Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батсайхан: Антибиотикийг хэрэглэх нь буруу биш ч түүнд тавих хяналт шалгалт нь сайн байх хэрэгтэй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN

Мал эмнэлгийн ерөнхий газраас санаачлан дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран мал амьтанд нянгийн эсрэг хэрэглэдэг эм бэлдмэлийн хэмжээ, чанарыг анхаарах асуудлаар "Антибиотикийн зохистой хэрэглээ" үндэсний семинар зохион байгууллаа.

Монголын мал эмнэлэгт 820 гаруй эм бүртгэлтэй байна
 
Гэрэл зургийг Mpa.mn

Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд дарга С.Батсайхан  "Монгол Улсад мал эмнэлгийн болон хүн эмнэлгийн салбарт хэрэглэж байгаа антибиотик буюу нянгийн эсрэг эм бэлдмэлийн хэрэглээг зохицуулахад анхаарах хэрэгтэй. Манай улсын нийт хэрэглэж буй эм бэлдмэлийн 70 хувь нь импортоор орж ирдэг. Үүнээс 30 гаруй хувь нь антибиотик байна.

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн хэрэглээ, тэсвэрт чанартай тэмцэх, зохистой хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр төлөвөгөө гаргасан ч хэрэгжилт нь тааруу байна. Тиймээс энэ удаагийн семинараар Монгол Улсад энэ чиглэлээр хамтран ажилладаг талуудаа урьж, семинарыг зохион байгууллаа.

Манай улсыг Барууны орнуудтай харьцуулахад антибиотикийг хэрэглээ нь харьцангуй бага. Харин эмичйн заавраар хэрэглэж ёстой бүтээгдэхүүнийг ямар нэгэн жоргүй олгодог нь буруу зүйл юм. Антибиотикийг хэрэглэх нь буруу биш ч түүнд тавих хяналт шалгалт нь сайн байх хэрэгтэй. Замбараагүй, хэт их антибиотикийн хэрэглээ л дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Өнөөдрийн байдлаар Монголын мал эмнэлэгт 820 гаруй эм бүртгэлтэй байна. Малчдын анхаарах ёстой хамгийн чухал зүйл нь антибиотик болон малд хэрэглэх эм бэлдмэлээ зах дээрээс дур мэдэн авахаа зогсоож, малын эмчээрээ дамжуулан хэрэглэх хэрэгтэй. Антибиотик нь хэрэглэж буй тун хэмжээ, төрлөөсөө хамаарад биеэс гадагшлах хугацаа нь өөр өөр байдаг учир антибиотик хэрэглэсэн тухайн малын мах, сүүг хэдий хугацаанд ашиглахгүй байх ёстой тухай малын эмчийн заавар бай ёстой" гэлээ.

Хүний эрүүл мэнд, хүнсэнд шууд аюул учрахаар нөхцөл үүсээгүй
 
Гэрэл зургийг Mpa.mn

"Монветмед" ХК-ийн зөвлөх, малын гавъяат эмч Р.Содномдаржаа "Монголын мал аж ахуйд антибиотик тодорхой хэмжээгээр хэрэглэж байгаа ч энэ нь хүний эрүүл мэнд, хүнсэнд шууд аюул учрахаар нөхцөл үүсээгүй. Монголд 130 гаруй төрлийн антибиотик агуулсан бэлдмэл хэрэглэгддэг. Импортоор орж ирсэн бэлдмэлийн хэмжээг малынхаа тоонд хувааж үзэхэд нийт малын 0.18 хувь буюу 200 орчим өвчилсөн малд антибиотик хэрэглэдэг гэсэн дүгнэлт гарсан.

 Монголын мал аж ахуйн антибиотикийн хэрэглээ нь малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлхөөр хэмжээний их биш. Гэсэн хэдий ч зарим малчид антибиотикийн зохисгүй хэрэглэж, малынхаа өвчнийг нарийн оношлуулахгүйгээр шууд тарьж байгаа нь асуудал. Энэ хандлага улам лавширвал аюултай.

Өнгөрсөн жилийн хуулиар антибиотикийг жороор олгоно, малд жороор хэрэглэнэ гэсэн журам нь одоо боловсруулагдаж байна. Өнөөдрийн байдлаар нэгэнт антибиотикийг жоргүй олгож байгаа учраас хүссэн хүн нь аваад өөрийн малд зохисгүй хэмжээгээр хэрэглэж байна" гэлээ.

Улсын бүртгэлд нэг эм таван жилийн хугацаатай бүртгэгддэг
 
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа "Антибиотик гэлтгүй эмийн зохистой хэрэглээ гэдэг хамгийн чухал зүйл. Иргэд өөрсдөө дураараа ямар нэгэн төрлийн эмийг хэрэглэсэн тохиолдолд нянгийн тэсвэржилт биед үүсчдэг. Ингэснээр ямарч сайн эм бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглээд ч нэмэргүй болно гэсэн үг. 

Дур мэдэн, хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар тухайн эм хүний биед хор хөнөөл учруулдаг. Тэр хор хөнөөл нь тухайн үед шууд илэрдэг эсвэл дараа нь нянгийн тэсвэржилт үүсэх байдлаар хор уршиг нь бий болдог. Тиймээс эмийг эмчийн зааврын дагуу яг таарсан тун хэмжээ, хугацаагаар хэрэглэх ёстой. 

Мөн улсын бүртгэлд нэг эм таван жилийн хугацаатай бүртгэгддэг. Таван жил тутам шинэчлэгдэж бүртгэлийг нь сунгах эсэхээ бүртгэлийн хурлаар оруулж шийддэг. Эмийг бүртгэж байгаа нь чанарын аюулгүй байдлыг хангаж байгаа үйл ажиллагаа" гэв.

Тус семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд семинарт ХХААХҮЯам, Эрүүл мэндийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, ХӨСҮТ, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын мал эмнэлгийн төв лабортори, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөллүүд оролцож байгаа аж.

Зураг
13 | 16 | 16 цаг