Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын павильон тусгай үзэсгэлэн НордАрт 2019-Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд албан ёсоор нээлтээ хийлээ

ikon.mn
2019 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ХБНГУ-ын Бюделсдорф хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 21 дэх удаагаа 05 сарын 31-нд 600 уригдсан зочид, түншүүд, олон улсын уран бүтээлчидтэй Pre-Opening арга хэмжээ, 06 сарын 01-ний өдөр 5.000 зочидтойгоор албан ёсны нээлтээ амжилттай хийлээ.

Европтоо нэр хүндтэй, томоохон олон улсын дүрслэх урлагийн энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 371 уран  бүтээлчид  оролцож байна. 2015 онд Монгол Улс онцлох орноор сонгогдож “Модерн шилжилт-шинэ төрх” нэртэй бие даасан павильоноор анх удаа гараагаа эхэлсэн бол энэ жилийн хувьд тусгай төслийн хүрээнд Монголын дүрслэх урлагийн үе үеийн төлөөлөл болсон 23 уран бүтээлчид нийт 53 бүтээлээ олны мэлмийг баясгаж байна.  

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат гэргий хатагтай Б.Тэмүүлэнгийн хамт хүрэлцэн ирж НордАрт үзэсгэлэнгийн баримлын цэцэрлэгт хүрээлэнд зочилж тэнд дэлгэгдсэн баримлуудтай танилцахын сацуу үзэсгэлэнгийн гол орон зай болох түүхэн байгууламжинд дэглэгдсэн Монголын тусгай төслийн хүрээн дэх үзэсгэлэнгийн бүтээлүүдийг үзэж сонирхов.

НордАрт олон улсын үзэсгэлэнгийн шагналт Монголын уран бүтээлч Аюурзанын Очирболдын “Дэгрээ” нэртэй 21x17x3,2 метр хэмжээтэй томоохон инстоляц бүтээл 80 мянган квадрат метр орон зай бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн төвд аль хэдийнээ өөрийн байршлаа эзэлж урлаг сонирхогчдын анхаарлыг татсаар байна.

Монгол Улс нь НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улсын Соёлын Элч, куратор О.Оюунтуяа болон урлагийн түүхч, куратор Ж.Бодьбаатар нарын дэглэсэн  “Хөрстөд оршихуй- Хүршгүйтэй учрахуй” нэртэй 3 дахь удаагийн бие даасан павильоноор оролцож байгаа бөгөөд Төрийн соёрхолт Л.Ганхуяг, С.Саранцацралт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дагвадорж нар болон дунд, залуу үеийн уран бүтээлчдийн туурвилууд олон улсын урлаг сонирхогчид, шүүмжлэгч нарын хүртээл болж байгаа юм.  

НордАрт 2019 олон улсын үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд Шлесвиг Холштайн мужийн захирагч ноён Даниел Гунтер, Шлесвиг Холштайн мужийн их хурлын дарга Клаус Шлий, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат, Франц Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яамны соёл урлагийн зөвлөх Катерине Бриат болон БНХАУ-аас ХБНГУ-д суугаа элчин сайдын яамны соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх Чен Жианян, Бюделсдорф хотын захирагч Райнэр Хэнрихс  зэрэг нэр хүндтэй төлөөлөгчид уригдан ирсэн бөгөөд уг арга хэмжээнд оролцож буй орнуудын уран бүтээлчдийг төлөөлж үг хэллээ. 

НордАрт олон улсын үзэсгэлэн зохион байгуулагддаг Шлесвиг Холштайн мужийн захирагч ноён Даниел Гунтер уг арга хэмжээг олон улсын уран бүтээлчдийн оюун санааны солилцооны төв цэг нэгэнт болсныг онцлон дурдсан. Түүнчлэн тус муж Монгол Улсын хоорондох соёл урлаг, эдийн засаг, улс төрийн тогтвортой хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжиж байгаад сэтгэгдэл  маш өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, Монголын нэн орчин үеийн дүрслэх урлагийг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй НордАртын зохион байгуулагчдад онцгойлон талархлаа илэрхийлэв.

