Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дараа долоо хоногоос сая сая хууль бус цагаачдыг АНУ-аас хөөж эхлэх тухай Трамп мэдэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-д хууль бусаар амьдарч байгаа олон сая цагаачийг илрүүлж хөөх ажиллагаа дараа долоо хоногоос эхлэхийг ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

“Дараа долоо хоногт АНУ-д хууль бусаар нэвтэрсэн олон сая цагаачийг хөөх ажиллагааг ICE эхлүүлэх гэж байна” гэж тэр Даваа гарагийн орой твиттер хуудсандаа бичсэн байна.

ICE нь “Immigration and Customs Enforcement agency” буюу АНУ-ын засгийн газрын цагаачлал, гаалийн асуудал хариуцсан агентлаг юм.

Одоогоор АНУ-д 12 сая орчим хууль бус цагаач амьдардаг гэсэн албан ёсны тоо бий. Үүний ихэнх нь Мексик, Төв Америкийн орнуудын иргэд юм.

Энэ сарын эхээр Вашингтон Мексикийн засгийн газартай тохирсноор АНУ-аас албадан гаргасан Төв Америкийн орнуудын хууль бус цагаачдыг Мексик улс өөрийн нутагт хүлээж авахаар болжээ.

Үүнээс гадна Мексик улс Төв Америкийн цагаачдын урсгалыг АНУ-ын хилд хүрэхээс нь өмнө зогсоох арга хэмжээг авахаар болсон байна. Энэ зорилгоор зэвсэгт хүчнээ дайчлахаар болсон юм. Дональд Трамп өмнөд хилээр нь орж ирэх цагаачдын асуудлыг цэгцлэхгүй бол Мексикийн бүх бараа бүтээгдэхүүнд импортын татвар оноохоор сүрдүүлсний дараа дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: Reuters