Уншиж байна ...

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал ирэх сарын 3-н хүртэл хойшилжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт 2024 оны гуравдугаар сард анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. 

Гэвч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрийг хүчингүй болгож, тус хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. 

Үүнтэй холбогдуулан шүүгдэгч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ.

Хяналтын прокурорын зүгээс тус шүүхэд хандан “...Шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах...” тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлснийг хүлээн авч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн зүгээс нэр бүхий гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааны тов мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн болно. 

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх