Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоёр жилд ойролцоогоор 39,000 ХҮН ЯДУУРЛААС ГАРЧЭЭ

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж,1.2 пунктээр буурчээ.

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран ядуурлын 2018 оны тооцооны үр дүнг өнөөдөр танилцуулсан юм. Тэдгээр байгууллагууд 2002 оноос хойш өрхийн  орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж иржээ.

Гурван сарын өмнө хийгдэж дууссан Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг тооцоолох боломжтой болсныг Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэв. Мөн тэрбээр "Ядуурлыг тооцооллыг зөвхөн ерөнхий утгаар нь биш, газар зүйн ялгаатай байдал хүн амын төлөв байдлыг харгалзан гаргасан. Үргэлжлүүлэн илүү нарийвчилсан нийгэм, эдийн засгийн гүнзгийрүүлсэн дүн шинжилгээний тайлан хийж байгаа бөгөөд энэ ондоо багтаан нийтийн хүртэл болгохоор ажиллаж байна. Ингэснээр баримт нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах, бодлого тодорхойлоход чухал үр дүнтэй" хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм.

"Ядуурлын түвшин хамгийн өндөр аймаг Говьсүмбэр бол хамгийн бага нь Өмнөговь"
 
Гэрэл зургийг mpa.mn

ҮСХ-ны дарга Б.Ариунзаяа "Бид Дэлхийн банктай хамтраад олон улсын аргачлалаар ядуурлын түвшинг тооцоолдог.

2016 онд 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2018 онд 904.9 мянган хүн ядуу амьдарч байсан байна. Уг тоог хүн амын өсөлттэй бас уялдуулж тайлбарлах ёстой.

2016 онд Монгол Улсын 3,063,000 хүн амын 29.6 хувь нь ядуу амьдарч байсан бол 2018 онд 3,189,000 хүний 28.4 хувь нь ядуу байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ойролцоогоор 39 мянган хүн ядуурлаас гарсан байна.

Хот суурин газарт ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт 2016-2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдсэн байна.

Ядуурлын түвшинг аймгаар харвал хамгийн өндөр нь Говьсүмбэр аймаг бөгөөд хүн амын талаас илүү нь буюу 51.9 хувь нь ядуу амьдарч байна. Ядуурлын түвшин Говь-Алтай аймагт 45.1 хувь, Дорнод аймагт 42.5 хувь, Ховд аймагт 40.9 хувь байна. Харин ядуурлын түвшин Өмнөговь аймагт хамгийн бага буюу 11.8 хувь байна.

Ядуу хүн амын тоогоор авч үзвэл, ядуу хүн амын ихэнх нь буюу 378.2 мянган хүн нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Говьсүмбэр аймагт ядуурлын түвшин хамгийн өндөр байгаа хэдий ч цөөн хүн амтай учраас 8.2 мянган хүн ядуу амьдарч байна.

Ядуурлыг хэрхэн тооцдог вэ?

Нэг хүний сарын наад захын хэрэгцээг хангах зардал буюу ядуурлын шугам гэж байдаг. Ядуурлын шугам 2018 оны байдлаар 166,580 төгрөг байсан. Энэ нь 2016 оноос 14 хувь буюу 20,000 төгрөгөөр нэмэгдсэн.

Монгол Улсын нийт хүн амын 15 хувь ядууралд өртөх эмзэг байдалд байгаа. Эдийн засгийн бага зэрэг үйлчлэл эдгээр эмзэг байдалд байгаа иргэдийг ядуурлаас маш амар гаргах эсвэл шугамаас доош унагах эрсдэлтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Эдийн засагт сөрөг цочрол үүсвэл олон тооны иргэд ядуурал руу гулсан орох эрсдэлтэй байна.

Нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ 2018 онд 279,912 төгрөг болсон нь 2016 оны үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг хүнд сард ногдох бодит хэрэглээ болох 269,328 төгрөгөөс 3.9 хувиар өссөн байна. Гэхдээ 2018 онд дундаж хэрэглээ өссөн нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой. Түүнээс биш иргэдийн хэрэглээ нэмэгдээгүй.

Тэгш бус хуваарилалтыг харуулах нэгэн статистик байгаа. Хүн амыг тус бүр 20 хувиар таван тэнцүү бүлэгт хувааж, хамгийн чинээлэг 20 хувийн хэрэглээг хамгийн ядуу 20-тай харьцуулж хардаг. Ингэхэд 2018 оны байдлаар хамгийн ядуу бүлгийн хэрэглээ улсын хэмжээнд нийт хэрэглээний 7.9 хувийг эзэлж байгаа бол чинээлэг бүлгийн хэрэглээ 40.9 хувийг эзэлж байсан. Чинээлэг бүлгийн дундаж хэрэглээ ядуу бүлгийнхээс 5.2 дахин их байна" хэмээн ярилаа.

"Ядуу амьдарч байгаа 10 хүн тутмын зургаа нь хот суурин газарт, 10 хүн тутмын дөрөв нь Улаанбаатарт байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн ядууралд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар Дэлхийн банкны эдийн засагч Икүко Уочи танилцуулга хүргэлээ.

Тэрбээр "Хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа боловч Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаагаас ядуурал хот суурин газарт нэмэгдэж байна.

Хот суурин газарт амьдарч буй ядуучуудын эзлэх хувь 2016 онд 62.1 байсан бол 2018 онд 63.5 болсон бөгөөд Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуучуудын 41.8 хувь нь амьдарч байна.

Ядуу амьдарч байгаа 10 хүн тутмын зургаа нь хот суурин газарт, 10 хүн тутмын дөрөв нь Улаанбаатарт байна.

Сүүлийн хоёр жилд МАА-н гаралтай бүтээгдэхүүний борлуулалтын үнэ өссөн нь орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшинд эерэг нөлөө үзүүлсэн.

Б.Ариунзаяа даргын хэлсэнчлэн нийт хүн амын 15 хувь буюу 475 мянган хүн ядууралд өртөх эрсдэлтэй эмзэг байдалд байна. Эдийн засагт аливаа сөрөг цочрол гарахад эдгээр иргэд ядууралд өртөх эрсдэлтэй юм" хэмээн тайлбарлалаа.