Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Допинг хэрэглэсэн таван бөх наадмаар барилдах уу

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 4
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадам эхлэхэд ердөө долоо хоног үлджээ. Гэвч наадам хэрхэн явагдах талаар иргэдэд ямар ч мэдээлэл алга. Наадмын нээлт зохион байгуулж, найруулж байгаа хүмүүс нь долоодугаар сарын 6-наас хойш хэвлэл мэдээлэлд ярилцлага, мэдээ, сурвалжилга өгнө гээд халгаасангүй. Хэдхэн хоногийн өмнө улсын начин Ч.Хөхчирэнгэрт өсөх идэр чимэг олгосныг эс тооцвол наадмын комисс чимээ аниргүй байна.

Өдийд хамгийн их чимээ аниртай байх ёстой газар л даа. Яг энэ цаг үед иргэд ч наадмын нээлт, хаалтын талаар бага зэрэг төсөөлөлтэй болсон байдаг. Хурц арслан Б.Эрдэнэхүүд начин цол олгуулна гэж гурван ч удаа мэдээлэл хийв. Яасан ч удаан юм. За энэ ч яах вэ.

Хамгийн гол асуудал нь зургаадугаар сарын 23-наас хойш хэрүүлийн алимны бай болсон таван бөхийг наадмаар яах вэ. Улсын гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар шүүхийн буянаар барилдах эрхээ сэргээлгэсэн байдаг. Улмаар Монголын үндэсний бөхийн холбооныхон ч шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаагаа хэлээд дээрх таван бөхөд барилдах зөвшөөрөл олгосон.

Ингээд тэд өнгөрсөн сарын 23-нд болсон наадмын сорилго барилдаанд зодоглох гэтэл улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд эсэргүүцэл илэрхийлж, дэвжээнд гаралгүй 60 минут орчим болсон. Допинг илэрсэн бөхчүүд ч бусдыгаа хүндлээд барилдаагүй. Энэ маргаан өрнөснөөс хойш 10 хоног боллоо. Тэд барилдах уу, үгүй юү гэдэг дээр иргэд л хоёр тал болж цэц булаалдсанаас цаашгүй.

Харин баяр наадмын комисс юу хийж байна вэ. Өдийд барилдах, үгүйг нь шийдчих хугацаа өнгөрөв. Яст мэлхийний хурдаар ажиллаж буй наадмын комиссын шийдвэрийг харсан бөх сонирхогчид, бөхийн хүрээнийхэн“Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэдэг л болж байна.

Уг нь бол нэр хүндээ бодвол тэд барилдахгүй байсан нь дээр. Наадмын дараа тэдний эрх албан ёсоор сэргэх бөгөөд ирэх жилийн наадамд зодоглох боломж нээгдэнэ. Бөх сонирхогчид, бөхчүүд, бөхийн хүрээнийхэн баяр наадмын комиссын шийдвэрийг хуруу даран хүлээсээр л... 

Наадмын дараа тэдний эрх албан ёсоор сэргэх бөгөөд ирэх жилийн наадамд зодоглох боломж нээгдэнэ.

Уг нь шийдвэр гаргах тийм хэцүү зүйл биш. Наадмын бус үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Таван бөхөөс илэрсэн. МҮБХ-ноос барилдах эрхийг нь хассан. Нэр бүхий таван бөхийн барилдах эрхийн хугацаа дуусаагүй байгаа. Энэ бүхнийг харгалзаж үзээд наадмаар барилдуулна, эсвэл үгүй гэсэн л албан ёсны бичиг үйлдэнэ. Бөх хүний жудаг, ёс зүйгээ бодвол дээр дээрх таван бөх шүүхийн шийдвэрээр далайлган барилдах гэж улайрах нь утгагүй хэрэг. Ичгэвтэр зүйл. Таван бөхөөс илэрсэн үү, илэрсэн. Тиймээс л барилдах эрхийг нь хассан.