 

НордАрт нь жил бүр нэг орныг онцлох орноор сонгон шалгаруулдаг бөгөөд энэ жилийн онцлох орон Франц Улс хоёр үеийн зөвхөн эмэгтэй 171 уран бүтээлчдээс бүрдсэн, хоёр хэсэг бүхий “Бидний нэг хэсэг” нэртэй бие даасан павильоноор оролцож байна. Үүний сацуу Монголын уран бүтээлчид хөрст орчлон, Ахуйлаг орчинд оршин буй хирнээ сүнслэг хийгээд шүншигтэй Хүршгүй рүү бэдрэн тэмүүлсэн бүтээлүүдээрээ тусгай төслийн хүрээнд оролцож байна. Харин БНХАУ-ын уран бүтээлчид Христийн домогзүй, Библийн хүүрнэлзүй болох Вавилоны цамхаг, Ноагийн цэцэрлэгт хүрээлэнг дүрслэлийн хэлээр илэрхийлсэн тусгай хөтөлбөрийн хүрээнд туурвисан бүтээлүүдээ толилуулж байна.

Хойд Германы Бюделсдорф хотод жил бүрийн зун уламжлал болон зохион байгуулагддаг НордАрт олон улсын үзэсгэлэнг үзэж сонирхохоор хөрш зэргэлдээ Европын орнууд болон бусад улс орнуудаас дунджаар 100 мянга гаруй урлаг сонирхогч, цуглуулагч, шүүмжлэгч нар хүрэлцэн ирдэг бөгөөд энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд оролцох нь уламжлал-нэн шинэ цагийг сүлэлдүүлсэн урлагийн хэл, илэрхийллээр орчин цагийн Монгол Улсын дүр төрхийг олон улсад эерэгээр төлөөлж, сурталчлан таниулахад маш том боломж, завшаан болохыг Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа, Элчин сайд Д.Ганбат нар онцолж байсан юм. Энэ жилийн нээлтийн ажиллагаанд 5.000 гаруй урлаг сонирхогч үзэгчид хүрэлцэн ирсэн нь хүлээж байснаас илүү их зочидтой байсныг ерөнхий куратор Волфганг Грамм дурдлаа. Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн манай уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдийг Монголын павильонлуу тасралтгүй хөврөх зочдод танилцуулсан нь үзэгчдийн сэтгэлийг ихээр хөдөлгөсөн үнэхээр бахархамаар сайхан дүр зураг байлаа.

НордАрт үзэсгэлэн нь 06 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 13-ныг хүртэл үзэгч олонд нээлттэй бөгөөд энэхүү арга хэмжээний үргэлжлэл болж 08 дугаар сарын 12-ноос 09 дүгээр сарын 05-ны хооронд анх удаа НордАрт-Улаанбаатар олон улсын уран баримлын симпозиум зохион байгуулагдана. Симпозиумд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 15 олон улсын уран бүтээлчид манай улсын нийслэл Улаанбаатарт айлчилж Монголын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах бөгөөд тэдгээрийн Монгол Улсад байх хугацаанд туурвисан бүтээлүүд нь Сүхбаатарын талбайд 09 дүгээр сарын 06-наас 10 дугаар сарын 20-ны хооронд олон нийтийн хүртээл болохыг дуулгахад таатай байна. https://www.facebook.com/NordArt.MongolianArt/

“Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮ ТББ”–н мэргэжлийн баг албан ёсны хамтын ажиллагааны түншээр “НордАрт”-тай хамтран Монгол Улсын 3 дахь Павильоны нэгдсэн зохицуулалт, менежментийг үргэлжлүүлэн удирдан ажиллаж байна. “НордАрт 2019” үзэсгэлэнгийн Монгол Улсын Павильоны хамтын ажиллагааны албан ёсны түншүүд нь  МУ-ын ГХЯ-ны Гадаад Сурталчилгаа, Соёлын Харилцааны Газар, БСШУСЯ ба ХБНГУ-д суугаа Монголын Элчин Сайдын Яам болно.

НордАрт-д Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа уран бүтээлчид:

1.         Лхагвагийн Амарсанаа

2.         Болдын Бадрал

3.         Болдбаатарын Батжин

4.         Цэдэнпилийн Баттөр

5.         Алгаагийн Болормаа

6.         Дэчиндоржын Булгантуяа

7.         Сэрээтэрийн Дагвадорж

8.         Дагвадоржын  Дөлгөөн

9.         Түмэннастын Даваасамбуу

10.       Очирбатын Энхтайван

11.       Пүрэвийн Ганбат

12.       Цэндийн Ган-Эрдэнэ

13.       Лхамсүрэнгийн Ганхуяг

14.       Ариунболдын Жавхлан

15.       Эрдэнэхүүгийн Халиунаа

16.       Батмөнхийн Намуун

17.       Оюунпүрэвийн Ням-Очир

18.       Аюурзанын Очирболд

19.       Уранчимэгийн Одмаа

20.       Сэр-Одын Саранцацралт

21.       Самандбадраагийн Тамир

22.       Жамбалын Түвшинжаргал

23.       Баясгалановын Жигжит