин 2011 оноос эхлэн өсөлтийн хурд буурсаар 2016 онд 1.2 хувь, 2017 онд эдийн засаг сэргэж ДНБ-ий бодит өсөлт 5.1 хувь, 2018 онд 6.9 хувь болсон. Ядуурлын түвшин 1995-2007 онд 36.3 хувиас 29.3 хувь болж ерөнхийдөө аажим буурсан боловч 2008-2009 онд 35.2 хувиас 38.8 хувь болж өссөн.

Ядуурал хангалттай буурахгүй байгаа шалтгаан нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлттэй холбоотой. 2018 онд өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос 23.7 хувиар, шатахууны үнэ 25 хувиар өссөн нь иргэдийн амьжиргаанд нэлээд дарамт болж, ядуурал дорвитой буурахгүй байх шалтгаан болсон.

Эдийн засгийн өсөлт нь ядуурал бууруулах үндсэн нөхцөл мөн. Гэхдээ энэхүү өсөлтийг үр дүнтэй ашиглаж чадах эсэхээс ядуурлыг бууруулах нь шалтгаалдаг гэдгийг олон улсын байгууллагуудын судалгаа нотолсон.

Хөгжиж буй орнуудад ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь эдийн засгийн өсөлтийг хүний хөгжилд, нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндэд түлхүү ашиглах нь зүйтэй гэж үздэг.

Жил дараалан эдийн засгийн өсөлт сайн байж, ядуурал 2012-2014 онд нэлээд буурсан боловч эдийн засгийн өсөлтийн хэмжээ нэг оронтой тоонд шилжсэнээр ядуурал буурах хурд дагаад удааширсан. Энэ нь нэг талаас манай улсын ядуурлыг бууруулах суурь арга хэмжээнүүд сул болохыг харуулж байгаа юм.

Монгол Улс 2030 он гэхэд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлснээр “Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байж, орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг давхаргын ангилалд багтсан, ядуурлын бүх төрлийг эцэс болгож, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17,500 ам.доллар хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ” гэсэн том зорилтыг тавьсан.

Иймд судалгаа шинжилгээний үр дүнд суурилсан ядуурлыг бууруулах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй. Ялангуяа, одоо хот, суурин газрын ядуурлыг бууруулах нь нэн чухал болж байна.

 -Тэгвэл ядуурлыг эдийн засгийн өсөлттэй уялдуулан судалсан судалгаа, шинжилгээ байдаг уу?

-Байлгүй яах вэ. Жишээлбэл, 1995-2016 оны мэдээллийг ашиглан эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, ядуурлын түвшний хамаарлыг тусгай аргаар загварчилж, ядууралд нөлөөлсөн хүчин зүйлсийг судалсан.

Судалгааны үр дүн манай улсад эдийн засгийн өсөлт нь ядуурлыг тухайн жилдээ бус харин нэгээс хоёр жилийн хоцролттой бууруулж байгааг харуулсан. Ажилгүйдэл буурах нь ядуурлыг бууруулахад харьцангуй бага нөлөө үзүүлж байсан нь сонирхолтой.

Ядуурлын түвшин буурсан ч олон хүн ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр түвшинд байна. Энэ нь эдийн засаг бага зэрэг өсөхөд иргэдийг ядуурлаас гаргаж чадахыг, нөгөө талаас эдийн засагт сөрөг цочрол үүсэхэд олон иргэн ядууралд орох эмзэг байдалд байгааг харуулж байна.

Эдгээр “ядууралд ойрхон” хүмүүс эдийн засаг, үнэ, уур амьсгал, эрүүл мэнд гэх мэт сөрөг хямрал үүсэхэд эргээд ядууралд өртөх эрсдэлтэй байдалд байна.

 -Бусад улс оронтой харьцуулахад манай улсын ядуурал ямар түвшинд байгаа вэ?

 -Улс орон бүрийг шууд харьцуулах боломжгүй. Учир нь тухайн улсын хөгжлийн түвшин, ядуурлыг тооцож буй аргачлал зэргээс шалтгаална.

Баян, хөгжингүй орнуудад ядуу гэж тооцогдож буй хүн хөгжиж буй болон ядуу буурай оронд баян гэж тооцогдож ч болно. Улс орнуудын хөгжлийн түвшинг ангилахдаа нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг харгалздаг.