Хаана ч ийм зүйл байдаг. Гагцхүү шударгаар шийтгэлээ хүлээх нь ёс зүй юм. Алдарт теннисчин Мария Шарапова шийтгэлээ шударгаар хүлээж, их спортдоо эргэн ирсэн. Энэ бол тамирчны ёс зүй. Допинг бол тамирчны эрүүл мэнд, эдийн засагт асар их хохирол учруулдаг эд. Шараповагаас допинг илэрсэн сургаар томоохон брэндүүд гэрээгээ цуцалж байсан.

Монголын шилдэг тамирчин П.Орхоны жишээ байна. Ид амжилт үзүүлэх насан дээрээ яваа түүний хувьд дөрвөн жил гэдэг маш их хугацаа. Тэр нууцхан бэлтгэлээ хийгээд явахаас өөр сонголтгүй үлдсэн. Гэтэл манай хэд шүүхдэж байгаад “эрхийг сэргээх ёстой” гэсэн утга бүхий тамгатай бичиг гаргуулжээ. Яг үнэндээ шүүхдэхээр ч асуудал биш шүү дээ. Бөхийн холбоо буруу зүйл хийгээгүй учраас дээрх нэр бүхий таван бөх шүүхээр явдаг анхнаасаа утгагүй байсан.

Шүүх бас МҮБХ-ноос гаргасан шийдвэрт нөлөөлөх оролдлого хийсэн нь буруу. Тэднийг өөгшүүлж шүүхэд хандах зөвлөгөө өгсөн Л.Чинбат тэргүүтэй Ү.Хүрэлбаатар удаатай нөхөд бас ичих хэрэгтэй.

Яагаад дээрх таван бөхөөс допинг илэрсэн бэ. Уг үйл явдал ингэж өрнөсөн түүхтэй. Биеийн тамир, спортын тухай хуулийн хоёрдугаар зүйлд заасны дагуу БСШУСЯ, БТСГ, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэс ний хяналт-1” төсөл хэрэгжүүлж байгаа.

Эл төслийн хүрээнд 2017 оны арванхоёрдугаар cap, өнгөрсөн жилийн нэгдүгээр болон хоёрдугаар сард спортын 16 төрлийн 198 тамирчнаас сэргээшийн шинжилгээ авсан. Үүнд үндэсний бөхийн 43 тамирчин хамрагдсан. Наадмаас бусад үед бөхчүүдээс анх удаа сэргээшийн шинжилгээ авсан нь тэр. Энэ талаар улсын заан Б.Пүрэвсайхан “Өнөөдөр” сонинд товч ярилцлага өгөхдөө “Юу юунаас илүү Баяр наадмын комисс, Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэрийг хүлээж байна.

Тэд ямар ч шийдвэр гаргасан бид хүндэлж, биелүүлэх учиртай. Хэрвээ барилдуулахыг зөвшөөрвөл улсын наадамд зодоглоно. Наадмын үеэр аль болох маргаан гаргахгүйг хичээнэ. Үүсээд буй нөхцөл байдал, үнэн мөнийг Ч.Санжаадамба аварга сүүлд ойлгосон байх. Надтай л адил үндэсний бөхийн буянаар амьдарч яваа хүн шүү дээ. 

Аварга хүн тавиухан бодолтой, алсын хараатай байх хэрэгтэй. Би улсын наадамд барилдлаа гээд Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээ даахгүй гэх биш. Шүүхийн болон МҮБХ-ны шийдвэрийг бөхчүүд дагаасай, хүндлээсэй. Тодорхой шийдвэр гараагүй. Нэг бол барилд, эсвэл боль гээд л ацан шалаанд орчихоод сууж байна. Бид амжилт гаргах, гэр бүлээ тэжээхийн төлөө л ингэж хөдөлмөрлөж яваа. Бидний хөдөлмөрийг үнэлээсэй. Барилдах бол миний ажил. Би зодоглож байж л гэр бүлээ тэжээнэ, амьдралаа дээшлүүлнэ” гэж хэлжээ.

Таван бөхийн эрхийг сэргээвэл улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд барилдахгүй гэдгээ илэрхийлсэн.

