Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Путинд хандан “Манай сонгуулийг битгий үймүүлээрэй!” гэж хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Японы Осакад өнөөдөр эхэлж байгаа “Их 20”-ын чуулганы үеэр АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар уулзаж байна.

Өнөөдөр өглөө Дональд Трамп, Владимир Путин нар сэтгүүлчдийн өмнө хоорондоо мэндчилж, товч ярилцжээ. Албан ёсны уулзалт үдээс хойш эхэлсэн бөгөөд нэгээс хоёр цаг орчим үргэлжлэхээр төлөвлөсөн байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Аргентины нийслэлд болсон өмнөх “Их 20”-ын чуулганы үеэр тэд уулзаагүй юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны долдугаар сард Финландын нийслэлд Трамп, Путин нар уулзаж байжээ.

Энэ удаагийн уулзалт нь 2016 оны сонгуульд Трампыг ялахад Оросын зүгээс нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгах АНУ-ын ерөнхий прокурорын тусгай төлөөлөгч Роберт Маллерын дүгнэлт гарсны дараа болж байгаагаараа онцлог юм.

Уг дүгнэлтэд Оросын талаас сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн баримт илрээгүйг баталсан байдаг.

Өнөөдөр сэтгүүлчид Дональд Трампаас сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх асуудлын талаар Путинтай ярилцах үгүйг нь асуужээ. Тэгэхэд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч рүү хуруугаараа заагаад “Манай сонгуулийг битгий үймүүлээрэй!” хэмээн хэлж хөгжөөсөн байна.

Өчигдөр Осакаг зорихоосоо өмнө Трамп сэтгүүлчидтэй уулзах үеэр CNN агентлагийн сурвалжлагч түүнээс Путинтай ямар асуудлаар ярилцах гэж байгааг нь асуусан юм. Трамп энэ асуултад хариулахдаа “Путинтай юу ярих нь чамд хүртээлгүй” гэж хэлээд өнгөрсөн байна.

 

Эх сурвалж: CNN