Энэ үзүүлэлтээр манайх дундаж орлоготой орны тоонд багтаж байна. Хөгжлийн түвшнээрээ манайхтай төстэй Армени, Шри-Ланка зэрэг орон бий. Шри-Ланкад 2016 оны байдлаар ядуурлын түвшин 4.1 хувь байгаа бол Арменид 2017 оны байдлаар 25.7 хувьтай байна.

Бусад дундаж орлоготой орнуудтай харьцуулахад манай ядуурлын түвшин 28.4 хувь байгаа нь өндөр үзүүлэлт. Улс орнуудын ядуурлын түвшинг өдөрт 1.9 ам.доллараас бага орлогоор амьдарч байгаа бол ядуу гэж тооцдог аргачлалыг ашиглаж гаргаж байна.

Дэлхийн банкны сүүлийн үеийн тооцоогоор дэлхий дээр 700 сая гаруй хүн өдөрт 1.9 ам.доллараас бага орлоготой амьдарч байгаа юм.

-Ер нь ямар үзүүлэлт, аргаар ядуурлыг тооцдог талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхийн Банкнаас хөгжиж байгаа орнуудад “хэрэглээний сагсны аргыг” хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөдөг. Тиймээс Монгол Улсын хувьд ядуурлын тооцоог хэрэглээнд үндэслэн тодорхойлж байна.

Энэ арга нь хувь хүн бүр бодитоор юу хэрэглэснийг хэмжиж чаддаг бөгөөд орлогыг бодвол өөрчлөлт багатай, илүү тогтвортой байдаг. Түүнчлэн хүмүүс хэрэглээний мэдээллээ өгөхдөө дуртай байдаг.

Монголд улирлын онцлогтой хөдөлмөр эрхлэлт болон хөдөөгийн өрхүүдийн амьдралын хэв маягаас шалтгаалан огт орлогогүйгээр амьдрах тохиолдол нэлээд байдаг. Өөрөөр хэлбэл, орлогын мэдээлэл хангалттай бүрддэггүй.

Мөн хүмүүс орлогоо багасгаж хэлэх, нуун дарагдуулах тохиолдол цөөнгүй байдаг нь ядуурлыг тооцоход хүндрэл үүсгэдэг. Өөр ядуурлыг тооцоход ашигладаг чухал хэмжигдэхүүн бол хүн амыг ядуу, ядуу бусаар ангилах босго болдог ядуурлын шугам юм.

Ядуурлын шугам нь нэг хүний нэг сарын эрүүл, идэвхтэй амьдралыг хангахуйц илчлэгтэй хоол, тэжээл, шаардлагатай бараа үйлчилгээний наад захын хэрэгцээг тусгасан хэрэглээний хамгийн бага зардлыг хэлнэ.

Тодотгож хэлэхэд, ядуурлын шугам нь нэг өрхийнх биш нэг хүний сарын хэрэглээний хэмжээ юм. 2018 оны тооцоогоор ядуурлын шугам 166.5 мянган төгрөг болсон.

Сард хүнсний болон хүнсний бус хэрэглээндээ 166.5 мянган төгрөг зарцуулж чадахгүй байгаа хүн ядуу гэсэн үг.

-Ядуурлын түвшинг тооцоход ямар мэдээлэл ашигладаг вэ?

-ҮСХ-ноос Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг 2007 оноос эхлэн хоёр жил тутамд дэлгэрэнгүй явуулж, уг судалгааны дүнд үндэслэн ядуурлын түвшинг тооцдог.

Бид 2018 оны судалгаанд 16488 өрхөөс мэдээлэл цуглуулсан. 2018 оны байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг байгаа бол, нэг өрхийн сарын дундаж зарлага 1.2 сая төгрөгт хүрсэн байна.

-Зарим хүн түүвэр судалгааны үр дүнд эргэлздэг. Ямар өрхүүд судалгаанд хамрагдсан болоод ийм үр дүн гарав аа, яаж энэ өрхүүдийг сонгов, бүх өрхийг хамруулаагүй байж үр дүн нь зөв гарах уу гэсэн эргэлзсэн хандлага байдаг?

-Дэлхийн улс орнууд өрхийн төсөв, ядуурал, орлого, зарлага, амьжиргааны түвшинтэй хамааралтай судалгааг түүвэр судалгаагаар явуулж ирсэн түүхтэй. Түүвэр судалгаа нь шинжлэх ухаанаар батлагдсан статистикийн арга зүй.

