Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хуавэй компанийн ерөнхийлөгч Apple-ийг өөрийнхөө багш гэж өргөмжилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн хоригт орж, Америк-Хятадын худалдааны дайны хамгийн том хохирогч болоод байгаа Хуавэй компанийн үүсгэн байгуулагч Рэн Зэнфэй өчигдөр буюу Ням гарагт Блүүмбэрг сувагт ярилцлага өгчээ.

Тэрээр Вашингтоны засаг захиргааны хоригийн хариуд өөрийн өрсөлдөгч АНУ-ын Apple компанийг шийтгэхийн эсрэг байгаагаа энэ үеэр ярьсан байна. Apple нь ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зах зээлд Хуавэй компанийн хүчтэй өрсөлдөгч юм. Сүүлийн үед Хуавэйн эсрэг хэрэгжүүлж байгаа хоригийн хариу болгож Apple компанид Бээжингээс дарамт үзүүлж магадгүй гэсэн яриа гараад байгаа.

Рэн Зэнфэй “Apple бол миний багш бөгөөд манай урд тэргүүлж яваа компани. Шавь нь багшийнхаа эсрэг тэмцэнэ гэж үү? Би хэзээ ч ийм зүйл хийхгүй” гэж ярьжээ.

Тэрээр хоёр орны дунд өрнөж буй худалдааны дайнд Бээжингийн эрх баригчид Apple компанийг татан оруулна гэдэгт эргэлзэж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна.

“Нэгдүгээрт, ийм зүйл болохгүй. Хоёрдугаарт ийм алхам хийвэл хамгийн түрүүнд би эсэргүүцнэ. Apple бол дэлхийн тэргүүлэгч компани. Хэрвээ Apple байгаагүй бол мобайл интернэт гэж байхгүй байх байлаа” гэж Рэн Зэнфэй хэлжээ.

Үүнээс гадна Хуавэй компанийг АНУ-ын компаниудаас технологи хулгайлдаг гэх яриаг тэр няцаасан юм. Хуавэй нь 5G технологийн дэд бүтцийн тоног төхөөрөмжийг АНУ-ын зах зээлд огт нийлүүлдэггүй, цаашдаа ч нийлүүлэх бодолгүйгээ эцэст нь Рэн Зэнфэй хэлжээ.

“АНУ хэзээ ч манайхаас бүтээгдэхүүн авч байгаагүй. Ирээдүйд АНУ манай бүтээгдэхүүнийг авахаар сонирхвол би татгалзана. Наймаа хийх хэрэг байхгүй. Би Трамптай харилцахгүй бол тэр хэнтэй наймаалцах юм бэ? Хэрвээ тэр над руу залгавал би хариу өгөхгүй” гэж Хуавэй компанийн үүсгэн байгуулагч ярьжээ.

Европ, Азийн зах зээлд харилцаа холбооны тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээр тэргүүлж байгаа Хуавэй компанитай хамтран ажиллахгүй байхыг АНУ-ын засгийн газар холбоотнууддаа уриалж, шахаж байгаа юм. Энэ тухай ярихдаа Рэн Зэнфэй "АНУ өөрийнхөө компаниудыг л захирах ёстой. Тэд дэлхийн цагдаа биш. Бүх дэлхийг захирч чадахгүй" гэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: Bloomberg