Уншиж байна ...

АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх уламжлалыг Трамп эвдэж, гадаадын үзэл бодол нэгтнүүдээ урьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Даваа гарагт өнгөрсөн оны сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп тангараг өргөж, АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч болно.

Дональд Трампын хамт дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс бас тангараг өргөж, бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацааг эхлүүлэх юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ерөнхийдөө тус улсын дотоод улс төрийн арга хэмжээ болж, өмнөх ерөнхийлөгч нар, мужуудын захирагч нар уригддаг. Бас энгийн иргэд уг үйл явдлыг ойроос үзэх боломжтой байдаг юм.

Харин Трамп энэ уламжлалыг эвдэж, тангараг өргөх ёслолоо олон улсын арга хэмжээ болгохоор шийджээ.

Ингэхдээ тэрбээр дэлхийн улс орнуудын удирдагчдаас өөртэйгөө ижил улс төрийн үзэл баримтлалтай буюу консерватив улс төрчдийг голдуу урьсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр дараах удирдагчдыг тэр тангараг өргөх ёслолдоо урьжээ.

  • Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей

Тэрбээр арга хэмжээнд оролцохоо баталжээ. Трамп түүнтэй өнгөрсөн сард Флорида дахь Мар-А-Лаго эдлэндээ уулзахдаа “Аргентиныг дахин хүчирхэг болгох хүн” хэмээн магтаж байжээ.

  • Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин

Трамп өнгөрсөн сард Хятадын төрийн тэргүүнийг урьж байгаагаа зарласан. Гэхдээ Ши Жиньпин оролцохгүй, оронд нь дэд ерөнхийлөгч Хань Зэн оролцох юм байна.

  • Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони

Италийн хэт барууны үзэлтэй Италийн Ахан дүүс намын тэргүүн энэ сарын эхээр Мар-А-Лагод зочилсон. Хэрвээ яаралтай ажил гарахгүй бол Мелони тангаргийн ёслолд оролцохыг Италийн ерөнхий сайдын ажлын алба мэдээлжээ.

  • Унгарын ерөнхий сайд Виктор Орбан

Трампыг популист ерөнхий сайд Орбан гурван жил үргэлжилж буй Орос-Украины дайныг дуусгаж чадах хүн гэж үздэг. Тэрбээр өөр ажил давхацсан тул тангаргийн арга хэмжээнд оролцохгүйг Унгарын хэвлэлүүд мэдээлжээ.

  • Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди

Моди, Трамп нар тун дотно харилцаатай байдаг. Трампыг сонгуульд ялахад нь хамгийн түрүүнд баяр хүргэсэн удирдагчдын нэг Моди байв. Гэхдээ Моди энэ удаагийн арга хэмжээнд оролцохгүй, орондоо гадаад хэргийн сайдаа илгээхээр болжээ.

  • Эквадорын ерөнхийлөгч Даниэл Нобоа

Трампын сонгуулийн ялалтыг нийт Латин Америкийн ялалт гэж сайшааж байсан Нобоа сонгуулийн ажлаа хойш тавиад Вашингтонд очихоор болжээ.

  • Эль Сальвадорын ерөнхийлөгч Найиб Букеле

Трампын ууган хүү Трамп Жуниор нь Букелегийн найз бөгөөд 2024 оны долдугаар сард Сан Сальвадор хотод болсон тангараг өргөх ёслолд нь оролцож байжээ. Букеле энэ удаа Вашингтонд очих эсэх нь баталгаажаагүй байна.

  • Бразилын ерөнхийлөгч асан Жайр Болсонару

“Халуун бүсийн Трамп” хочтой Болсонару хилийн хоригийн улмаас оролцож чадахгүй болжээ. Хэд хэдэн хэрэгт шалгагдаж байгаа түүний паспортыг Бразилын дээд шүүх хурааж авсан юм байна.

  • Польшийн ерөнхий сайд асан Матеуш Моравецки

Саяхан барууны үзэл баримтлалтай Европын Консерватив, Реформист намын дарга болсон Моравецки тангаргийн ёслолд оролцохоо мэдэгджээ.

Сонирхолтой нь Трамп тангараг өргөх ёслолын арга хэмжээндээ АНУ-ын холбоотон Европын Холбоо, Их Британи, Герман, Испани, Францын удирдагчдыг уриагүй байна.

 

Эх сурвалж: Aljazeera