Тиймээс нэлэнхийд нь судлахын оронд түүвэр судалгаа явуулснаар судалгааны зардал болох хүн болон хөрөнгө санхүүгийн нөөц, цаг хугацааг асар ихээр хэмнэдэг.

-Өрхийн амьжиргааны түвшнээс хамааруулж хүүхдийн мөнгө өгнө, өгөхгүй гээд л их ярьдаг. Ийм бүртгэл, судалгааг танайхаас гаргадаг уу, будаа агшаагч, хөргөгч зэргийг асуугаад хүүхдийн мөнгө авах боломжтой, боломжгүйг хэрхэн тооцоод байна вэ?

-Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар энэ чиглэлийн судалгааг хариуцан зохион байгуулдаг. Энэ байгууллага “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-гаар өрхийн амьжиргааны түвшинг тогтоож, нийгмийн халамж үзүүлэх зорилтот бүлгээ тодорхойлдог.

Зөвхөн Монгол улсад ийм арга зүй зохиож, ашиглаад байгаа юм биш л дээ. Дээрх арга нь олон улсад ашигладаг, халамж үзүүлэх зорилтот бүлгээ тодорхойлоход хамгийн тохиромжтой юм.

Ерөнхийдөө өрхөөс орлогын мэдээллийг асуухгүйгээр, түүнийг орлохуйц, асуухад энгийн, нягтлах боломжтой үзүүлэлтүүдийг ашиглан өрхийн амьжиргааны түвшинг хялбар аргаар тодорхойлох юм. Уг судалгаанд орсон будаа агшаагч, хөргөгч нь өрхийн амьжиргаанд нөлөөлөх үзүүлэлтүүдийн л нэг хэсэг нь.

-Тэгэхээр ядуурлын түвшинг бодитоор судалж чадаж байгаа юм байна. Цаашид судалгааг илүү үр дүнтэй гаргахын тулд юу хийх вэ?

-“Амьжиргааны түвшний түүвэр судалгаа”-г 1995,1998, 2002-2003 онуудад хийж, ядуурлын үр дүнг тооцсон. Энэ судалгааг 2007 онд “Өрхийн орлого, зарлагын судалгаа”-тай нэгтгэн хийдэг болж, 2012 оноос эхлэн хоёр жилд нэг удаа ядуурлын үр дүнг тооцож байхаар шийдвэрлэж, тэгш тоотой онуудад ядуурлын түвшинг зарлах болсон.

Анх 1995 оноос ядуурлын түвшинг тооцож эхлэхдээ л хэрэглээнд суурилсан арга зүйг ашиглаж ирсэн. Дэлхийн банктай 2002 оноос хойш өрхийн орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах судалгаанд хамтарч ажилласан.

Бид мэдээллийн бодит байдлыг хангах зорилгоор олон улсад ашиглаж буй ядуурлын тооцооны арга зүйг байнга судлан өөрсдийн арга зүйд сайжруулалт хийдэг.

Ядуурлын шугамыг тооцохдоо тухайн судалгаа бүрд шинээр тооцдог байсан бол 2010 оноос эхлээд нэг ядуурлын шугамыг суурь болгон авч тооцдог болсон.

Ингэснээр 2010 оноос хойших ядуурлын үр дүнгүүдийг хооронд нь шууд харьцуулж өсөлт, бууралтыг тооцоолох боломжтой болсон. Дэлхийн улс орон бүр “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-тай уялдуулан ядуурлыг мөнгөн бус хэмжигдэхүүнд үндэслэн тодорхойлдог олон хэмжээст ядуурлын арга зүйг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

ҮСХ-ноос энэ арга зүйг нэвтрүүлэх ажлыг “Монгол Улсын статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т тусган УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх гэж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон АХБ-ны дэмжлэгтэйгээр аргачлалыг судалж, Монголын онцлогт тохирох үзүүлэлтүүдийг сонгож, туршилт тооцоо хийж байна.

Бидний дунд ямар хүмүүс, хаана, яагаад ядуу байгааг тодорхойлж, ядуурлын ялгаатай талуудыг тодорхой гаргадгаараа олон хэмжээст ядуурлын арга зүй чухал.

Энэ арга зүйг нэвтрүүлснээр ядуурлыг олон талаас нь судалж, ядууралд нөлөөлөх үзүүлэлт, хэмжүүр тус бүрээр тооцсон үр дүн нь манай улсын ядуурлыг бууруулах бодлого, шийдвэрт үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Зураг