Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын судлаачид сэргээгдэх эрчим хүчний технологийн туршлагаа хуваалцахад бэлэн гэв

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурлын хаалтын ажиллагаа өчигдөр боллоо. Хуралд 14 улсын нийт 370 орчим эрдэмтэн судлаачид оролцож санал бодлоо солилцсон юм. Хурлын зохион байгуулагч болон оролцогчид уг олон улсын хурлаар гарсан үр дүнг танилцууллаа.

Энх тайвныг бий болгох талаар арга замыг хэлэлцсэн нь үр дүнтэй боллоо

 
Гэрэл зургийг mpa.mn

Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Б.Энхбайгаль "Монгол Улсын Ерөнхийлөгч хурлын нээлтийн үйл ажиллагаанд илгээлт явуулсан нь энэ хурлыг дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж бодож байна.  Мөн Улаанбаатарын яриа хэлэлцээрт анх удаа Засгийн газрын төлөөллүүд олон оролцож, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Хурал маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өнөөгийн үүссэн нөхцөл байдал, аюулгүй байдлын асуудлыг тодорхойлж, энх тайвныг бий болгох талаар арга замыг хэлэлцсэн нь үр дүнтэй боллоо.

Хятадын судлаачид сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх технологийн талаар туршлагаа хуваалцахад бэлэн байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Хятадын Нийгмийн Шинжлэх ухааны Академийн Дэлхийн эдийн засаг, улс өрийн хүрээлэн, дэлхийн эрчим хүчний хэлтэс, доктор Ван Юн Жун "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын хурлаар Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын болон эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааны талаар хөндсөн нь үнэхээр цаг үеэ олсон гэж бодож байна. Ялангуяа эрчим хүчний хамтын ажиллагаа нь Зүүн Хойд Азийн орнуудын хамтран ажиллах хамгийн нөөц бололцоотой салбарын нэг юм. Тиймээс бид Монгол Улсын Зүүн Хойд Азийн сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах тухай санаачилгыг маш ихээр дэмжиж байна.Тухайлбал, Монгол Улс болон ОХУ эрчим хүчний түүхий эдийн маш их нөөцтэй төдийгүй нарны эрчим хүчийг ашиглах боломжтой орон юм. Харин нөгөө талд Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг эрчим хүчний асар өндөр хэрэглээтэй орнууд байгаа нь энэ салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх бүрэн боломжтойг харуулж байна. Хятадын судлаачид эрчим хүчийг дамжуулах, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх технологийн талаар өөрсдийн туршлагыг хуваалцахад бэлэн байна. Үүнийг би амжилттай болоосой гэж маш их хүсэж байна" гэлээ.

Уламжлалт оролцогч орон Умард Солонгос улсаас эрдэмтэн төлөөлөгч ирээгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Энхцэцэг "Бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал төвөгтэй байна. Тэр утгаараа оролцогч орнууд маань байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцон хэрхэн хамтдаа даван туулах талаар ярихын зэрэгцээ эрчим хүч, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахаар болсон нь их ач холбогдолтой боллоо гэж үзэж байна. Энэ удаа бүс нутагт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор уламжлалт оролцогч орон болох Умард Солонгос улсаас эрдэмтэн төлөөлөгч оролцоогүй. Гэсэн хэдий ч бүс нутгийн бусад оролцогч төлөөлөгчид маань үүссэн нөхцөл байдлыг олон талаас хэлэлцэж, санал солилцсон" гэв.