Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ромд 36 жилийн өмнө сураггүй болсон охины мөрөөр ажиллаж буй хүмүүс хоёр хүний араг яс олжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Ром хотын тайлагдаагүй байгаа нууцуудын нэг нь 1983 онд сураггүй болсон 15 настай Эмануэла Орланди охины хэрэг юм.

Өнгөрсөн оны сүүлээр охины эцэг эх хэн нэгнээс буцах хаяггүй зурвас хүлээж авсан нь эрлийн ажиллагааг сэргээх шалтгаан болжээ. Уг зурваст Ватиканы хуучны оршуулгын газрын нэгэн бунхныг зааж өгсөн нь охины цогцос тэнд байж магадгүй гэсэн таамгийг бий болгосон юм.

Хэвлэлээр удтал шуугисны эцэст нууцлаг зурваст өгсөн мэдээллийн дагуу Ватиканы засаг захиргаа 19 дүгээр зууны Герман язгууртнуудын бунхныг өнгөрсөн Пүрэв гарагт нээж үзсэн ч хоосон байжээ.

Эрлийн ажиллагааг үргэлжлүүлсний үр дүнд Бямба гарагт оршуулгын газрын шаланд суулгасан чулуун хавтан дороос хоёр хэсэг араг яс илэрсэн тухай Ватиканы эрх баригчид мэдээлсэн байна.

Араг яснууд олдсон газрыг лацдаж, шинжээчдийг энэ долоо хоногт урьж ажиллуулахаар болсон байна.

Оршуулгын газарт хамгийн сүүлд 1960-1970-аад оны үед барилгын засвар шинэчлэл хийж байжээ. Ватиканы ордны албан хаагчийн охин Орланди 1983 онд Ром хотод хөгжмийн хичээлд суухаар гэрээсээ явах замд сураггүй алга болсон юм.

Тэр цагаас хойш энэ хэргийг Пап ламын амь насанд халдах хуйвалдаан, Ватиканы банктай холбоотой санхүүгийн дуулиан, Ромын гэмт хэргийн ертөнцийн зөрчил зэрэг олон асуудалтай холбосон сэжиг таамаг хэвлэлүүдээр бичигдэж байжээ.

Өнгөрсөн онд Ром дахь Ватиканы элчин сайдын байрны шалан дороос хүний араг яс олдож байв. Уг олдворыг Орланди охины араг яс мөн гэсэн дуулиант мэдээлэл Италийн хэвлэлүүдээр цацагдаж байжээ.

Гэвч араг яс нь охиныг алга болохоос өмнөх цаг үеийн хүнийх болохыг мэргэжилтнүүд шинжилж тогтоосон юм.

 

Эх сурвалж: The Guardian