Олон хүн Б.Пүрэвсайхан зааных шиг байдалтай хүлээж байгаа. Тиймээс баяр наадмын комисс, бөхийн салбар хороо шийдвэрээ яаралтай гаргах хэрэгтэй байна. Таван бөхийн эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэрийг дагах уу, эсвэл шаардлагагүй гэж үзээд нэр бүхий таван бөхийг хоёр жилийн наадамд дараалан өнжүүлэх үү. Таван бөхийн эрхийг сэргээвэл улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд барилдахгүй гэдгээ илэрхийлсэн.

Тэрбээр "Үндэсний бөхийн холбооны хэсэг бүлэг допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулна гэж байна. Уг нь бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Гэтэл 5-6 хүний эрх ашгийн төлөө 1,000 гаруй бөхчүүдийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргасанд бөхчүүд бид эсэргүүцэж байна. Допингийн асуудлаар надаас гадна олон бөх эсрэг байр суурьтай байдаг. Энэ талаар олон жил явж байна.

Бөхчүүд үүнийг эсэргүүцэж байна. Холбооны удирдлагууд байхгүй гэтэл ийм шийдвэр гаргачихсан гээд байдаг. Аварга цолтой хүний хувьд бөхчүүд маань хориотой эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг уриалж байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Уг нь бол эдгээр бөхийг 2018 оны хоёрдугаар сарын 1-ээс 2020 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл барилдах эрхийг нь хоёр жилээр хасаад байсан юм.

Гэтэл Монголын үндэсний бөхийн холбоо нь шүүхийн шийдвэрийг дагаж байгаа нь энэ гээд бөхчүүд наадмын бэлт-гэлдээ гарсан хойгуур дур мэдэн гаргасан шийдвэрээсээ буцан допингтой бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн нь олонхын зүгээс үндэсний бехөд допинг хэрэглэхийг “хүлээн зөвшөөрлөө” гэсэн ойлголтыг өглөө. Тиймээс улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд үүнийг эсэргүүцэж барилдахгүйгээ хэлсэн нь энэ. Допингтой холбоотой энэ асуудал нь ийн хурцадмал байдал үүсгэж, зүлэг ногоон дэвжээнээ барилдах бөхгүйдэхэд хүрээд байна.

Энэ байдлаар наадамд зодоглох бөхгүй болж, монгол төрийн наадам эзэнгүйдэх эмгэнэлтэй зураглал харагдаж эхэллээ. Дэлхий нийтээр эсэргүүцсэн допингийг үндэсний спортоосоо авч хаяж, хойч үедээ ёс уламжлалаа ариунаар нь өвлүүлэн үлдээхэд Монголын үндэсний бөхийн холбоо чухал үүрэг гүйцэтгэх байгууллага. Гэтэл олны итгэл, хүндлэлийг алдан ажлаа хийсэн шиг хийж чадахгүй үндэсний өв тээгч бөхчүүдээ ийн талцалдуулж, муухай харагдуулахад хүрээд байгаа нь эмгэнэлтэй.

Бөх бол үндэсний спорт. Асар их соёл тээсэн үндэсний спорт юм. Тэр утгаараа 6,000 гаруй бөх барилдуулж, гиннест бүртгүүлсэн. Монгол түмний бахархал болж төрийн наадамд 12 удаа түрүүлсэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ та допингийг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэр дагана гээд сууж байгаа тань хэр ёс зүйд нийцэж байна уу. Монгол бөх, үндэсний спортыг допингоос хамгаалахын тулд хамгийн их үлгэр дуурайлал үзүүлэх ёстой алдарт аваргууд допингийн өмнө сөгдөж, шүүхийн шийдвэр дагана гэж байгаа нь өрөвдөлтэй, бас харамсалтай.

Хэрвээ допингийг хүлээн зөвшөөрч байгаа бол үндэсний бөх бол спорт биш гээд зарлачих, амар. Тэгээд бөхчүүд нь дуртай цагтаа допингоо хэрэглээд бөхийг спорт биш наадгай маягаар үндэсний их баяр наадамд оролцуулъя, яг л шагайн харваа шиг. Үндэсний бөхийн оргилд цолонд хүрсэн харьшгүй хүчит Б.Бат-Эрдэнэ аварга та допингийг хүлээн зөвшөөрөөгүй л бол эргэж, буцсан шийдвэрээ дахин харна уу.

Зураг