Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Голаны өндөрлөгийн жижиг суурин Дональд Трампын нэрээр нэрлэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн нэрийг брэнд болгох дуртай нэгэн. Түүний нэртэй зочид буудлууд, гольфын клубууд байдаг.

Тэгвэл одооноос эхлэн Израйлийн хяналтад байдаг Голаны өндөрлөгт түүний нэртэй суурин бий болж байна.

Ням гарагт Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн засгийн газар Дональд Трампын нэрээр нэрлэгдсэн шинэ сууринг зарлажээ.

Нэр оноох ёслолын үеэр Нетаньяху “Голан бол Израйлийн нэг хэсэг, цаашдаа ч үргэлж ийм байх болно” гээд уг газар нутгийг өөрийнх нь нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн Трампын засаг захиргаанд талархлаа илэрхийлсэн байна.

1980-аад оны үед анх байгуулагдсан уг сууринг одоо “Рамат Трамп”  буюу “Трампын өндөрлөг” гэж нэрлэж байгаа юм. Одоогоор энд 10 хүн амьдардаг бөгөөд цаашдаа олон жүүд хүн ирж суурьшина гэж Израйлийн засгийн газар тооцоолж байгаа гэнэ.

1967 оны зургаан өдрийн дайны үеэр Сириэс булаан эзэлсэн Голаны өндөрлөгийг дэлхий дахинд Израйлийн газар нутаг гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан ч хоёр сар гаруйн өмнө Дональд Трамп анх удаа хүлээн зөвшөөрсөн юм. Энэхүү түүхэн шийдвэрт нь талархсан Нетаньяху Голанд Трампын нэртэй суурин бий болгохоо амлаж байв.

 

Эх сурвалж: Associated Press